Номын тойм

   Шуурхай мэдээ
   Сурвалжлага
   Түүхийн жимээр
   Манай зочин
   Тэд бидний тухай
   Зургийн цомог
   Элчийн мэдээ
   Америк дахь
     Монголчууд
  Зар мэдээ
   
 Сан Франциско
    Бэй Аэриа
    Сакраменто
    Лос Анжелос
    Вашингтон Ди Си
    Чикаго
   
Денвэр
    Бусад
   
    
   
    Үйлчилгээ:

   
Утасны карт
    Онгоцны билет
    Паспорт сунгуулах
    Контейнер ачуулах
    Эмчийн зөвлөгөө
    Бэлэг хүргүүлэх

 
   
     A
мерик дахь
     Монгол сайт
:
    

    
Монгол Мэдээ
     Даяар Монгол
     Ньюс Цахим
     Хамаг Монгол     
     Орлоо
     Асуулт

     Миний Монгол
     Aмерикан Монголс
     Чикаго Монголс
     Колорадо Монголс
     Монгол Таун
     Айр Бриже
     Найзууд
    
Call2Mongolia
    
    
Монголын тухай
     сайт
:
    
    
Моngolian Artist
     Mongolia Today
     Moninfo

    
Монгол туургатаны
     сайт
:
    
    
Бурятия
     Бумбын Орон
     Inner Mongolia
     TuvaOnline

     Тэмээ.ком
 
    
     Монголын
     мэдээлэлийн
     сайт
:
    
    
Өдрийн сонин
     Өнөөдөр сонин
     Сонин.мн
     Ориго.мн
     Оллоо.мн
     Мэдээлэл
     Бийр Бэх
     Monstudnet
     ТВ 5
     Он Айр.мн
     Шинжлэх Ухаан
     Политикс.мн
     Форум.мн
     БаБу.мн
     Лавлав.мн
     Банжиг.нет
     Интер Ном
     Бэлэг.мн 
     Розе.мн

 
    
     Түнш сайт
:
    
    
Ганболд
    
Ньюс Цахим
     Цахим Өртөө
     ОпенMН
     Монгол Мэдээ
     Даяар Монгол
     Орлоо
     Монгол Фото
     Айр Бриж
     Цахим Нэт
     Гарц
     Гэгээ

     Ologps.com
 
    
     Монголын ЭСЯ

    
АНУ-д
     Канадад
     Их Британид
     Японд
     Өмнөх Солонгост

 
     АНУ дахь Монгол
     Улсын өргөмжит
     консул нар

 
    
     Асуулт, Хариулт
 

     Сурталчилгаа
 




 
   

Б.Түмэн Өлзий

ХҮНИЙ НУТАГТ

/Японд хэдэн жил бэдэрсэн эрийн тэмдэглэл/

Б.Түмэн-Өлзий Баарын баруун хошууны Гургуултай сумын Бумтын хотгор хэмээх газарт 1960 онд тайж язгуурт малчин Буянмэндийн долоо дахь хүүхэд болон мэндэлжээ.
Байшин дахь I дунд сургууль төгсч, 1980 оноос “Өвөрмонголын сурган хүмүүжил” сэтгүүлд найруулагч, сурвалжлагчийн алба хашжээ. 1984-1985 онд Япон улсын Сэндай хотын Зүүн хойдын гадаад хэлний тусгай мэргэжлийн сургуульд суралцав. Өгүүллэг, найруулал, баримтат тууж, фельетон олныг бичсэний зарим нь тусгай шүүмжээр үнэлэгдэж, зарим нь хамтын бүтээлд оржээ. 2000 онд “Царай”, 2002 онд “Голын дуун”, 2005 онд “Хэнз бодол, хэнз үг” зэрэг түүвэр хэвлүүлжээ.

 
 

                                       Өмнөх үг

   
  Бидний монголчуудын тухай гадаадынханы бичсэн ном зөндөө бий. Харин монгол хүн төрлөх хэлээрээ харь улс үндэстний тухай бичсэн бүхэл бүтэн ном, товхимол ойрын хэдэн жил Өвөрмонголд лав харагдсангүй тул бичиж үзье хэмээн санаа шулуудсан билээ. Уншигч эрхэм абугай Та уужуу сэтгэлээр тэвчин соёрхогтун.

     Гадаад орны сайн сайхныг хийгээд ололт амжилтыг танилцуулах нь зөв. Бусдын оносон алдсаныг бид мэдэж байж бусдаас дутахгүй хөгжиж, хүн ард маань баян чинээлэг амьдарч, олны дунд цээж тэнэгэр толгой гэдгэр явахад тустайн учир тэр болой. Гэвч мэдээлэл хөгжсөн өнөө үед олон зүйл сонин содон шинжээ алдаад байгаа нь бас үнэн. Энэ мэтээр бодол сэтгэлийн мананд хэсэг бэдэрсэний эцэст хөгжин цэцэглэсэн гадаад оронд хөл тавьсан нэгэн монгол хэрхэн “хөглөсөн”-ийг элдэв хачиргүй хуучилбал хүн ардад маань илүү наалдацтай болов уу хэмээн зориглосон хэрэг болой.

     Хүний нутагт бусдын царай харж, гундуухан явахдаа ч “би чинь ардаа тосоод авах эх оронтой, түшиж тулах хүн ардтай хүн шүү дээ. Тэсэх л хэрэгтэй” хэмээх бодол дотроос минь огшихын зэрэгцээ “эх орондоо эзэн шиг эзэн байж, хэнээр ч талхиулахгүй, нүдний цөцгий шигээ хайрлаж, өөд нь татах юмсан гэдэг ухамсар буй болно. Харь газар очиж зовлон үзэхдээ л өвөг дээдэс маань, монголын түүхэн дэх баатар бодлоготод маань энэ хэсэг газар шороог бүрэн бүтнээр нь үлдээх гэж улаан цусаа урсган цагаан ясаа хаяж байсны цаад учрыг олох шиг болно. Хүн их ёсыг их явдлаас ухах биш, олон олон бага явдлаас сэхээрч болдог ажээ.

     “Япон эзэрхэг түрэмгийтэн”, “Япон чөтгөр” гэдэг хараал заналаар чихээ цоолуулж өссөн би тэр нутагт хүрч, тэдний хэлээр ярьж, тэдэнтэй хамт амьдран ажиллаж, тэдний ахуй соёлд дасахад нэг л хачин, хэцүү, ижилсэж чадахгүй байсан юм. Би Японы сургуульд тууштай суугаагүй боловч нутгийнхаа сургуульд олж мэдээгүй олон юмыг Японы нийгэмээс сурснаа санахад энэ нутаг оронд хөл тавих боломж нээсэн Канно Тошиюки гуайд талархавч үл барна.

     Японд 3 жил хагас амьдрахдаа туулж өнгөрүүлсэн амьдралаа ном болгож бичнэ гэж огт санаагүй явсан. Нуултгүй хэлэхэд би тэр үед “бичгийн хүн” биш байжээ.

