Хакухо түрүүлсэн ч цомгүй хоцорлоо
Зохиогч Цэрэндорж
Ням, 25-07-2010 10:34
Бейсболын бооцоотой тоглоом, мөн бусад мөрийтэй тоглоомын хэрэгт холбогдсон сумочдынхоо балгаар цом ч үгүй, шагнал ч үгүй болсон Японы мэргэжлийн сумо бөхийн долдугаар сарын нагоя башё өндөрлөлөө. Хамгийн нэр хүндтэй гэгддэг зүүн жигүүрийг манлайлан барилдсан их аварга Хакухо М.Даваажаргал нэг ч уналгүй, 100 хувийн амжилтаар башёг тэргүүлснээс гадна дараалан 47 давж, домогт ёкозуна Тайхогийн амжилтыг ахиулж, сумогийн түүхэнд гуравдугаарт эрэмбэлэгдэх агуу амжилтын эзэн болсон юм. Харин тэргүүн дээд амжилтын эзэн нь 69 дараалан давсан их аварга Фүтүбаяма бол түүний дараа 53 дараалан давсан Чиёнофүжи ёкозуна бичигддэг байна. Хакухо 14 дэх өдрийн барилдаанд озэки Харумафүжиг давснаар нагоя башёд түрүүлэх нь тодорхой болсон бөгөөд гурав дахиа дараалан түрүүлсэн их аварга башёгийн дараа “Би өөрийн чадах бүхнээ л хийлээ. Харин түрүүлсэн гэхээс өөр ямар ч зүйлгүйд сэтгэл дундуур байна. Энэ башёд хүн бүр дор бүрнээ хичээж барилдлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрбээр ийнхүү 1958 оноос хойш нэг жилд зургаан тэмцээнийг зохион байгуулах системд шилжсэнээс хойш гурван башё дараалан төгс амжилттай, өөрөөр хэлбэл, 15 даваатай тэргүүлсэн цорын ганц сумоч болж байгаа юм. Башёг цуцлах талаар яриа гарч байсан ч нагоя башё ямартай ч болдгоороо болж, энэ удаад аварга, арслан цолтнуудын дунд нэг ч япон бөх байсангүй. Озэки Котомицүки бооцоотой тоглоомын хэрэгт орооцолдож, сумогийн холбооноос хөөгдсөнөөр ахмад озэки Кайо макүүчид зиндааг тодорхойлох цорын ганц нутгийн бөх болсон билээ. Харамсалтай нь, башёгийн 11 дэх өдрийн барилдаанаас озэки Кайо гэмтлийн улмаас башёг орхисноор сумогийн их ертөнцөд байгаагүй хачирхалтай тохиолдлын гэрч бид болов. Ахмад сумоч ингэснээр кадобан болох бөгөөд ирэх есдүгээр сарын аки башёд 50-иас дээш хувийн амжилт гаргаж чадахгүй бол зодог тайлахаас өөр аргагүйд хүрэх юм. Сүүлийн үед элдэв дуулиан, шуугианаас тасрахгүй болсон Японы сумогийн холбоог олон нийт ихээр шүүмжлэх болсон бөгөөд холбооны зүгээс ч томоохон өөрчлөлт шинэчлэл хийх талаар ярилцаж эхлээд байна.
Буриадууд бол Монгол үндэстний нэгэн хэсэг болох нь
Зохиогч Цэрэндорж
Баасан, 23-07-2010 17:52
"Буриадууд эдүгээ Орос, Монгол, Хятад, Австрали Улсад амьдардаг түүхэн өлгий голомт нь Соёны уулсаас Эргүнэ мөрөн, Байгал далайгаас Гурван гол хүртэл билээ. Буриадын бүрэлдэхүүнд түүхэн гарлын талаас нь авч үзвэл буриад, эхирэд, булгад, хорь түмэд, тавнан, сонгоол, авгад, атаган, хатагин, ашавгад, салжиуд, сартуул, юншэйбү хамниган, барга үзөөн хэмээх олон овгийн олон язгууртай бөгөөд тэр бүгд удам угсааныхаа аргамжийг мах цусаараа хэлхэн Монголын их гүрэнд нэгдэн улс гэрээ тэтгэж, түүх соёлын нэгдмэл их огторгуйд хувь заяагаа холбож явсан юм” гэж Бямбасүрэн гуай уран яруу тодорхойлсон нь бий.
“Дээд язгуурт Бөртэ чоно, гэргий Гоо-Маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх Бурхан Халдун ууланд нутаглаж, Батцагаан хүү төрүүлжээ” гэж Монголын нууц товчоо эхэлдэг. “Тэнгис далайг гэтэлж” гэдэгт судлаачид маргалдан санал зөрж, хол ойрын, харь өөрийн олон далай тэнгисийг нэрлэх нь бий. Үүнд: “Монголын зарим түүхчид Хөвсгөл нуур, Эгийн голын цаанаас ирсэн урианхай гаралтай хүмүүс гэх. Монгол Буриадын зарим түүхчид Байгал нуур, Сэлэнгэ мөрний цаанаас ирсэн булгачид, хэрэмчид гэдэг. Европын түүхчдийн дотор Иран Персээс гаралтай Несторян шашинтай хүмүүс гэж үзэх тохиолдол байдаг бол сүүлийн үед Японы зарим эрдэмтэд Япон тэнгисийг гаталж ирсэн гэж таамаглаж байгаа сураг ч гарлаа.” Сүүлийн хоёр таамаглалыг анхааралдаа авахгүй байж болох бизээ.
