|
|
|
|
|
|
|
|
 |
БАЯРАА, ДҮҮ МИНЬ ХУРДАН ЭДГЭЭРЭЙ!
Бэй Аэриа
орчмын дагуул олон хот сууринд Монголчууд маань
айл гэр, анд нөхдөөрөө бие биеэ бараадаж хаяа
түшин ажиллаж амьдарч байна.
Моунт Диабло хэмээх сүрлэг хөх уулын хормойд
орших Конкорд хотыг манайхан андахгүй. Тэнд
суугаа зуу орчим Монголчууд ихэнх нь дунд насны
залуучууд бөгөөд дотроо тун зохион байгуулалттай,
эв нэгдэлтэй, нийгмийн идэвхтэй хэсэг билээ.
БАМХ-ноос нийт Монголчуудынхаа дунд зохион
байгуулдаг бүх л арга хэмжээнд хамгийн түрүүн
дэмжин оролцож явдаг залуусын нэг нь Конкордын
БАЯРАА маань. Тэрээр хэдхэн хоногийн өмнө ажлаа
хийж яваад зэвсэгт дээрэмчний халдлагад өртөж
амь нас нь аюулын ирмэг дээр эмнэлэгт ирээд хүнд
мэс засалд удаа дараа ороод байна. Хоёрдахь мэс
заслын дараа биеийн байдал дээрдсэн боловч эмч
нар түүнд дахин мэс засал хийх шаардлагатай
хэвээр байгаа юм. Баяраагийн аав ээж хоёр
Монголоос яаран ирээд хүүгийнхээ биеийг
асарч сувилан эргэж тойрч хөл хүндтэй эхнэрт нь
тус дэм болж байна. |
|
|
Баяраагийн гэр бүлд
тохиолдсон энэ хүнд үед сэтгэл санааны болон
мөнгөн тусламж үзүүлж байгаа Конкордын төдийгүй
Бэй Аэриа, Америкийн өөр бусад хотуудад суугаа
нийт Монголчууддаа гүнээ талархан баярлаж буйгаа
Баяраагийн гэр бүл, үр хүүхэд, аав ээж, ах дүү
нар нь манай сониноор дамжуулан илэрхийлж байна.
Мөн Баяраагийн аав ээжийг Монголоос яаралтай
ирүүлэх бичиг баримтыг шуурхай бүрдүүлж өгсөн
БАМХ, Вашингтон хотноо суугаа Монгол Улсын
ЭСЯ-ны консулын ажилтнууд, Монгол Улсад суугаа
АНУ-ын ЭСЯ консулын газарт талархалаа
илэрхийлэхийг хүссэн юм.
Энэ хэргийн тухай мэдээлэл орон нутгийн Контра
Коста сонинд гармагц сайхан сэтгэлтэй Америкчууд
хүртэл сэтгэл тавин асууж сураглаж эхэллээ.
Одоогийн байдлаар Баяраагийн ажилладаг Домино
пиццаны сүлжээг хариуцсан төв компани Баяраагийн
гэр бүлд $2000 тэтгэлэг, пиццаны газрын эзэн Dan
Brumleve хувиасаа $1500 олгох тухайгаа амалсан
гэнэ.
Ар гэрт нь байрны түрээсээс эхлээд Америкт юу ч
болж байсан урсаж л байдаг зардал мөнгөний
хэрэгцээ их байгаа тул хүмүүсийн өгсөн хандив
тусламжийг төвлөрүүлэн нэгтгэх үүднээс
Washington Mutiual банкинд Баяраагийн нэр дээр данс
нээсэн юм. Баяраагийн гэр бүлтэй ярих утас:
(925) 787 2634, Aриунаа
Washington Mutual Bank, Bayaraa Sovdoo,
account #
395-413-8018.
Хааяа зохиогддог спортын уралдаан тэмцээн дээр
хэзээний л эрт хүрээд ирчихсэн идэвхтэй оролцож
явдаг энэ залуутай танилцсанаасаа хойш ах
дүүгийн сайхан харилцаатай явж буй билээ. Хэдхэн
сарын өмнө хүүхэлдэйн гавъяат Чимэддорж гуайн
найруулан тавьсан жүжигт хүүгээ тоглуулахаар цаг
зав гарган олон ч удаа ирж очиж байсны дээр яг
жүжгийн үеэр тайзны ард туслах хүн хэрэгтэй
болход Баяраа маань л ороод сууж байсан даа.