     Эр бяр, ухаан бодол тэнцсэн 30 гаруй настны 3 жил гэдэг чухам л ухаарал эрэгцүүлэл, амьдралын утга учрыг таньж мэддэг сайхан нас билээ. Тэр сайхан мөчүүдээ би хаврын цасан дээр гүйж өнгөрсөн хэн нэгний эргэхийн зуур үгүй болдог мөр мэт ор сураггүй балрах аваас даанч хайран хэмээн санахын учир бийр янтайгаа шүүрэн авсан нь энэ болой.

     Энэхүү товхимол Япон орны тухай танилцуулга биш болохоор түүх, газарзүйн номоос хэсэг бүлгээр буулган хавчуулсангүй. Харин өөрийн олж үзсэн Японы байгаль ямар байсан, таарч танилцаж, нөхөрлөсөн япон хүн ямар байсныг би элдэв хачир, өнгө будаггүй бичихийг хичээлээ.

     Өгүүлэхээр завдан буй зүйл маань хувь нэгэн бодгаль надтай учирсан явдал тул төдий үнэ цэнэгүй тул бичихээ болъё гэсэн адын бодол байн байн орж үзгээ хуйлж байсан боловч дотор хүн маань шавдуулсаар, үзэгээ дахин шүүрэн бичсээр дуусгасан энэ ном таны таалалд нийцэх эсэхэд эргэлзэж байгаагаа нуух юун. Энэ номоо би насан туршдаа монгол хүүхдийн гадаад хэлний сургалтанд зүтгэсэн, олон монгол хүүхдийг Япон улсад очин нүд нээж, цаашид дэлхийд явах замын эхлэлийг тавьсан Хас багшийнхаа гэгээн дурсгалд зориулж байгаагаа тэмдэглэе. Багш маань харагчин хонин жилийн өвөл, 77 насны сүүдэр зооглоод бурхны оронд морилжээ.

     Би бас энэ номоороо намайг 3 жил илүү “гэрээ мартсан Гэсэр” болж явахад ар гэрээ хумьж, ангир охиноо бөөцийлж, айл гэрийн гал голомтоо манах амаргүй үүргээ хэний ч өмнө нүүр улайхааргүй гүйцэлдүүлж, ачааны хүндийг үүрсэн насны хань Буяндалайн Гэрэлдээ талархал дэвшүүлж байна.

Ажил хийж хүн болдог
Ар давж хүлэг болдог
Амьдрал алагтай цоогтой
Ажил алдаатай оноотой
Дуулснаа чихэнд
Үзсэнээ нүдэнд


Монгол ардын зүйр цэцэн үгээс

     

           1.
Япон орон лугаа зорихоор шийдсэн минь.

     Япон руу мордохоос яг жилийн өмнө буюу 1993 оны хавар би гэдэг хүн Өвөрмонголын багшийн их сургуулийн хойд үүд хавьд “Цагаан өрөө” нэртэй, 20-иод ширээтэй хоолны газар ажиллуулж, мөнгө олох, юмжих бэлжихийн адын хүсэлд цаламдуулчихсан, яаруу тэвдүү боловч хэрдээ сэтгэл өег нэгэн байлаа. Үүнээс өмнө буюу тодруулбал 1989-1990 онд өгүүллэг найруулал бичиж, Өвөрмонголын бараг сэтгүүл болгоноос нэрээ хардаг додигор нэгэн байсан боловч Монгол улсад 1991 онд нэгэнтээ очиж ирсэнээс нэг үе Эрээн, Хөх хотын хооронд үүргийн наймаа хийж билээ. Монголын эд барааг үүргээр Өвөрмонголын баруун зах Эхэн худаг /Алшаа баруун хошууны төв/ хүртэл зөөж нэгэн хэсэг үзлээ. Энэ үед, цагтаа төрийг тэргүүлж байсан Дэн Сяо Пин гуайн “Өмнөд оронд хийсэн илтгэл” хэмээх өгүүлэл нийтлэгдэж, зах зээлийн сургийг бусдаас урьд авсан цөөхөн хүмүүсийн сэтгэлийг нэг мөсөн дэрвүүлж хаясан юм. Энэ бүхнийг одоо эрэгцүүлэн санахад “нэг л шөнө саятан болох нялхсаг хөөрүү санаанд” хөтлөгдөн аж ахуй, арилжаа наймааны зүг ханцуй шамласан мянга түмэн сэхээтэн бичигтний нэгний хөгтэй түүх байж дээ.

     Тэр үед миний бодол дахь Япон орон гэвэл дэлхийн газрын зураг дээрх бүсний өөдөс шиг тасархайтсан хэдэн нарийн зураас төдий байсныг юуг нь нуух вэ. Их сургууль төгсчихөөд гадаад гүрний тухай мэдлэг мөчид, гадаад гүрэнд хүрч суралцаж болдог гэдгийг мэдэхгүй буюу тийм ухаан санаа ороогүй байна гэдэг миний эзэмшсэн мэдлэг боловсрол дорой байснаар юуны өмнө тайлбарлагдах нь зүй. Бас улс төрийн бодлого, үзэл сурталд нийцүүлэн давс хужрыг нь тааруулсан сурах бичгээс манай үеийнхэн гадаад ертөнцийн тухай “мэдэхгүй” байсантай холбоотой. Дунд сургуульд нэг өрөөнд, наана цаана унтаж байсан багын анд Өлзийбат Японд сурахаар явах болж, “Цагаан өрөө”-нд маань нэг удаа найрлаж билээ. Шинэхэн костюм өмсч, хүмүүсийн хараа булаасан найзаа хараад утаа тос үнэртсэн өөрийгөө голж гутрахад хүрэв. Үүнээс хэдэн жилийн өмнө, Өвөрмонголын их сургуулийн эрдэмтэн багш Баярмэнд гуайн нэрээр Монголчуудад зориулсан Япон хэлний сургууль Токиод байгууллаа гэдгийг дуулсан боловч надад холбоогүй мэт санагдсан тул сонсоод л өнгөрөөж билээ. Хүн хэдий мэргэн ч хэлэхээс нааш ухаардаггүй, цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоорохгүй гэсэн ардын мэргэн үг байдаг. Зарим юмыг хэлээд ч мэдэхгүй, нүдээр харж гараар барьвал сая ухаж итгэх явдал түгээмэл байдгийн нэгэн жишээ энэ байж. Өлзийбатыг явсны дараа олон хоног бодолд автаж, Япон хэл сурахаар санаа шулуудлаа. Үүний тулд эхлээд гуанзаа худалдах хэрэгтэй байв. “Ажил явдлаа тууштай хийсэнгүй” гэж эхнэр маань намайг зэмлэж байсан нь гуанзаа худалдах санаагүй байсных бизээ. “Цагаан өрөө”-нөөс эхнэр бид хоёр овойж оцойсон орлого олохгүй ч гэлээ тухайн үедээ нэг өрхийг хангалттай тэжээж байсан болохоор аргагүй биз.