740-өөд оны үед түрэг, уйгарын хооронд болсон ширүүн байлдаан тулалдаанд монгол аймгууд уйгарын талд орж дайтаад хиар цохиулжээ. Үүнээс амьд үлдсэн монгол аймгийн Хиян, Никүт гэгч хоёр хүн Түргийн хаант улсын эзэмшлийн гадна орших үржил шимтэй Эргүнэ голын эрэгт ирж нутагшсан тухай домог, түүх байдаг. Хиян, Никүт хоёр алдарт боржигон овгийн буюу Бөртэ Чино Гоо Маралын дээд өвөг. Гурван голын эхээр гол төлөв Хэнтий нуруу, Буйр нуур, Дорнодын хээр талын баруун хэсэгт нутаглаж хамаг монгол ханлигийн бүрэлдэхүүнд байсан монгол омог аймгийг язгуурын монгол гэх болжээ. Язгуурын монголд хиад ясны боржгон овгийнхон зонхилж, түүнээс хамаг монголын тэргүүн сонгогдож байв.” Чингис хаан нь тийнхүү хияд удмын боржигон овогтон байсан гэдэг. Эрдэмтэн С.Ишбалжир, “Бөртэ-Чино, Гуа-Марал хоёр /IX зуун/ одоогийн Өвөр Монголын нутаг Эргүнэ голын хөндийд нутаглаж байгаад, Хайлар голыг гаталж, эртний алдарт Хөлөн буюу “Далай” нуурыг гэтэлж /тойрч/ Бурхан Халдунд нүүж ирсэн хияд овгийн хүн” гээд Чингисийн алтан ургынхны эзэмшил байсан “уугуул нутгийн гол мөрөнг” Бөртэ-Чино, Гуа-Маралын гэтэлсэн “тэнгис далай” гэсэн дүгнэлт хийжээ. Энэ дүгнэлт нь түүхэн үйлтэй тохирдог монгол үндэстний үүслийн тухай хияд овогтны домог, буриадын гарал үүслийн тухай олон хувилбараар байдаг хунгийн домог ба монголын нууц товчоотой гурамсан холбогдож байгаа нь үндэслэл сайтай таамаглал юм.
Шагайн мэргэчүүд Чикагод цугларна
Зохиогч Цэрэндорж
Баасан, 23-07-2010 17:37
Анхдугаар чуулга уулзалт амжилттай болж өнгөрлөө
Зохиогч Цэрэндорж
Даваа, 19-07-2010 17:39
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор "Эх орныхоо хөгжилд - Бидний оролцоо" сэдэвт Хилийн чанадад суугаа Монголчуудын анхдугаар чуулга уулзалт 2010 оны 7 дугаар сарын 19-ний Даваа гарагт Улаанбаатар хотноо Төрийн ордоны Их танхимд амжилттай явагдлаа. Энэхүү чуулга уулзалтын зорилго нь гадаадад амьдарч буй Монголчуудынхаа улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахаар гаргаж буй хүсэл тэмүүлэл, санал санаачлагыг дэмжиж, удирдан чиглүүлж, хамтран ажиллах
тэдний оюуны хөрөнгө оруулалтыг эх орондоо үр бүтээлтэйгээр хэрэгжүүлэх, мэдлэг дамжуулахад чиглэсэн цогц тогтолцооны нэг хэлбэр болон хэлбэршүүлэхэд чиглэжээ.
Чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл "Цахим Өртөө Холбоо" ТББ-тай хамтран зохион байгуулав. Дэлгэрэнгүй мэдээллийг Ulaanbaatar Forum , Цахим өртөө хаягнаас үзээрэй. Photo from Daka's facebook
Мадридын алдарт "РЕАЛ" багийг Сан Францискод үзээрэй
Зохиогч Ц.Энхтүвшин
Даваа, 19-07-2010 11:06
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөөд хэдхэн хоног өнгөрч байна. Сая сая хүмүүс хөлбөмбөгөөр “амьсгалж”, хөлбөмбөгөөр “ярьж”, хөлбөмбөгөөр “хооллож” байсан бүтэн сар ёстой л харвасан сум шиг өнгөрч, нэг л мэдэхэд финалын тоглолт болж тэгээд шинэ дэлхийн аваргаар Испанийн баг тодорсон. Дэлхийн аварга өндөрлөсний маргааш хөлбөмбөггүй өглөө эхлээд л нэг л юм үгүйлэгдээд, дутагдаад, юм бичих ч хүсэл төрөхгүй болж, дараагийн дэлхийн аварга дэндүү хол юм шиг санагдсан. Гэвч “Цогт тайж үхэвч Монгол улс мөнх” гэдэг шиг “Өмнөд Африк-2010” ДАШТ хэдийнээ түүх болон хоцорсон ч хөлбөмбөг хэмээх гайхамшигт тоглоом үнэхээр л өнө мөнхийн төдийгүй үргэлжийн тасралтгүй буцалж байдаг ертөнц билээ.
Ер нь манай гариг дээр хөлбөмбөгийн ямар нэг тэмцээн, тоглолт болдоггүй нэг ч өдөр байхгүй биз ээ. “Хар тивд” Испанийн хөлбөмбөгчид яруу алдраа дуурсгаж, ялалтын титмийг зүүж, “Ялагдашгүй Армада” алдраа тунхагласнаас ердөө хоёрхон хоногийн дараа бас нэг дэлхийн аварга Германд эхэллээ. 20 хүртэлх эмэгтэй хөлбөмбөгчдийн ДАШТ-д шилдэг 16 баг оролцож, ширүүн тулаан өрнүүлж буйг та бүхэн ESPN3.com болон FIFA.com хаягаар орж үзэж болно. Бас л шуугиан сенсаацаар “Өмнөд Африк-2010”-аас дутахгүй, тоглолтын хувьд сонирхолтой үзүүштэй тоглолтууд болж байна.
Америк оронд амьдарч буй Та бидэнд “ойрхон” алаг бөмбөгийн аятайхан мэдээ зөндөө байна. Зах зухаас өгүүлбэл:
Анри Америкт
Дөнгөж өнөөдөр Францын шигшээ болон Испанийн “Барселона”-ийн экс довтлогч Терри Анри “Нью Йорк Рэд буллз” багтай шинэ гэрээ үзэглэлээ. Америкийн MLS-д бас нэгэн дэлхийн од ирлээ. 1998 оны дэлхийн аварга, 2000 оны Европын аварга, эдүгээ 32 настай Анри Америкт “амрах” гэж ирээгүй. Би зөвхөн ялалтын төлөө тоглох болно гэж хатуу мэдэгдлээ. Франц эр бас шигшээ багтаа дахин тоглохгүй гэж ярив. Тэрбээр долдугаар сарын 22-нд болох “Нью Йорк Рэд Буллз” болон Английн “Тоттенхэм” багуудын нөхөрсөг уулзалт тоглолтод “Улаан бухнууд”-ын бүрэлдэхүүнд анхны тоглолтоо хийнэ.
Анриг Америкийн лигт тоглож магадгүй гэж бүүр гурван жилийн өмнө гарч байсан яриа ийн биеллээ. Францын шигшээгийн түүхэнд хамгийн олон гоол оруулсан цуут хөлбөмбөгчийн хамгийн дотны найз нь NBA-ийн од нутаг нэгт Тони Паркер бөгөөд тэр л чухамдаа Анриг анх Америкт ирэхийг ятгасан гэх юм билээ. Мөн Анри жил жилийн амралтаа Нью Йоркт өнгөрөөх дуртай, бас Америкийн цөөнгүй компанитай зар сурталчилгааны гэрээтэй. Тэгэхээр мань эр найздаа, бизнестээ, бас дуртай хотдоо ойртсон аж.