Эхнэр Ариунаа нь орсон гарсанд унд цайтай сайхан
зантай бүсгүй бий. Энэ хүнд өдрүүдэд
Баяраагийнхаа дэргэдээс холдолгүй сахин сувилж
байна.
Залуу халуун насны эрч хүч, алтан гартай эмч
нарын зүтгэл буянаар хурдан эдгэрч илааршин гар
бөмбөгийн талбайд хамтдаа гарах өдөр ирнэ гэдэгт
эргэлзэхгүй байна. Түргэн эдгээрэй дүү минь!
Д.Цэрэндорж, (415) 509 0494
2 сарын 23, Сан Франциско
|
|
|
 |
БАРУУН ЭРЭГТ БУУН ДУУ ГАРСААР
Телевиз,
сонин хэвлэлээр буу шийдэмтэй дээрмийн хэрэг
гарсан тухай мэдээ өдөр бүр шахуу гарч байдаг
улс гүрэнд та бид ажиллаж амьдарч яваа билээ.
Өнгөрөгч даваа гаригийн удэш баруун эргийн
Конкорд хотноо ажлаа хийж явсан Монгол залуу
зэвсэгт халдлагад өртөн биеийн байдал нь тун
хүнд сэхээний тасагт эмчлүүлж байна. Маргааш
өглөө түүнд дахин яаралтай мэс засал хийх юм.
|
|
|
Энэ мэдээлэл
интернэтээр дамжин нийтэд хэдийн тарсан учраас
хэргийн талаар ойрхоноос сонссон харсан бодит
байдлыг товчлон хүргэе.
Уг халдлага Бэй Аэриагийн хамгийн тайван
хотуудын нэгэн нам гүм дүүрэгт болжээ. Оройн 5
цагт пицца зөөх ажлаа эхэлсэн хохирогч залуу 8
цагийн орчимд гар утсаараа -Намайг сая
буудчихлаа... хэмээн эхнэртээ хэл дуулгаж амжжээ.
Энэ мэдээг хамгийн түрүүн сонссон хамт ажилладаг
найз нөхөд нь хүргэхээр авч явсан захиалгын дагуух хаягаар
яаран очиход сэргийлэх мөрдөгч нар хэргийн газрыг
хамгаалалтанд авч гэмт хэрэгтнийг мөшгөн хайх
ажиллагаа эхэлсэн байж. Энэ хооронд ойролцоогоор
30 орчим минут өнгөрсөн байна. Хохирогчийг
нисдэг тэргээр эмнэлэгт шуурхай хүргэн эмч нар
яаралтай мэс засалд оруулжээ. Тэрээр хэвлийн тус
газраа 22 мм-ийн гар буугаар ойрын зайнаас
буудуулж дотуур цус их алдан биеийн байдал нь
тун хүнд ирсэн байлаа. Валнут Грийк хотын
John Muir эмнэлэгийн
тушлагатай эмч нар шаардагдах эмчилгээг цаг
алдалгүй хийж өвчтний биеийн байдлын талаар
тодорхой мэдээлэл шуурхай өгч байсны дээр
ажил үүргээ гүйцэтгэж яваад дэрмийн халдлагад
өртөгсдөд зориулсан эрүүл мэндийн тусгай даатгалд
хамрагдах тул эмчилгээний санхуугийн тал дээр
санаа зоволтгүй талаар мэдэгдэж байлаа. Мөн пиццаны газрын эзэн
нь эмнэлэг
дээр ирж хохирогчийн ар гэрийг холбогдох
тэтгэлэгт хамруулахаа амлаж байсан юм. Цагдаагийн газраас гэмт
этгээдийг барьсан эсэх тухай одоогоор тодорхой
мэдээлэл өгөх боломжгүй гэж мэдэгдсэн хэдий ч сэжигтнээр хэд хэдэн
этгээдийг саатуулсан
тухай мэдээ байна.