     “Цагаан өрөө”-нд орж гарах зочид цөөхөн. Ер нь хаврын цагт гуанзны наймаа муу байдаг болохоор худалдан авах сонирхолтой хүнд уг байдлыг мэдрүүлж болохгүй гэж бодоод гуанзаа цоожлож “гуанзны эзэн гадаадад суралцахаар явах болсон тул худалдана” гэсэн зар бичээд хаалгандаа наав. Худалдан авах гэж Хятад, Монгол хэдэн хүн ирсний дотор Баяннуурын хоёр хятад намайг “жинхэнэ бүдүүн бараг монгол” гэж итгэв бололтой. Хэлсэн бүхэнд минь үнэмшиж байв. Юутай ч би гуанзаа 2000 юаны хожоотой арилжсан юм. Бас болоогүй өнөө хоёр маань “наймаа бүтсэний баяр” хэмээн намайг хажуугийн гуанзанд оруулан дайлж билээ. Хонжигдсон этгээд хар хоргүй хоосон баярлан хөөрч хөлчүүрч байхад хонжсон тал юу болсныг тов тод мэдэж байвч чимээгүй байхыг хичээдэг нь наймааны үүрдийн хууль юм хойно би гэдэг хүн дагахыг хичээлгүй яахав.

     Гуанзаа бүхэлд нь худалдсан болохоор заазуур, шанага, бандан зэрэг хэрэгслээ гэрээ ёсоор бүгд худалдан авагчийнх болох ёстой байсан атал тэр шөнө би өнөө хоёрыг явуулчихаад гуанзнаасаа аль өнгөтэй өөдтэйг зүтгүүр тэрэг хөлслөн гэртээ зөөж авчирч билээ. Энэ “гэмийг” би Эрээнд “наймаа” хийж явахдаа сурсан гэж л хэлнэ. Хэдэн жил хэсэг бусаг үүргийн наймаа хийгээд олсон гэх зүйлгүй боловч наймааны ухаан, тодруулж ярьвал Эрээн, Замын-Үүдийн ёс жудаггүй наймааны ухаанд хэрдээ тайлагдсаныг илтгэх алхам байж гэж би одоо боддог. Наймаа арилжааг уг нь тулга тойрсон атгаг муу санаагаар биш харин ч эсрэгээр харилцан итгэлцлээр хийдэг гэдгийг би сүүлд, Японд очоод ойлгох шиг болсон. Тэр тухай дараа өгүүлэх учраас одоо ингэсгээд зогсъё.

     Би хэдэн сарын дараа, нэг шөнө “Цагаан өрөө”-гөө замын цаад талаас сэм ажиглаж билээ. Өнөө хоёр хятад баахан мөнгө зарж засаад, “Язгууртны хоолны гэр” хэмээх сүржин, ихэмсэг хаяг хадсан байх авч “Цагаан өрөө”-ний хэртэй зочин үгүй байхыг хараад инээдээ барьж ядаж билээ. “Цагаан өрөө” хоолны газар эрхлээд бүтэмж муутай төгссөн боловч хожим Японд очоод аливаад тууштай байх, шургуу хөдөлмөрлөхийн суурь дэвсгэр байж хэмээн би одоо боддог юм. Хэрэв миний амьдралд “Цагаан өрөө” байгаагүй бол Японы хоолны газар ажиллаж, тэдний наймаа арилжаа яаж овсгоотой хийж, эзэн суухын ид хавыг харуулж байгааг олж харж бахархаж чадахгүй л байсан болов уу. Япон гуанзны орлого сайн байхыг хараад “хүнд зарагдан мөнгө олох гэж үйлээ үзэхийн оронд хүн зарж мөнгө олох” гэж зарим монголчууд нутагтаа цагаасаа эрт нутаг буцаж, гуанз нээж, баяжих хэмээн зүтгэсэн. Гэвч санасандаа хүрч чадалгүй бүдрэхийн учрыг би тод ойлгож байв. Энэ ухаарлыг миний дээр өгүүлж асан “Цагаан өрөө” минь олгосон хэрэг. Тэр залуучууд ч гэсэн ташаа бодолд автан японд үйлээ үзэн цуглуулсан мөнгөө эхний хөрөнгө оруулалтад үрж дуусгаж байгаа тухай нутагтаа эргэж ирэхээс өмнө, японд байхад дуулдсан. Нутагтаа байхад над шиг элдэв эсийг оролдож үзээгүй хүн мөнгө олох, ажил бүтээх, амьдрал ахуйгаа хүнээс доргүй хөтлөхийн хувьд Өвөрмонгол, Япон хоёр хоорондоо алд дэлэм зөрөөтэй гэдгийг үл ухааран омтгойдох явдал гаргах нь олон байсан хэрэг. Жижигхэн “Цагаан өрөө” маань намайг “үндэсний аж ахуйтан”-ы эгнээнд хүргээгүй боловч надад олон зүйлийг заасан нэгэн янзын амьдралын их сургууль байж гэж санадаг юм.

     Би “Цагаан өрөө”-г худалдан олсон 2000 юанаа банкинд хадгалуулсаны маргааш орой нь Хөх хотын Шинэ хот дүүргийн зүүн гудамжин дахь бага сургууль дээр нээгдсэн Япон хэлний оройн ангид бүртгүүлж, Өвөрмонголын их сургуулийн гадаад хэлний салбарын Япон хэлний тасгийн профессороор ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан Хас багшаар заалган сурч эхэлсэн юм. Гуч гарсан хойноо амьдралдаа шинэ гарц зам олж харсандаа хийрхэж, яасан ч алдаж болохгүй хэмээх зарлигийг өөртөө буулгаж билээ. Өглөө бүр 5 цагт босч “Мандухай” цэцэрлэгийн модон дотор хичээлээ цээжлээд, өдрийн ажилдаа сааталгүй шогшиж байв. Хориод хүнтэй ангийнхан дотроо гайгүй нэгэнд тооцогдож, Хас багшаас “түргэн ойлгодог, ой сайтай” гэх мэтийн магтаал ч сонсч байлаа. Нохой хамартаа тулахаар усч гэдэг болсон хэрэг. Эхний шатны ангиа төгсгөөд дунд ангид дэвших болтол сурагчдын тоо хэт цөөрснөөр Хас багш анги даахаа больсон тул “баримжаа Япон хэл” гэдэг номын сүүлийн 2 дэвтэр /нийт 4 дэвтэр/-ийг бие дааж сурахаас өөр арга олдсонгүй. Тэр үед өнөөдрийнх шиг Япон хэлний сургалтын зар энд тэндгүй наагддаг байгаагүй. Бие дааж сурагчдын авианы дасгал муу тул Бээжин орж, онгоцны буудалд Япон хүний ярихийг сонстол эхлээд огт ойлгоогүй билээ. Тэгээд хамт явсан Тана хүүхнээс асууж байснаа эргэн санахад инээдтэй ч юм шиг. Үнэндээ бол жинхэнэ япон хүний яриа бидний бие биендээ ойлгуулах гэж хальт мөлт ярих хоёрын хооронд тийм л ялгаа байсан юм.