“МЮ”-ийн аялал
Дэлхийн хамгийн баян, хамгийн олон фэнтэй, бас хамгийн шилдэг багуудын нэг “Манчестер Юнайтед” Хойд Америкаар хийх аялан тоглолтоо эхэллээ. Өнөөдөр “Улаан чөтгөрүүд” Канадын Торонто хотноо Шотландын “Селтик”-тэй “уулзаж” байгаа бол долдугаар сарын 21-нд АНУ-ын Филадельфи хотноо “Филадельфи Юнион”-той, долдугаар сарын 25-нд Канзас Ситид “Канзас Визардс”-тай долдугаар сарын 28-нд Хьюстон хотноо MLS –ын “ Бүх оддын шигшээ” багтай тус тус тоглоно.
Домогт Сэр Фергюсоны удирдсан “МЮ”-г дасал болсон AIG бус шинэ спонсор AON корпорацийн логотой шинэ хувцастай тоглохыг нь Англичуудаас ч өмнө анхлан харах боломж бидэнд байна шүү. Тоглолтын тасалбарыг ticketmaster.com –оос орж авбал найдвартай гэдгийг анхааруулья.
Домогт “РЕАЛ” ч дутахгүй
Америкт ер нь дэлхийн том багууд улирлын өмнөх аялан тоглолтоо хийдэг уламжлал тоглоод нилээд хэдэн жил болж буй. Алдарт “Барса”, Италийн грандууд болох “Милан”, “Интер”, Английн “Челси”, “МЮ” гээд л алийг тэр гэхэв. Тэгвэл энэ жил бас домогт Мадридын “РЕАЛ” Америкийн баруун эрэгт хөл тавих нь. Касильяс, Серхио Рамос, Хаби Алонсо, Албиоль, Арбелоа гээд таван шинэ дэлхийн аваргыг багтаасан, Кака, Криштиану Роналду, Бензема, Рауль, Игуаин, Ван дер Варт, Пепе, Ди Мария, Марсело, Гагу, Гути, Диарра гээд супер одуудтай, цуут дасгалжуулагч Жозе Моуриньогийн удирдсан “Эзэн хаан”-ы багийн тоглолтыг үзэх “өдрийн од” шиг ховорхон боломж гарч байна, яарагтун!
“Эзэн хаан”-ы баг
Наймдугаар сарын 4-нд оройн 8.00 цагаас Сан Франциско хотын “Candlestick” цэнгэлдэхэд Мексикийн “Америка” багтай тоглоно. Хамгийн хямд тасалбар 35 ам.доллараас эхэлж буй бөгөөд мөн л ticketbmaster.com –оос тасалбараа аваарай гэж зөвлөе. Тоглолтын өмнө харууд болон мексикууд цэнгэлдэхийн гадаа хямд зардагч энэ нь бүгд “хулхи” тасалбар байдаг, ноднин “Барса”-г ирэхэд ийм тасалбар авсан хүмүүсийг үүдэнд оруулахгүй, яаж ийж байгаад орсон ч суудал дээр чинь жинхэнэ “ориг” тасалбартай хүн нь сууж байсан тохиолдол гарсан шүү.
Дараа нь “Реал” наймдугаар сарын 7-нд Лос Анжелес, бүүр тодруулбал Пасаденад алдарт “Роуз боул” цэнгэлдэхэд Бекхэм, Донован нарын “Лос Анжелес Галэкси”-тай тоглоно. 91 000 хүний суудалтай, 1994 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий шигшээ тоглолт болж байсан цэнгэлдэхэд залраад л, домогт “Реал”-ын тоглолтыг үзэж сууна нээд Та нэг төсөөл дөө. Ямар сонсогдож байна?
Дэлхийн аваргууд ч ирнэ
Африк явж, дэлхийн аварга үзэж чадаагүй ч Америкт сууж байгаад л дэлхийн аваргуудын тоглолтыг үзэх боломж бас байнаа. Ирэх есдүгээр сарын 7-нд дэлхийн аварга Испанийн шигшээ баг Нью Йорк хотноо Аргентиний шигшээ багтай нөхөрсөг уулзалт тоглолт хийх нь. ТВ-ээр үзэж байсан Хави, Иньеста тэргүүтэй “Ялагдашгүй Армада”, “Улаан уур хилэн” аваргын зангараг зааж Аргентинийг ч бас хожих л байсан гэдгээ харуулах нь уу, аль эсвэл Месси, Тевес манлайтай Аргентин “Өмнөд Африк”-т Германы шигшээд бут ниргүүлсэн маань тохиолдлынх байсан юм, дэлхийн аварга багийг ч бид хожих чадалтай гэдгээ нотлох нь уу халуухан л юм болох нь.
За бас үүнээс өмнө наймдугаар сарын 10-нд Нью Жерсигийн Ист Рутерфордод дэлхийн таван удаагийн аварга , хөлбөмбөгийн “уран дархчуул” Бразилийн шигшээ, ДАШТ-д гялалзсан тоглолт үзүүлсэн АНУ-ын шигшээтэй бас тоглох нь. Испани-Аргентиний багуудын тоглолт болох цэнгэлдэх, эхлэх цаг хараахан тодроогүй, тасалбар зарагдаж эхлээгүй байгаа бол АНУ-Бразилийн тоглолт оройн 8.00 цагт New Meadowlands Stadium цэнгэлдэхэд болох ба хамгийн хямд тасалбар болох 40 ам.долларынх нь аль хэдийн SOLD OUT буюу зарагдаад дуусчээ.
За ингээд хөлбөмбөгийн ертөнцийн амьдрал үргэлжилсээр...
Ц.Энхтүвшин (“Таван цагариг”)
Бэй Аэриагийн Монголчуудын баяр наадмын тоймоос
Зохиогч Цэрэндорж
Мягмар, 13-07-2010 19:17
Бямба гарагт Сан Франциско хотын Алтан Үүд (Голден Гэйт) цэцэрлэгт хүрээлэнд Бэй Аэриагийн монголчууд баяр наадмаа өргөн дэлгэр ёслол төгөлдөр сайхан тэмдэглэлээ. Сан Франциско хотноо 13 дахь удаагаа зохион байгуулж байгаа баруун эргийн монголчуудын энэхүү баяр наадмын ажиллагаа хамгийн анх тэмдэглэж байсан талбай дээрээ эргэн ирж бууриа сэлгэсэн юм. Одоогоос арван гурван жилийн өмнө “Вест Спийдвэй Мэдоу” хэмээх энэхүү талбайд цөөн хэдэн монголчууд видео камерийн суурь дээр жижиг туг бэхлээд америкийн баруун эрэгт анхны наадам хийж байсан нь түүх болон хоцорчээ. Энэ жил хол ойроос хүрэлцэн ирсэн хоёр мянга орчим наадамчид өнгө өнгийн асар майхан дэлгэн засаад уудам цэлгэр зүлэг ногоон талбайг тойрон тухлаж тавтай сайхан наадлаа.