Хохирогч ухаан алдахаасаа өмнө хэрэгтний талаар
мэдээлэл өгч амжсан бололтой. Мөн тухайн үед
үдшийн бүрий тасраагүй, хүний хөл хөдөлгөөн
татраагүй цаг байсан тул гэмт этгээдийг харсан
гэрчүүд бас бий ажээ.
Хэрэг гарсан оройноос эхлээд Конкорд хотноо амьдардаг
Монголчууд, Бэй Аэриагийн Монголчуудын Холбооны
удирдах зөвлөлийн гишүүд, Оакланд хотын Монгол
Христийн сүмийнхэн, мөн саяхан байгуулагдсан
Америк дахь Монгол эмэгтэйчүүдийн байгууллагын
төлөөлөгч зэрэг олон хүмүүс хохирогч залуугийн
ар гэр, ах дүү нарт нь сэтгэл санааны болон
бусад дэмжлэг туслалцаа үзүүлж эхлээд байна. Мөн
Вашингтон хот дахь Монголын ЭСЯ-ны косулын
хэлтэсээс холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн
хохирогч залуугийн аав ээжийг яаралтай ирүүлэх талаар
шуурхай арга хэмжээ авлаа. Мөн БАМХ-ны
тэргүүлэгч Ш.Баатар орон нутгийн сонинд Бэй
Аэриад суугаа Монголчуудынхаа ажил амьдрал
нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярилцлага
өглөө. Ярилцлагыг энд
дарж эсвэл дараах линкээр орж уншаарай.
http://www.mercurynews.com/crime/ci_8259576
Өнгөрсөн 11 сард
Аламедо хотноо 15 настай Монгол охины амийг
хөнөөсөн жигшүүрт хэрэг гарч олныг түгшүүлж
байсан. Саяхан буюу 1 сарын 21-ний өдөр Оакланд
хотын хамгийн их хэрэг зөрчил гардаг зүүн
дүүрэгт пицца зөөж явсан Монгол залууг толгойн
тус газар нь 2 удаа буудсан хэрэг гарсан,
тэрбээр азаар амжин зугтаж машиндаа суусан тул сум толгойг нь шүргэсэн байлаа.
Ер нь тэгээд Монголчууд маань буу тулгуулж
булаалгаж дээрэмдүүлсэн тохиолдол олон бий.
Өнгөрсөн Ням гаригт Оакланд дүүрэгт эрүүгийн
нөхцөл байдал хүндэрч ганц өдрийн дотор 7 хүн
амь насаа алдсан тухай хэвлэлээр шуугиж байна. Тус
дүүрэгт манайхан олноор оршин суудаг тул өдөр
орой гэлтгүй анхаарал болгоомжтой явах хэрэгтэй
боллоо.
Баруун эргийн
Сан Франциско, Оакланд, Лос Анжелес, Сеатл,
Сакраменто, Конкорд, Аламеда зэрэг хотуудад
арав гаруй мянган Монголчууд аж төрөн сууж
байна. Цөөнгүй жилийг ардаа үдсэн энэхүү
төвлөрөлийг дагаад хүний амьдралын сайн муу,
баяр жаргал, хэрэг зөрчил, өвчин зовлон, хагацал
гуниг тохиолдоно. Энэ болгонд Монголоо гэсэн
зүрх сэтгэлтэй хүмүүсийн дэмжлэг, сайн дурын
үндсэн дээр байгуулагдсан эвсэл холбоод оролцон
зохицуулалт хийж байгаа хэдий ч иргэдийнхээ эрх ашгийг хамааран
хамгаалах байнгын үйл ажиллагаатай консулын газар
үгүйлэгдсээр. Өргөмжит
хэмээх хүндэт цолтой өөр улсын харъяат олон
эрхмуудийн зүүсэн сэтэр нь хэвээр ч зүс царайгаа
үзүүлдэг нь ховорхон. Болдог бол зарим нэгийг нь өөр тийш нь
(өргөмжлөөд)
иргэдийнхээ эрх үүргийг хариуцан төлөөлдөг нэг
газартай болох хэрэгцээ шаардлага амьдралаас урган гарч
байна.
Д.Цэрэндорж, (415) 509 0494
2 сарын 14, Сан Франциско
|
|