     Олон жил гадаад ертөнцтэй харилцаа холбоогоо таслаад саяхнаас үүдэндээ завсар гаргасан энэ улс орноос гадаад гүрэнд очино гэгч хялбар биш байсан билээ. Нийгмийн харилцаа холбоо, мөнгө төгрөг гэхчлэн олон асуудал тулгарна. Малчин ардын хүү, Хөх хотод садан төрөлгүй, аль нэг ноёд ихэстэй холбоо сүлбээгүй надад Японд очиж суралцах оргилуун хүсэл байвч санасны зоргоор бүтэхгүй гэдгийг би мэдэж байлаа. Хас багшаас гуйж үзэх ганц л бүдэг бадаг зам байв. Тэр үед Хас багш “Өвөрмонголын гадаад хэлний дээд сургууль”-аа хараахан байгуулаагүй, Японд ерөөсөө сурагч илгээж эхлээгүй байсан юм. Японд явах гэж танил талаа гуйж, хэдэн жил хүлээж, мөнгө төгрөгөө дэмий сүйтгэж, цаг насаа хоосон үрсэн явдал Хөх хотод хааяагүй дуулдаж байсан цаг. Энэ бүхэн Япон явах гэсэн хүсэл зоригт минь цохилт болж байлаа. Бас тэр үед одоогийнх шиг бусдын хадгаламжийн дэвтрийн хуулгыг 3-5 мянган юань төлж аваад түүнийгээ Япон руу илгээж амьжиргааны батлагаа болгон үзүүлж болдоггүй, заавал Япон хүнээр батлан даалгадаг журамтай байлаа. Ажил явдлаар Япон хүнтэй танилцаад, тэр хүнээсээ батлан даалт /жишээлбэл зуучлалын компанид ажиллагсад/ гаргуулчих боломж эсвэл Японд байдаг төрөл садан, анд нөхдийн аль нь ч надад байсангүй. Нэгэн сэтгүүлийн жирийн ажилтан надад тэр мэт боломж амархан олдохгүй гэдэг нь тодорхой байв.

     Ердөө л Хас багшаас гуйх цорын ганц зам л байв.

     -Сайн сурч бай! Арга олдох байлгүй гэж миний гуйлтанд Хас багшийн өгсөн хариултыг намайг тайвшруулах гэсэн багшийн үг гэж ойлгож болох талтай.

     Ийнхүү би эхнэрийнхээ хамт Хас багшийн гэрээр салахгүй орж гаран хэрэг учрыг асуун, аль чадах чинээгээрээ дотночилж, үнэндээ бол бялдуучилж эхлэж билээ. Насандаа би ингэж бусдыг царайчилж, долидогонож үзээгүй болохоор хэцүү, заримдаа өөрийгөө үзэн ядмаарч санагдах үе байсан. Харин миний аз гийж 11 сарын сүүлчийн нэг үдэш Хас багш дуудаад:

     -Хүүгийн минь найз нэг хүнд батлан даалт гаргахыг зөвшөөрчээ. Би нэг оюутны нэр мэдүүлж, материал нь илгээгээд байна. Чамайг хүсвэл гуйж үзэж болох юм. Буян чинь таарч, энэ япон хоёр хүнд батлан даалт гаргаж өгөхийг зөвшөөрч юуны магад гэв. Хас багш ер нь ийнхүү нааштай дуугарч өөриймсөг хандсан нь миний ойртож, дагаж далдаганасны үр дүн огт биш, харин хэл сурах гэж хэр чадлаараа зүтгэж байгаа ядарсан шавиа хараад уярсан өвгөн багшийн сэтгэлийн уярал нөлөөлсөн гэж би боддог.

     Бүтэхгүй бол яанаа гэдэг эргэлзээ төрөх цаг зай надад байгаагүй, шууд л “За тэгье” гэж би шийдэмгий хариулж билээ. Яг энэ үед Хас багш “Өвөр монголын гадаад хэлний дээд сургууль”-аа үүсгэн байгуулж эхэлсэн болохоор эхний суралцагсдаас нь хэдэн хүн надаас өмнө нэр мэдүүлсэн боловч зардал өндөр байна гээд ухарсан болохоор намайг оруулсан юм билээ. Ингэж морьтын хишиг явганд хэмээхүйн үлгэр болов.

     Батлан даагч маань Канно Тошиюки гэдэг, 52 настай, өмгөөлөгчийн ажилтай хүн байлаа. Канно гуай Мияаги мужийн төв Синдэй хотод ажилладаг болохоор би Зүүн хойдын гадаад хэлний тусгай мэргэжлийн сургуульд өргөдөл бичихээр боллоо. Япон хэлний сургуульд 30 хүртлэх насны хүн элсүүлэх дүрэм журамтай байсан болохоор бичиг баримтан дээрх насаа хамгийн түрүүнд өөрчлөх хэрэгтэй боллоо.

     Насаа өөрчлөхөд их сургууль төгссөн үнэмлэх, иргэний үнэмлэх хийгээд гэр бүлийн батлагаа зэрэг 3 гол бичиг баримт дагалдах учиртай байв. Мөнгө төгрөг зарах газарт нь зарж, найз нөхдийн найр журмаар болох зүйлийг бүтээсээр 1960 оны 10 дугаар сарын 1 /Үнэндээ миний төрсөн сар өдөр биш. Ээж минь намайг багад нас барж, миний төрсөн өдрийг мэдэх хүнгүй болсон болохоор дунд сургуульд ороход багш маань багцаалан бичиж хэвшүүлсэн юм. Энэ өдөр бол бас БНХАУ улс тунхагласан өдөр байдаг юм. Энэ тухай япончуудад хуучлахад итгэж ядан гайхацгааж байж билээ/-ийг 1966-10-1 болгов. Тэр өдрөөс хойш 4 жил шахам 6 нас “залуужиж” явлаа.

     Бичиг баримт, мөнгө төгрөгөө бүрдүүлж материалаа явуулахад 1994 оны шинэ жил гарахаас хэдхэн өдрийн зай үлдээд байв. Нэр мэдүүлсэн цаг оройтсон хийгээд нэг хүн гадаадын хоёр оюутанд батлан даалт гаргаж болох энэ тэр гээд миний явдал бүтэхгүй байж болох олон шалтаг байлаа. Бас Япон руу илгээсэн баримт бичиг болгон хуурмаг байсан, гадаадын оюутны хүсэлтийг таслах хугацаа ойртсон зэргийг бодон хэдэн мянган юань талаар сүйдэхвий... гэж ч санаа зоволгүй, явдаг газраа явж, хийдэг ажлаа хийж л байлаа. Гурвантаа нэр мэдүүлээд зөвшөөрөгдсөнгүй, 2 түмэн юаниар шатсан гэх хүмүүс хааяа тааралдаж “чи болоогүй дээ хө, хүлээхээ л мэдээрэй” гэж байв.

     Ихэр хэмээн хүлээсэн газар ишиг ч үгүй гэж манай ардын үгэнд байдаг. Үүний эсрэг сувайрна гэж санасан мал төллөх явдал амьдрал дээр олон тохиолддог гэдгийг хөдөөний, малчны хүү би сайн санаж байлгүй яахав. Тэгэж байтал дараа оны 2 сарын дундуур Японд суралцах хүсэл маань биелэгдэх болсон тухай Хас багш эхнэр бид хоёрыг дуудан хэлэв. Сэтгэлд баяр цалгисан ч 6 түм гаруй юан олох асуулт гарч ирэв.