БАМХ-ноос томилогдсон баярын комисс бэлтгэл ажлуудыг тун сайн хийсэн нь олны нүдний өмнө ил харагдаж байсан. Ажил үүрэг хувиарлан авсан хүмүүсийн идэвхи санаачлага, хариуцлага хичээл зүтгэл, цаг зав мөн олон байгууллага, хувь хүмүүсийн дэмжлэг туслалцаа, нэмэр хандивын үр дүнд баяр ёслол маань бахтай сайхан болж өнгөрсөнийг тэмдэглэхэд таатай байна.
Баярын хөтөлбөрийн дагуу наадмын нээлт ардын урлагын “Хөх тэнгэр” хамтлагын бөөгийн дуудлага бүжигээр эхлэв. БАМХ-ны тэргүүн Ц.Хишигбаяр наадам нээж мэндчилгээ дэвшүүлсний дараа Бэй Аэриад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй олон нийтийн байгууллагын төлөөлөл гарч ирлээ. Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо (БАМХ), Калифорни муж дахь Монгол Эмч нарын зөвлөл, Оакланд хот дахь хүүхэд багачуудын “Гэр” төв, бие хамгаалах урлагын “Дашаа доожо” дэвжээ, Калифорнийн Монгол шагайн харвааны товчоо, Оакландын монголчуудын хөлбөмбөгийн шилдэг баг “Тэмескал Райдерс”, ардын урлагын “Хөх тэнгэр” хамтлаг, “Хөх Монгол” рок хамтлагын төлөөлөгчид жасаалаар явж мэндчилэв. Шагайчдын жагсаалд илгэн монгол хантаазаар гангарч ковбой малгай духдуулсан нэгэн америк эр явсан нь “Мэргэ” багийн жинхэнэ гишүүн энэхүү монгол тоглоомонд эргэлт буцалтгүй орсон америк харваач Францис байв. Эртний эдлэл цуглуулж эвлүүлэх хоббитой тэрбээр наадмын талбайг чимсэн монгол цэргийн догшин хар сүлдийг эд өлгийн арвин цуглуулагтай нэгэнээс зээлж авчран энэ өдөр цэнгүүлсэн юм.
Дараа нь төрийн далбаагаа залах ёслол боллоо. Энэ жилийн наадамд алтан соёмбот тугаа мандуулах хүндтэй үүргийг хүлээсэн хүмүүсийг нэгбүрчлэн танилцуулая. Монголд болсон цас зудны гамшигт нэрвэгдсэн малчиддаа туслах хандивын үйлсийг санаачлан хэрэгжүүлсэн Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харъяат Дуламжавын Мөнхбат , 2010 оны 1-р сард "Монгол хүүхдүүд Монголдоо эмчлүүлж эдгэрэх боломжийг нэмэгдүүлцгээе!" гэсэн уриатай "Эрүүл Үрс" олон нийтийн үйл ажиллагааг үүсгэж, олон түмнээс хандив цуглуулан Эх Нялхасын эмнэлэгт маш дутагдалтай байдаг хяналтын монитор авч бэлэглэх ажлыг амжилттай зохион байгуулсан сайн үйлсийн эзэн Бадамдоржийн Сарнай , эрүүл мэндийн салбарт 33 жил ажиллаж, олон зуун үрсийг энх мэнд эх барьж авсан буянтан, ЭМЯ-ны тэргүүний ажилтан, эх барих, эмэгтэйчүүдийн эмч Найдангийн Гэрэл , чөлөөт бөхийн ОУХМ, Ази тивийн аваргын мөнгө, хүрэл медальт, улсын 6 удаагийн аварга, Бэй Аэриагийн наадмын 6 удаагийн түрүү бөх Архангай аймгийн харъяат Адъяахүүгийн Болдсүх , 2010 оны америкийн аварга шалгаруулах жюдо бөхийн нээлттэй тэмцээний хүрэл медалт, Ази тивийн самбо, жүдо бөхийн 4 удаагийн аварга, самбо бөхийн дэлхийн аваргын хошой мөнгө, хошой хүрэл медальт, жюдо бөхийн ОУХМ Бантуугийн Мөнгөнтуяа , Булган аймгийн Сайхан сумын харъяат, Сан Франциско хотын Эмануэл сүмийн тэргүүлэгч, олон буяны үйлсийн эзэн Очирын Отгонбаатар , 2009 оны шилдэг сурагч, онц сурлагатан Ганбадрахын Үлэмж , Монголын Хүүхдийн ордоны мөнгөн медальт, Бөркли хотын бага насны сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээний 1-р байрын шагналт, авъяаслаг охин Гомболүүдэвийн Энхжин нар байлаа. Соёмбот тугаа талбайд залж төрийн дуулал явсны дараа урлагын тоглолт эхлэв. Номхон дөлгөөн далайн салхинд илбүүлсэн америкийн баруун эргийн зүлэг ногоон талбайд цангинах уртын дууны шуранхай монгол наадмаа хөглөн, морин хуурч Ч.Оргилсайхан, Б.Балдандорж нарын тоглосон “Үүлэн борын явдал” аяз, Батзориг багштай “Би монгол” сургуулийн бяцхан охидын хийсэн Баяд, Захчин бүжиг, хөгжимчин Туулын тоглосон ардын гурван дууны найруулга шанз хөгжмийн гоцлол, дуурийн дуучин Батхуягын дуулсан “Монголын сайхан орон”, Хөх монгол хамтлагын дуулсан “Толин хул”, “Чингисийн баатрууд” зэрэг ая дууны мэндчилгээ наадамчин олны сэтгэлийг хөгжөөв. Энэ жилийн Бэй Аэриагийн наадмын урлагын тоглолтын гол шигтгээ болсон Ардын жүжигчин дуучин А.