     Үүнд жилийн сургалтын төлбөр 580000 иенийг сургуулийн дансанд оруулсан нөхцөлд Японд очиж сурахыг зөвшөөрсөн бичиг баримт илгээдэг журамтай юм байжээ. Тэгэхгүйгээр бүрдүүлэх ёстой бичиг баримтын алийг ч гүйцэлдүүлэх аргагүй юм.

     За ингээд л хар дугуйгаа зайдлан хандсан зүгтээ давхиулах болов. Зүг бүхэнд утасдаж, зүйтэй санагдсан болгоноос зээл горьдов. Орохгүй гэсэн гэрт орж, оочихгүй гэсэн аяга ч долоолоо. Хөх хотод хэдэн түм мянгаар мөнгө зээлдүүлэх монгол хэд л байх вэ. Зээлдүүлэх дургүйнх ч биш, монгол хүн ядуу, хожим орон сууц хувьчлахад албан хаагчдын олонхи нь ар гэрээсээ мөнгө гуйж байсан хийгээд намайг Японоос ирсний дараа мөнгө зээлэхээр хүмүүс цуварсан хоёр явдал энэ бүхнийг нотолно.

     -Сургалтын төлбөрөө батлан даагч Канно гуайгаар түр гаргуулж, Японд очихдоо авч очно гэж яриад үз гэж Хас багш зөвлөв. Нүүрээ ширлэж ярьж үзэхээс өөр сонголт надад байсангүй. Хөх хотын монгол сургуулийн Сонинцэцэг багшаар хэлмэрчлүүлэн ярьж билээ. Ёстой л бурхны авралд багтаж, Японд хүрснийхээ дараа өгье гэснийг маань Канно багш зөвшөөрөв.

     Хувцас хунар, бэлэг сэлт, эдлэл хэрэглэл, нислэгийн тийз, очингуут гарах зардалд дахиад түм гаруй юань хэрэгтэй тооцоо гарав. Энэ мөнгийг Содбаатар, Сайнбуян, Мөнхбаатар зэрэг найз нөхөд маань 1-3 мянгыг өгч бүрдүүлж билээ.

     Сар гаруйн дараа цуглуулсан мөнгөнийхөө ихэнхийг заран байж Японд очоод өмсөх хувцас, хэрэглэх эд зүйл гэж юу төхөөрсөн талаараа хэдэн үг бичмээр байна. Хэрэгцээтэй болгоныг бэлтгэж сүйд болдог нь ганц миний явдал биш байсныг эхлээд хэлэх хэрэгтэй. Ер нь л Япон руу явсан хүн бүрийн нийтлэг төрх байлаа. Японд юм болгоны үнэ тэнгэрт хадсан байдаг гэсэн гол мэдээлэлтэй хэрэгцээтэй юм хэр чадлаараа авч очих хэрэгтэй гэсэн л ганц бодол толгойд эргэлдэж байсан. Тэнд очсон оюутнуудын ар гэрийнхний ярих “аймшиг”-ийг сонсоход хэдэн жилийн хүнсээ ч аваад явмаар бодогдож байсан. Ингээд дотуур өмд, хантааз тус бүр 8, жийнсэн өмд 3, хантааз 2, шаахай 4, оймс 10, цамц 3, костюм 2, монгол тэрлэг, монгол гутал /дунд сургуулийн үеийн сайн найз Мэргэний маань Баян-Эрдэнэ сумын Элс манханд элтэл өмсөөд надад илгээсэн 8 угалзтай гутал Япон хүн хараад оёдлынх нь урныг гайхаж байсансан/ гээд тоочиж болно. Бас болоогүй ээ, 2 хэв /том/ хөх цай, 3 хэв хурууд, 5 уут хуурай сүү, 10 уут хуурай будаа гээд хүнсний зүйл ч байсан. Одоо бодоход Японд очоод огт хэрэглэхгүй юм ч өдий төдийг базаасан байлаа. Үс засуулахад хэдэн 100 юань, тэгээд оюутнууд үсээ харилцан засдаг гэнэ гэж сонсоод үсний машин авч байлаа. Мэргэжилгүй хүн үс засна гэдэг хүний толгойгоор тоглохтой адил болохоор ганц нэг үзээд машинаа далд хийж билээ. Японд өдөр бүр бороо цутгадаг. Шүхрээ мартвал хэцүү юм болно гэж нэг хүн хэлэхээр “үндэсний дэлгүүр”-ээс очиж авч байлаа. Гэтэл Японд дутах юм олон ч борооны шүхэр хаа сайгүй байдаг, бүр хогийн цэгт хамгийн их байдаг зүйл байж билээ. Манай дэлгүүрт харагддаггүй дээд зэргийнхээс гадна нэг удаа хэрэглээд хаях зориулалттай гялгар шүхэр ч байдаг. Цаг уурын мэдээгээр хэлээгүй бороо гэнэт орсон тохиолдолд түр хэрэглэх шүхэр хогийн цэг болгонд овоолоостой харагддаг. Хэдийгээр нэг удаа хэрэглэхээр зориулж үйлдвэрлэсэн боловч өндөр хөгжилтэй орны бүтээгдэхүүн болохоор гамтай эдлэвэл бүтэн жил ч хэрэглэж болно. Манай гэрт одоо хогон дээрээс авсан 2 ч шүхэр бий.

     Онгоцонд хүн бүр 20 килограмм ачаа үнэ төлбөргүй авч явдагийг мэдсэн боловч бэлтгэсэн юмныхаа алийг ч орхихын аргагүй ээ. Тарган гахай шиг 4 том богцонд бүхнийг савлалаа. Жин хэтэрсэн тохиолдолд нисэхийнхэнтэй учраа олж болдог гэж бас нэгэн нь зөвлөсөн болохоор үзээд алдахаар шийдсэн минь тэр.

                                 
2. Япон нутагт хөл тавьсан минь.

     Миний Японд суралцах өргөдөл зөвшөөрөгдсөнийг 1994 оны 2 сарын эхэнд Японы хил хамаарах товчоо Канно багшид мэдэгдсэн даруй Канно багш Хас багшид хэл өгчээ. Хэдэн жилийн өмнө намайг шөнөжин өгүүллэг, найруулал нухаж, Эрээний зах дээр эргэлдэж байхад л Япон явна гээд дэрвэж байсан улс яаж ч чадаагүй мунгинаж байхыг бодвол би нээрэн аз хийморьтой байлаа.

     Надаас өмнө Японд бичиг баримтаа илгээгээд адилхан зөвшөөрөгдсөн Тана гэдэг хориод насны бүсгүй байсан нь манай хошууны хүн болж таарсан нь гайхалтай. Өвөрмонголын “Улаан мөчир” чуулганы нэртэй “гурван Бадам”-ын нэг, бүжигчин баарин Бадамын охин Тана авхаалжтай сэргэлэн, нийтэч, тусархаг нэгэн байсан болохоор танилцсан өдрөөсөө л мунгинуу надад олонтаа тус болсонсон. Би 10-аад ах хүн хэрнээ хамт өнгөрөөсөн жил гаруйн турш энэ бүсгүйд туслаж чадалгүй дандаа туслуулж явснаа санахад ичмээр болдог.

     Миний харьд суралцахаар одсон нас оройтсон байж болох ч 1980-аад оны эхнээс эхэлсэн Өвөрмонголчуудын гадаадад сурч боловсрох ээлжит давалгааны тэргүүн эгнээнд багтсандаа бахархдаг юм. Ер нь Өвөрмонголчууд гадаадад, тухайлбал Японд сурах оролдлого 3 удаа хийсэн гэж хэлж болохоор байдаг. Эхлээд 1910-аад оны үед Гүнсэнноров /1871-1931/ вангийн томилсон цөөн сурагчид, 2 дахь нь мөн зууны 30-аад онд буюу Манжийн хатуу ноёрхол, үндсэрхэг хувьсгалчдын хөлд туйлдаж, Хятад орон тэр аяараа дайн үймээнтэй бужигнаж байх үед таардаг юм билээ. Үндэс угсаагаа харлан дуусах эмгэнэлт хувь заяаг зайлуулах гэсэн сэхээтэй хүмүүс цагийн боломжийг ашиглан Наран /Япон/ улсад хүүхэд залуучуудыг олноор томилон суралцуулжээ. Тодруулж хэлбэл, Дэмчигдонров вангийн удирдсан Өвөрмонголын баруун бүс нутаг хийгээд Манж улсын Хянган ерөнхий муж хэмээгдсэн Өвөрмонголын зүүн бүс нутгийнхан ийнхүү залуучуудаа томилон суралцуулсан байдаг юм. Тухайн цагт өөр тийш, жишээлбэл Америк, Европт оюутан илгээх нөхцөл боломжгүй байжээ. Одоо ч тийм боломж туйлын бага хэвээр. Хувь заяагаа өөрчлөх Өвөр Монголчуудын оролдлого ихээхэн өрнөсөн 1930, 40-өөд он хийгээд эв хамт намын удирлага доорх сүүлийн 50 жилд, Японд боловсрол хүртээд буцаж ирсэн цөөн сэхээтэн залуус эдүгээ улс орныхоо гэгээрэл, шинжлэх ухаан, утга урлаг, засаг захиргааны ажилд хүчин зүтгэж байсан юм. Хаагдал битүүмжлэлийн цаг үеийг өнгөрөөгөөд, 20 дугаар зууны 80-аад оноос Өвөр Монголчуудын 3 дахь удаагийн оролдлого эхэлж, мөн л хөрш Япон улсын зүг манай олон залуус хараа билчээх болсон. Хувийн харилцаа холбоогоо ашиглан ганц хоёроор явж суралцагсдыг бүртгэх аргагүй. Бүртгэсэн ч тийм олон биш болох биз. Харин 1980-аад оны дундуур албаны зардлаар хэсэг Монголчууд Японд суралцахаар очсон нь 3 дахь удаагийн оролдлогын эхлэл гэж үзэж болох юм. Үүнээс хэдэн жилийн дараа Монгол залуучуудад зориулсан Япон хэлний “Баярмэнд” сургууль Токио хотод байгуулагдсанаар олон хүн суралцах өргөн боломж нээгдэж билээ. Уг сургууль богино хугацаанд оршихдоо жил бүр Өвөрмонголоос элсэлт аван суралцагсад хэл улаа олонгуутаа төрөл садан, нутгийн хүмүүс, найз нөхдөө яаж ийн авчирсанаар Японд сурагч Өвөр Монголчуудын тоо борооны дараах мөөг шиг олширсон юм. “Баярмэнд” сургууль өнөөдөрт хүрч ирж чадаагүй боловч биелүүлж, Өвөрмонголчуудын гадаадад суралцах түүхэнд гавьяатай хуудас бичиглэжээ. Би уг сургуулийн сурагч байгаагүй болохоор нарийн сайн бичиж чадахгүй маань харамсалтай. Гэхдээ мөн сургууль төгссөн олон оюутан эрдэмтэдийн нэг нь хожмын өдөр эх сургуулийнхаа тухай дурьдатгал бичнэ гэдэгт эргэлзэх хэрэг юун.

     Би өөрөө Бээжин дэх Японы элчин сайдын яаманд очиж бичиг баримтаа хянуулж, виз даруулах ёстой байсан боловч дээр өгүүлсэн олон бараа цуглуулахаас гадна гэр орноо төвхнүүлэх, ажлаасаа түр гарах талаар байгууллагатайгаа гэрээ хийх зэрэг ажил давхацсанаас элчингээр хөөцөлдөх ажлыг мөнөөх муу зангаараа Танад даатгаж билээ. Элчингийнхэн асууж сурах явдал элбэг байдаг болохоор биеэр очилгүй бусдад дайна гэдэг буруу хэрэг байсан юм. Гэвч Японд очиж хэдэн жил “байлдах” тавилан надад байсан байжээ. “Бүх юм саадгүй бүтсэн. Онгоцны билет ч захилаа” гэж хэд хоногийн дараа Тана Бээжингээс утсаар мэдэгдэв.

     Арав шахам жил хамт амьдарсан эхнэр, 10 хүрээгүй бяцхан охиноосоо олон хоногоор салж явна гэхэд аргагүй зүрх шимширч сэтгэл хүндэрнэ. Гэтэл хөгжсөн гүрэнд очиж “юм үзэж, нүд тайлах”-ыг яарсан миний догдолж хөөрсөн сэтгэлээр болдогсон бол агаар хөлөглөн далай дээгүүр нисээд Япон хүрчихмээр санагдаж байлаа. Анх 14 насандаа даавуун цамц өмсч, үхэр хасаг /модон тэрэг/-т суугаад дунд сургуульд орохоор хөдөөгийн шар замаар галгиулж байсан үеийнхтэй эгээ адил догдолж оволзсон сэтгэлтэй байлаа.

     Салж ядсан эхнэр, охин, найз нар хийгээд Японд очиж төвхнөөд араасаа татаж авах болов уу хэмээн намайг дөвийлгөн бодож горьдлого тээсэн ганц хоёр хүмүүс зэрэг “будлиант гишүүд”-ээр үдүүлэн Хөх хотоос мордож билээ.

     Бээжингийн баруун өртөөнд 1994 оны 5 сарын 5-ны үдэш Тана намайг тосч аваад Юн Хэ Гүний сүмд авчирлаа. Хэдэн жилийн өмнө хүйтэн бороотой өдөр Утай гүмбэнд очиход хир дагт баригдсан лам нар засалгүй удсан хийд сахин сууж байсантай адилтгахын аргагүй тохь тухтай сууцгаах ажээ. Маргааш өглөө нь Тана бүсгүйн садан, Юн Хэ Гүний эрх мэдэлтэн Мөнх лам Сантам машинаар биднийг онгоцны буудал хүргэв. Бээжин хотод бид хоёр шиг наймаачдын гахай хүнд ачаатай хүмүүс Польш, Оросын ганзагны наймаачдын цуглардаг Яа Бо Лү зах хавиар л харагддаг гэж ламтан шоолж байв.