Долгор тайзнаа гарч ирлээ. Тэрээр харийн нутагт суугаа элгэн садан монголчууддаа хандан халуун дулаан үгээр мэнд дэвшүүлэн ая дуугаа эхлэв. Монголын урдаа барьдаг дуурийн дуучин - Ямар уудам юм бэ Монголын хөх тэнгэр... гээд цангинуулхад нутгаа санасан наадамчин олны сэтгэл зүрх омогшин огшиж ардын дуучны хоолойны чадал царыг хуран цугларсан монголчууд төдийгүй хүрэлцэн ирсэн америк наадамчид бахдан магтаж дуу алдаж байлаа. Урлагын тоглолтыг бэлтгэн зангидаж найруулсан хөтлөгч Батсоёмбо, Батзориг, Төмөрчөдөр, Т.Эс-Олдох, Ш.Баатар, Я.Баатар нарт баярлалаа. Үндэсний бөхийн барилдаанд хүчит 32 бөх зодоглон уран мэхийг уралдуулан барилдаж аймгийн заан А.Болдсүх түрүүлж цэргийн начин Д.Гомбодорж үзүүрлэв. Болдсүх начины хувьд Бэй Аэриагийн наадамд нийтдээ долоон удаа түрүүлж 4 удаа үзүүрлэсэн өвөрмөц амжилтыг үзүүлээд байна. Сурсан юмыг сураар боож болдоггүй гэгчээр аймгийн начин ухасхийн цэргийн начны баруун хөлийг авч сэхээ самбаа өгөлгүй дайраад давлаа. Наадмын өмнөхөн болсон сорилго барилдаанд энэ хоёр бөх мөн л тунаж үлдээд Болдсүх хөл авхад нь Гомбоо дагуулж гуядаад давсан билээ. Ийм мэх ирнэ гэдгийг Гомбоо мэдэж тооцож байсан ч энэ удаа яаж ч чадсангүй. Аймгийн дайтай наадамд алгасалгүй зодоглож удаа дараа түрүүлсэн Болдсүх начны энэ амжилтыг МҮБХ-нд мэдүүлэн цол зэрэг ахиулах хэрэгтэй санагдана. Сүүлийн гурван жил дараалан наадамд үлдэж өгөө аваатай яваа энэ хоёр бөх наяад оны улсын наадмын байнгын үзүүр түрүү аварга Бат-Эрдэнэ, арслан Мөнх-Эрдэнэ нар шиг байна. Оакланд хотын Бат-Өлзий өөрийн хийсэн ур хийцтэй дурсгалын самбараар уран барилдааны шагналыг ивээн тэтгэж “Дашаа доожо” дэвжээний бөх, гардан тулааны урлагын ОУХМ Отгонбаярыг шалгаруулан шагнав. Ирэх жилээс “хоёр Эрдэнийг” давж халаа авах учиртай ирээдүйн залуу бөхчүүдийн барилдаан бас тун сонирхолтой боллоо. Монголоос БСШУЯ-ны ажилтан Дамбийнямын илгээсэн ур хийц сайтай улаан хөх зодог шуудаг өмссөн залуу хөвгүүд зассан шагай шиг харагдана. Өсвөрийн бөхчүүдийн барилдаан 2 насны ангилалаар явагдахад 10-12 насанд Улсын харцага Жавхлантөгсийн ууган хүү Дүвчин түрүүлж бөхийн удамаа давхар баталлаа. Шагнал гардуулах үед шагайн тойрмоос салахаа болиод удаж байгаа улсын цолтой аав нь дуудагдан ирж хүүгээ түрүүлснийг мэдээд хөөр баяр болж байв. Үзүүрт үлдсэн Мөнхбаярын Төгөлдөр бие хаа тэгш сайн бөх болох шинжтэй хүү харагдав. 13-15 насны барилдаанд Одбаярын Алтангэрэл түрүүлж Батсайханы Ананд үзүүрлэлээ. Алтангэрэл хүү жюдо бөхөөр амжилттай хичээллэн америкт эх орныхоо нэрийг дуудуулж яваа нэгэн билээ. Жил жилийн хүүхдийн барилдааны шагналыг ивээн тэтгэдэг уламжлал дагуу барилгын засвар үйлчилгээний хамт олноо төлөөлөн Д.Мөнхбат, Д.Мөнхбаяр нар үзүүр түрүүнд үлдсэн хөвгүүдийг унадаг дугайгаар байллаа. Бөхийн засуулаар ажилласан Энхболд, Батхуяг, С.Болдбаатар, Д.Лувсанжамбаа нар, хөлийн цэцээр ажилласан Лхагвадорж, бөхийн барилдааныг сонирхолтой тайлбарлан үзэгч түмэнд хүргэсэн Базаррагчаа нарт талархал дэвшүүлье. Эрийн гурван наадмын хурдан морийг орлодог хүүхдийн гүйлтийн уралдаанд бүгд 4 настай хорь гаруй “даага” гарааны зурхайнаас ухасхийн гарч уралдлаа. Өхөөрдөм хөгжилтэй энэ сунгаанд зарим “даага” гараан дээрээ үлдэн хоцорч зарим нь эргэж хадууран бөөн инээдэм болж байв. Ингээд Эрдэнэцогтын Билэгт, Сайнбилэгийн Мандуул, Банзрагчийн Анар, Энхмандлын Эрхэс, Соронзонболдын Эрхэс нар айргын тавд хурдаллаа. Энэ жилийн “баян ходоод” болсон “даага” ганц биш байсан тул "морины комиссын" Ж.Бат-Очир маань ганц хүүхдийг онцлон шалгаруулсангүй бүгдэнд нь бэлэг гардуулав. Хурдан “дааганууд” дараа нь наадмын талбайн захад захиалан авчирч босгосон үсэрдэг том тоглоомон дээр өдрийн турш хөгжилдөн тоглож орох хаалганы дэргэд ирсэн мөхөөлдөсний алаг машиныг тойрон өнжсөн. Улаанбаатар хотын Баянгол дүүргийн өндөр настан Х.Лена хүүхдийн уралдааны 25 ш малгай хийж явуулан ивээн тэтгэсэн билээ. Хурдан даага унасан хүүхэд болгон магнай дээрээ дугаартай хөөрхөн тэр малгайгаар гоёсон байсан. Мөн наадамд хүрэлцэн ирсэн бүх хүүхдэд тусгайлан бэлдсэн 200 ш бэлэг тараасан бөгөөд энэ бэлэгийг М.Айгул, Уянга, Должин, Амгалан нар мөн Сан Францико хотын Г.Өнөржаргал, Г.Буянжаргал, Г.Хишигжаргал нарын бүсгүйчүүд тус бүр 100 ш-ээр бэлтгэн хишиг тараав.