     Бид хоёр, Бээжингээс Сэндай руу шууд нислэггүй болохоор урьдаар Токио руу зүг нисэх болжээ. Онгоцны буудалд ороод ачаагаа жинлүүлтэл 8 хүнд зөвшөөрөгдөх дүн гарахыг хараад яахаа олохгүй сандарч билээ.

     -2900 юань тушаа гэж гаалийнхан шаардав. Энэ хэмжээний мөнгө бид хоёрын хэнд ч бага тоо биш. Халаасанд байсан зуутын хэдэн дэвсгэртээ гаргаж ширээний дээгүүр гулгуулж залуу эрийн компьютерийн доогуур шургуултал залуу эр тэсрэх бөмбөг үзсэн юм шиг шүүрэн авч буцаан шидээд:

     -Мөнгөө түргэн тушаа, эсвэл ачаагаа хөнгөл гэлээ. Эрээний гааль дээр хэрэглэдэг хөтчийн арга энд үйлчилдэггүй бололтой. Бидэнд л итгэхгүй гараа татаж байгаа болохоос биш чи авдаг хүнээсээ бол авдаг л байлгүй гэж бодсон боловч хэлээ хазаад өнгөрлөө. Гааль, татвар, улсын хуулийн аль алиныг би гадарлана. Гэвч аварга онгоцоор ганц мөнгөний гааль төлөхгүй оруулж байдаг их гарын шунахай наймаачдыг бодвол сурахаар явж байгаа миний хүнс, хувцас, номын хүнд юу шалих вэ хэмээх гоморхол сэтгэл урж байсан. Гэвч энд бололцоо байхгүй нь гэдгийг би тод ойлгосон.

     Тана бүсгүйн аав гаалийн ажилтантай хэсэг яриад 1200 юань төлөх боллоо. Надад 300 юаниас илүү мөнгө байсангүй. “Юань надад одоо хэрэггүй” гэж мөчиг тачиг гарсан маань эртэдсэн байжээ.

     Бас л Тана бүсгүйгээ царайчиллаа. Улсад алба хашдаг, цалинтай, нас ах хүний хувьд тус болох ёстой атал тусламж авах маань байнга болов. 1200 юаны торгууль Хятад улсын хаалга давахад шилбийг минь шавхийтал ороолгосон үдлэг байсан боловч онгоцонд орж суумагц угтах цоо шинэ амьдралын тухай мөрөөдөлд бас л умбаж билээ. “Ямартай ч эцэстээ нэг...” хэмээн бодож байв. Яаж төгсөхийг өөрөө ч үл мэдэх авч сэтгэл тавиран бие хөнгөрч, нүдэнд өртөх юм бүхэн, халуун дотно санагдаж эхэлсэн.

     Нисэхээр дугаарлан зогссон хүмүүсийн олонхи Япончууд байв. Улс төрийн хувьд ардчилалт улс болохоор иргэд нь хаа сайгүй чөлөөтэй яваагийн нэгэн нотлогоо энэ гэлтэй. Япон улс эдийн засгийн том гүрэн болохоор Хятадад жуулчилна гэдэг япон иргэдийн хувьд зүүн баруун гэртээ орж гарахтай нэг их зөрөөгүй хямд хялбархан байдаг юм. Бээжинд ирээд буцах Токиогоос Хоккайдад жуулчлахаас хямд гэдгийг хожим нь би олж мэдсэн. Японоос ирэх аль ч онгоцонд Япон хүн зонхилж байхыг хараад “Хятад улс бол 13 дүнчүүр /1.3 миллиард/ хүн амтай том гүрэн” гэгч мартагдахад хүрч дэлхийн тавцан дээр Япончуудын өөрийн эрхгүй тодорч харагддаг юм билээ. Тариан дундаа эсвэл тоос шороо бужигнаж эх адаггүй үргэлжилсэн зээлээ хараад “тэнгэрийн дорхи” хэмээн сагсуурах худгийн мэлхий мэт хүмүүст бол ийм бодол төрөхгүй л байх.

     Нялхаа нуруундаа уясан залуу бүсгүй өөрөөсөө ах, өвгөжөөр хүнтэй шивнэлдэж байснаа өвгөн нь хоосон лонх бариад нааш цааш гүйхээр нь “Энэ хоёр яах гээд байна?” гэж Танаас би шивнэн асуувал:

     -Мизи ус гэж байна. Хүүхэд нь ундаассан бололтой гэж Тана бүсгүй хэлэхээр би сая японоор усыг “мизи” гэдгийг санав. Япон хүний амнаас энэ үгий анх сонсч байгаа маань энэ. Монгол багшаас сонсох, дэвтрээс өөрөө унших хийгээд Япон хүний ярих их зөрөөтэй гэдгийг ойлгох агшинд жил гаруй хугацаанд хэл үзэж, бас ч мэдэх болсон гэх итгэл маань нурах шиг боллоо. Онгоц хөөрч өндөрөө авмагц гадна дотнох агаарын температур, үйлчилгээ зэргийн талаар Хятад, Япон хэлээр ээлжлэн өгүүлэхийг чагнавал үйлчлэгчийн Японоор ярих надаас дээргүйг сонсоод, саяхан “ус” гэдгийг ойлгоогүйдээ гутарч байсан маань мартагдан сэргэх шиг болов. Хятад хүн /Хятад хэлийг унаган хэл болгосон Монголчууд ч үүнд багтана/ бол “р” авиаг дуудаж чаддаггүй. Японд олон жил сурж, докторын зэрэг хамгаалсан хүмүүс ч авиалахдаа бас чаддаггүйг би Япон хэлний сургуульд жил суралцахдаа ойлгосон юм. Бусдын дутагдалд бид баярлаад байхаар юу байхав. Гэхдээ л өөрийн давуу талыг хараад баярлаж зоригжиж явлаа. Монголчууд түүхэндээ ямар ямар их үйл бүтээж байсан, хэр зэрэг эрэлхэг чадварлаг байлаа гэснийг номоос унших хийгээд харин үүнийг амьдрал дундаас биеэр сэрж ухах хоёр хоорондоо их зөрөөтэй байдагсанж. Монголчууд дэлхийн иргэншилд эзлэж байгаа байр суурийн хувьд дундад зуунтай жишихийн аргагүй буурай болсон боловч нарийн ажиглаж, нягтлан шинжилбэл манай үндэстэнд дэлхийн охь гэмээр олон шилдэг тал байгааг нутгаасаа гараад гаднаас нь ажиглахад тод мэдрэгдэх юм билээ. Харамсалтай нь өнөөдрийн Өвөр Монголчууд бид өөрсдийгөө бодитойгоор харах ухаан хомсдож бусдын юу гэснийг “тийм” л гэж даган орилдог болод байгаа нь харамсалтай агаад эмгэнэлтэй. Бид он удаан жил гадаад орчноос тусгаарлагдаж, өөрсдийгөө бусадтай харьцуулах нөхцөлгүй байснаас үүдэлтэй байж болно. Гэхдээ л энэ бол зөвтгөл яав ч биш.

     Токиод ирээд жилийн нүүр үзэж байгаа Өлзийбатын утас надад байсан болохоор Нарита хэмээх онгоцны буудлаас хот орох, ороод яах талаар сэтгэл нэг их өвдөхгүй өег явлаа. Хүмүүс даган онгоцноос буулаа. Насаа 6 дарсныг минь мэдээд хил дээрээс буцаавал яана гэж зовж байсан маань илүү болж, харин ч элдэв паянгүй шулуухан өнгөрөв. Намайг харсан хүн оворгүй гэдэг нь хоосон үг биш бололтой. Хүн наснаасаа өтөл харагддаг явдал байдгаас хойш юунаас би айсан юм билээ дээ гэж хил давсныхаа дараа өөрийгөө шоолон бодож билээ. Олон хүний бодол аюул зовлон ирэхийн өмнө хийгээд хойно хоёр өөр байдаг шүү дээ.

     Онгоцны буудлыг харахад гэрэл гэгээ цацарсан, цэвэр цэмцгэр, шинэ, дөрөвхөн цагийн өмнө зогсож байсан Бээжингийн онгоцны буудлаас шал өөр сэтгэгдэл төрүүлж байв. Хэрэв энэ буудлыг гялайтал угааж, толийтол чимсэн охин гэж дүрслэвэл Бээжингийн онгоцны буудлыг өглөө босоод сахлаа ч хусаагүй өвгөн хүний царай гэлтэй. Энэ зүйрлэл надад хоёр улсын буудлаар хоёр удаа нааш цааш гэтэлсний дараа буюу 1997 оны намар, өөрөөр хэлбэл Японоос нутагтаа буцахаар Бээжингийн онгоцны буудалд ирээд хэдэн мянган юанаар торгуулаад бэгтрэн зогсох агшнаа бууж билээ.

     Аянчдын ачаа тээшийг зөөн эргэлдэх зууван өргөн туузны хажууд хүлээж зогстол найман “гахай” маань хонин сүрэгт холилдсон хэдэн үхэр шиг цуван гарч ирлээ. Онгоцноос буугсдын дотор бид хоёр шиг олон ачаатай хүн харагдсангүй. Найман “гахайгаа” нэг газар бөөгнүүлсэнд уул овоо шиг юм боллоо. Хүмүүс бидэнд зам тавин зайцаж өгөхийн зэрэгцээ гайхсан харц тусгана. 1990-ээд онд бид Хөх хотын галт тэрэгний өртөөнд “гахай хариулсан” халхуудыг хараад ингэж гайхаж, ийм том, олон ачаа яаж авч явдаг хүмүүс вэ? гэж сонжиж байсан маань санаанд бууж байв. Одоо өөрөө ингээд “гахайн сүрэг” дунд хөлс урсган зогсоход амьдрал гэдэг хүнийг хаашаа ч шахаж, юу ч хийлгэж мэдэх юм даа гэж эрхэдгүй бодож байлаа.

     Ер нь азийнхан, ядуу орны хүмүүс Японд хөл тавиад л танигддаг гэж байхын учрыг хожим би ойлгосон. Өөртэй минь адилхан олон богцондоо түүртсэн Өвөр Монголчуудыг би хожим нь Наритагаас нэг бус удаа тосон авч байж билээ. Наритагаас Токио орох замд галт тэргэн дотор ачаа ихтэй болгон нь өмнөд Азийн бор царайтан эсвэл Хятад, Солонгос иргэд байдаг. Японыг алтан уул гэж санаж ирсэн энэ хүмүүс түнтгэр их ачааныхаа савыг эд бараа, эрдэнэ баялгаар дүүргээд харих их хүсэл өвөрлөн ирж байгаа нь тэр. Хүсэл хясал зэрэгцэн орших хатуу хорвоогийн хууль Япон нутгийн газар нутаг дээр ч үйлчлэх нь мэдээж. Тийм болохоор зарим нь арга ядахдаа хулгай хийж, худал ярьж, зарим нь алуурчин болж, зарим нь ядран туйлдаж үхээд ясаа хүний нутагт орхихыг ч харсан. Энэ бол амьдрал ягтаа тулахаар хатуу гэдгийн үлгэр бизээ. Үүнийг би бас улс орон урьдаар хийгээд сүүлээр хөгжихийн зөрөө ийм харамсалтай үр дүнд хөтлөдөг ч юм байна хэмээн бодож ч байлаа. Африкийн хар арьстнууд Америк тивд худалдагдан очсон хийгээд өнөөдөр ядуу орны хүмүүс хөгжсөн улс оронд хүрч очин мөнгө олж, аятай тухтай амьдрахыг шунан тэмцэж байгаа хоёрт адилхан зүйл олон санагдсаны учир тийн эргэцүүлсэн болой.

     “Хаанаас утас олж болох вэ?” гэдэг санаагаа зүдэн ядан Япон хүнд ойлгуулсанд хананд өлгөсөн хайрцаг гэмээр “утас” руу заав. Утас мөн гэдгийг харангуутаа мэдсэн боловч иймэрхүү утсыг анх харж байгаа болохоор яаж хэрэглэхээ Тана бид хоёр мэддэггүй бас л хөглөв. Харин одоо манай их бага хотын олон нийтийн газар тийм утас хаа сайгүй тавигдаад хэн бүхний хэрэгцээ болоод байна. Зөвхөн эндээс үзэхэд л цаг хугацаа, хөгжил дэвшил гэгч энэ буюу. Ажил явдалд хянамгай, дутуу дулим орхидогггүй Япон үндэстний дунд ирсэн болохоор надтай таарч “ороогдсон” дунд эргэм насны эр хэлэх, дүрслэхийг холин байж, эхлээд карт аваад, дараа нь тэр картаа нэг завсраар хатгасны дараа ярьж болно гэдгийг сайтар ойлгуулж билээ.

     Заасан ёсоор бүхнийг хийн утас залгаад “моши моши” /Сонинцэцэг багш Канно гуайтай ярихдаа ингэж эхэлсэн юм/ гэж муруй солгой хэд хэлтэл утас авсан бүсгүй өмнөөс:

     -Чи хэн бэ? гэж монголоор асуув. Энэ газар, энэ цагт монгол үг олж сонсоно гэгч төөрсөн хүн гэнэт гэрийнхээ барааг олж харсантай ялгаагүй.

     -Би, Түмэн-Өлзий. Өлзийбатыг эрж байна гэлээ.

     -Би Одонгэрэл. Өлзийбат сургуульдаа явсан. Энэ бол бид хэдийн ажлын газрын утас. Би одоо яг ээлжинд яарч байгаа болохоор та нарыг тосож чадахгүй. Та нар асууж байгаад “Ниппури” гэдэг өртөөнд галт тэрэгнээс бууж, “Яаманоти” гэдэг шугамын хурдан галт тэргэнд сольж суугаад Икибүкүро гэдэг өртөөнд ирээд дахиад ярь. Тэгэхэд би ажил буучих болохоор тосохоор очиж болно гэлээ. Одонгэрэл бид 2 нагацаараа татвал хамаатан улс бө