Шагайн тойромд 5 баг өрсөлдөн онч мэргээ сорин ширүүн өрсөлдөв. Хөрш Сакраменто хотоос ирсэн баг энэ жилийн наадмаар онцгой сайн харваж хамаг шагналыг хамах дөхсөн байна. Багийн харваанд Цолмон ахлагчтай “Уухай” баг түрүүлж Сакраменто хотын Эрдэнэчулуун ахлагчтай “Тойром” баг удаалж Эрдэнэбаяр ахлагчтай “Эв Эе” баг 3-р байранд шалгаран алт мөнгө хүрэл медалын эзэд болцгоов. Цуваа харваанд Сакраменто хотын Ганзориг 20 сумнаас 19 онож түрүүлсэн бол Оакландын дэд мэргэн Цолмон 17 онож удааллаа. Харин гуравдугаар байрын төлөө Конкордын Цэрэн, Сакраментогийн Эрдэнэчулуун, Соёлоо нарын гурван харваач оноо тэнцэн дахин харвахад Соёлоо илүү онож хүрэл медалаар энгэрээ мялаав. Шагайн тойром жилээс жилд өргөжин тэлж буй нь багуудын барьсан сум хасаа, өмссөн зүүсэн, өгч авч байгаа шагнал урамшууллаас илхэн харагдаж байна. Чикаго хотноо болох америкийн монголчуудын шагайн аварга шалгаруулах 2 дахь удаагийн тэмцээний өмнөх сорилго болсон наадмын харваа багуудын уухай түрлэгийн доор урамтай сайхан болжээ.
“Замдаан” сэтгүүлийн нэрэмжит олс таталтын тэмцээн онц сонирхолтой явагдав. Оакланд, Сан Франциско хотын бүлтэй чадалтай булчинлаг засуусаас бүрдсэн 8 баг оноолтоор өрсөлдөж Сан Франциско хотын Билэгээ ахлагчтай “Найзууд”баг бяр чадал заан тэргүүлж Булган ахлагчтай “Би Монгол” баг удааллаа. Олныг хөгжөөн уухайлуулсан энэ тэмцээнд Бат Эрдэнэ ахлагчтай “Бид чадна”, Өлзий ахлагчтай “Залуучууд”, Оюунболд ахлагчтай “Оакланд”, Бат-Энх ахлагчтай “Дашаа доожо” дэвжээ, Отгонбаатар ахлагчтай “Эмануэл”, Ачаа тээврийн үйлчилгээний “Соко энд Зоригоо” багууд өрсөлдсөн бөгөөд тэргүүн байр эзэлсэн “Найзууд” багийн 10 залууг Майкрософт компанийн салбарт ажилладаг мэргэжилтэн бүсгүй М.Сувдмаа компанийнхаа логотой цамц үзэгээр шагнаж урамшууллаа. Тэмцээн явуулхад талбайд тусалсан Сүрэн ах, Эрдэнээ, бас нэрийг нь тогтоож амжаагүй нэгэн залууд баярлалаа.
Наадмын талбайг тойроод хамт олноороо, гэр бүлээрээ майхан сүүдрэвчээ босгож бэлтгэн ирсэн идээ тавгаа засааад тухлан сууж тав тухтай наадацгаав. Хоол хүнсний худалдааны цэг хангалттай олон ажиллаж оочер дараалал үүсэх зовлон байсангүй. Мөн талбайд төрөл бүрийн үйлчилгээ сурталчилгаа явагдаж байснаас заримыг сонирхуулахад Эл Серритогийн Найрамдалын эрхэлдэг онлайн дэлгүүр бэлэг дурсгалын эд бараагаа элбэг дэлбэг дэлгэж Лос Анжелес хотоос ирсэн авъяаслаг зураач Мөнхжин хөрөг зураг хоромын дотор буулган, уран бийрээр нэр хаяг хуучин монголоор бичиж мэргэжилийн үйлчилгээ явуулав. Мөн америк дахь монгол зохиолч яруу найрагчдын АМУЗ төв ном бүтээлээ дэлгэн, Валнут Грийкийн Саруулдарь охин орчуулгын номоо сурталчилж, Фриймонт хотын Саруул бага насны монгол хүүхэд багачуудад зориулан саяхан бичиж хэвлүүлсэн монгол хэлний цагаан толгой цуврал номоо танилцуулж зогсоо харагдана. Мөн Монголоос саяхан авчирсан үндэсний содон зураг бичигтэй футболк гүйлгээ сайтай байв.
За тэгээд амттай хуушуур, салад, алаг эрээн шорлог, халуун цай, сэрүүн ундаа юм юм л байсан. Зарим нэгээс нь цухас дурдхад “Дээжис” брэндийн нарийн боовны цэг, Даваа, Нараа нарын давс сонгино нь таарсан хуушуур, Эрдэнээгийн эрээн алаг амтат шорлог, Хосоогийн хольцгүй махан амттай хуушуур Цуваа, Сүхээ хоёрын гэрийн хиицтэй гарын хуушуур гээд уртаас урт жагсаалт гарна. Үйлчилгээ явуулсан хүмүүсийг бүгдийг нь тусгайлан тэмдэглэж аваагүйдээ хүлцэл эрье.
Баярын талбайд буцлаж байсан бас нэгэн үйл явдал бол хөлбөмбөгийн дэлхийн аваргын 3-р байрын төлөө Герман Уругвайн халз тоглолтыг наадмын комисс амласан ёсоороо шууд нэвтрүүлсэн юм. Энэ чухал тоглолтыг наадмын талбайд үзүүлэх ажил олон хүний оролцоо туслалцаагаар саадгүй сайхан бүтлээ. Дайрект ТВ сансрын антенныг өглөө эрт угсран зоож бэлэн болгосон Конкордын нэр нэгтнүүд С.Болдбаатар, Д.Болдбаатар, хаа холоос антеннаа зөөж авчран тусалсан Сакраментогийн Ганзориг, хүлээн авагч төхөөрөмжөө хэрэглүүлсэн Аламедагийн Чингүн, Минжээ нартаа хөлбөмбөг сонирхогчдынхоо өмнөөс гүн талархал дэвшүүлье!
Хөлбөмбөгийн тоглолтын дараа хоосон үлдсэн сүүдрэвчинд хэсэг охид ирж хүүхэд багачуудын хацар нүүр, гар дээр монголын далбааны өнгөтэй хөөрхөн чимэглэл зурж өгч байв. Эд нар бол Сакраменто хотын Энхбатын Намуунаа тэргүүтэй охид хөвгүүд байв. Тэд золгүй ослын улмаас хөлөө тайруулсан найздаа туслахаар буяны хандив цуглуулах алжыг санаачлан наадамчдаас хандив дэмжлэг авч ганц өдрийн дотор 900 гаруй доллар хуримтлуулаад найзынхаа ээжид өгч байсныг онцлон дурдмаар байна. Ууганбаяр маань урд жилийн наадмаар барилдан шөвгөрч байсан нь саяхан. Тэрээр одоо дахин мэс засалд орох шаардлагатай болоод байгаа юм. Сайхан сэтгэлтэй Намуунаа нарын охид хөвгүүд, хандив тусламж өргөсөн нийт наадамчин олон та бүхэндээ Ууганаагийн ахын хувьд мэхийн талархаж байна.
Наадмын төв асар тайз чимэглэлийг угсрах ажилд олон хүн оролцон туслаж босголоо. Тухайлбал Милбрай хотноо байрладаг засварын газрын засварчин Ганбаа тэргүүтэй Мияагаа, Ш.Самбуу, Чулуунсүх, Ш.Баатар, Г.Мандуул, Төгөлдөр, Баасансүрэн нар их асарын бэхэлгээ тулгуур багануудыг тааруулан зангидаж бэлэн болгосон бол, наадмын тайз босгох ажлыг “Дашаа доожо” дэвжээнийхэн багш Бат-Энхийн удирдлага доор хариуцан хийлээ. Тус дэвжээний охид хөвгүүд наадмын талбайн хамгаалалтыг давхар хариуцан хийж гүйцэтгэсэн юм. Милбрай хотын Баяраа, Баасансүрэн, Б.Төгөлдөр, талбайн тохижилт хувиралалтыг гардан хийсэн Эрдэнэбат, С.Түвшинтөгс, үүдний үйлчилгээнд ажилласан Д.Баярсайхан, Г.Буянжаргал, Б.Энхжаргал, С.Цэрэндулам, Х.Солонго, А.Тэлмэн, А.Цолмон, А.Тэмүүлэн, наадмын их асарт ажилласан Сүрэн ах, Г.Тунгалаг, Ц.Алтантуяа, Д.Дүүрэнжаргал, Б.Түмэндэмбэрэл, идээ будааг бэлтгэн нийлүүлсэн Оюунгэрэл, часхийсэн сайхан айраг бэлтгэж авчирсан Н.Энхжаргал, санхүү тооцоог гардан хариуцсан Б.Загдсүрэн, дуу хөгжмийн соунд тохиргоо техник хэрэгслийг гардан хариуцсан С.Төмөрбаатар, худалдаа үйлчилгээний зохион байгуулалтыг хариуцсан Даваадорж, Нараа, Түмээ, тайзны чимэглэл бэлтгэсэн Бат-Энх, Дашаа, хөтлөгч Батхуяг, Ц.Батсоёмбо та нартаа их баярлалаа. Мөн баяр наадмын комисын ажлыг хариуцан зангидаж үндсэн ажлынхаа хажуугаар цаг заваа харамгүй зарцуулан зүтгэсэн БАМХ-ны тэргүүн, тэргүүлэгч гишүүдэд наадамчин олныхоо өмнөөс баяр хүргэе!
Баярын талбайн цэвэрлэгээг хариуцан хийхээр санаачлага гаргасан Сан Франциско хотын Отгонбаяр тэргүүтэй Христийн “Эмануэл” чуулганы хамт олонд нийт наадамчдынхаа өмнөөс дахин талархал илэрхийлье! Тэд өдрийн турш талбайг цэвэрлэн хог хаягдлыг ялган цуглуулж хоёрдахь түүхий эдийг тушаагаад олсон орлогоо хүүхдийн байгууллагад хандивлах юм байна. Наадмын дараа талбайд барьж босгосон асар майхан, тайз, чимэглэлийг хурааж дуусах хүртэл тус хамт олон зохион байгуулагчидтай хамт үлдэж талбайг ганц ч хаягдалгүй болтол цэвэрлэсэн. Ирэх жил энэ газараа наадам хийхээр хүсэлт тавихад паркийн захиргааны өмнө ийнхүү нүүр бардам болов. Мөн талбайд наадмын үйл ажиллагааг сурвалжилсан “Калифорнын Монголчууд” студийн редактор Н.Шинэ-Од, зураглаач С.Эрдэнэбат, "МAND" студийн Мандах, мэргэжилийн фото зурагчин Э.Эрдэнэбаяр, Сакраментогийн Чинбат нарт талархал дэвшүүлье!
Оройн арга хэмжээ Оакланд хотын төв дэх Ахмадын ордоны тохилог бүжгийн танхимд боллоо. Монгол Улсын Ардын жүжигчин, дуурийн дуучин А.Долгор, дуурийн дуучин Батхуяг, “Хөх Монгол” хамтлаг ээлжлэн ая дуугаа өргөсөний дараа залуусын диско бүжиг шөнө дунд болтол үргэлжлэв. Харин нилээд оройтож эхэлсэн баярын диско ид дундаа үргэлжлэж байгаад хаах цаг болсон тул залуус багагүй гомдолтой байсан. Шөнийн 12 цагт үүдээ барих журамтай тул дагахаас өөр арга байсангүй, оройн найман цагт гэж зарлаад бэлэн хүлээж байхад цагтаа цуглаагүйд бас буруу бий. Харин эрт ирсэн дунд насныхан дуурийн нэртэй дуучны сонгодог аригийн аянд нийтийн бүжиг хийж сайхан концерт үзэцгээв.
Наадмын талбайд миний авсан гэрэл зургийг энд дарж үзнэ үү. Ш.Баатар анд фото зургуудаа интернэтэд байрлуулсныг энд дарж үзээрэй. Мөн мэргэжилийн авъяаслаг фото зурагчин Э.Эрдэнэбаяр ур чадвараа гарган урт том дурангуудаа хэрхэн ажиллуулсныг энд дарж сонирхоорой. Калифорнийн монголчууд" студийн видео сурвалжлага тун удахгүй бэлэн болно. Ийнхүү энэ жилийн наадмын арга хэмжээ ярих дуулгах сонинтой, урлаг соёлын сайхан тоглолттой, хол ойрын зочид гийчидтэй, хүүхэд багачуудын хөөр баясал, наадамчин олны хөл хөдөлгөөн ихтэй, идээ будаа, эд бараа элбэг дэлбэг сайхан болж өнгөрлөө. Америкийн баруун эрэгт тэмдэглэсэн арван гурав дахь наадмын тоймыг товчлон хүргэв. Ирэх жил энэ газараа эргээд баяртай уулзацгаая, дараа жилийн наадам даанч хол биш ойрхон байна. Фото, видео, мэдээ тоймыг Д.Цэрэндорж 2010 оны 7 дугаар сар 13 Сан Франциско хот
Хандив туслалцаа үзүүлсэн байгууллага хувь хүмүүсийн жагсаалт
1. Жим интернэшнл компани. (Наадмын төв асарын шинээр захиалж хийлгэх ажлыг ивээн тэтгэсэн) 2. Сан Франциско хотын Эмануел Христийн чуулган - $200 3. Оакландын Даваа, Нараа нарын гэр бүл - $100 + Бэлэг дурсгалын зүйл 4. Бэй Аэриагийн монголчуудын хөлбөмбөгийн зөвлөл - $100 5. Оакландын Баярсайхан, Баасансүрэн нар - $100 6. Бэй Аэриагийн монголчуудын шагайн товчоо - $200 7. Мэндээ (Конкордын) - $100 8. Бор, Ууганцэцэг нар - $130 9. Батсуурийн Ганзориг, Батсуурийн Нэргүй нар - $250 10. Монгол эмч нарын зөвлөл - $100 11. Гантуяа (Aчаа тээврийн "Хоёулаа хүү" компани) - $300 12. Эмэгтэйчүүдийн холбоо - $100 13. Ган-Очир (Аламеда) - $100 14. Ш.Баатар (Сан Франциско) - $100 15. Сан Франциско хотын Лачин, Байгалмаа нар - $100 16. Англофрейд компани - $200 17. М.Бат-Эрдэнэ - $50 18. Оакландын Б.Бадрал, Гангатуул нар - Үнэ бүхий зүйл 19. Валнут Грийкийн Баяраа Ариунаа нар - $40 үнэ бүхий зүйл 20. Улаанбаатар хотын Баянгол дүүргийн өндөр настан Х.Лена хүүхдийн уралдааны 25 ш малгай хийж явуулан ивээн тэтгэсэн 21. Оакландын Батжаргал, Цасчихэр, Төгөлдөр нар - $100 22. Аламедагийн А.Болдсүх - $100 23. Майкрософтийн төвд ажилладаг М.Сувдмаа - Олс таталтын тэмцээний тэргүүн байрны шагналыг ивээн тэтгэсэн. 24. М.Айгул, Уянга, Должин, Амгалан нараас хүүхдийн 100 ш бэлэг 25. Бэркли хотын Чулуунсүх, Энхжаргал нараас олон өнгийн бөмбөлөг, туг далбаа 26. Сан Францико хотын Г.Өнөржаргал, Г.Буянжаргал, Г.Хишигжаргал нараас хүүхдийн 100 ш бэлэг 27. Мөнхбат тэргүүтэй барилгын хамт олноос уламжлал ёсоор хүүхдийн барилдааны шагнал 28. Валнут Грийк хотын Оюунгэрэл $150 үнэ бүхий тавгийн идээ боов. 29. Улаанбаатар хотоос Б.Мөнхбаатар, Ц.Пүрэвсүрэн нар бэлэг дурсгалын зүйлийг захиалан авч илгээсэн. 30. Аламедагийн Энхжаргал наадмын төв асарын айраг цагааг бэлтгэн нийлүүлсэн. 31. Сан Франциско хотын Баатар, Мядагаа - $100 32. Солонгоо эмч - $50 33. Занабазар төв. Дамчаабазар лам - $50 34. Ч.Мөнхсайхан - $50 35. Чинбат (Окаланд хот дахь шүдний эмнэлэгийн техникч) - $50
Бэй Аэриагийн Монголчуудын Үндэсний Баяр - Наадам – 2010 он
Баяр наадмын мэнд хүргэе!
Зохиогч Цэрэндорж
Баасан, 09-07-2010 20:38
Маргааш буюу Бямба гарагийн өглөө 11:00 цагаас Сан Франциско хотын Голден Гэйт цэцэрлэгт хүрээлэнд бэй аэриагийн монголчуудын баяр наадмын ажиллагаа эхлэх гэж байна. Америкийн баруун эрэгт суугаа монголчууд бид арвангурав дахь жилдээ монгол соёл ахуйгаа сурталчлан түгээж байгаа энэхүү арга хэмжээний хамрах цар хүрээ жилээс жилд өргөжин тэлсээр буй билээ. За ингээд харийн нутагт хамтдаа ёслол төгөлдөр тэмдэглэхээр бэлэн болоод байгаа баяр наадамдаа хүрэлцэн ирж өргөнөөр оролцоорой. Сан Франциско хотын захиргаа, хотын дарга ноён Гэвин Нюсом жил бүрийн 7 сарын 11-ийг Монголчуудын Өв Соёлын Өдөр болгосон уламжлалаа давхар батлан баярын мэндчилгээ дахин ирүүллээ. (Зураг дээр). Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний 3-р байрын төлөөх шигшээ тоглолтыг наадмын талбайд шууд нэвтрүүлнэ. Дайрект ТВ ангилалын сансрын антенн бүхий холболтыг Сакраменто хотын Ганзориг мэргэжилийн түвшинд гардан хийх гэж байна. Мөн шууд нэвтрүүлгийг дамжуулах ажилд техникийн туслалцаа үзүүлж байгаа Конкордын Болдоо, Аламеда хотын Чингүн нартаа хөлбөмбөг сонирхогчдынхоо өмнөөс гүн талархал дэвшүүлье!
Хүүхэд багачуудад зориулсан "Унаган хэл" ном гарлаа
Зохиогч Цэрэндорж
Пүрэв, 08-07-2010 22:47
Бэй Аэриагийн Фриймонт хотод суугаа П.Саруул гэдэг бүсгүй хүүхэд багачуудад зориулсан нэгэн сайхан ном гаргалаа. Америкт өсөж төрсөн монгол хүүхэд багачуудаа эх хэлний анхны мэдэгдэхүүн олгохоор гаргасан энэ ном 2-4 насныханд зориулагджээ. Тус номонд монгол хэлний үндсэн мэдэгхүүнийг зураг тайлбарын хамт тун сонирхолтой үзүүлжээ. Үсэг, Тоо, Өнгө, Амьтад, Эсрэг үгс зэрэг цувралууд бүхий энэ номын зураг чимэглэлийг П.Өлзийбуян хийж агуулгыг зохиолч Пүрэв гуайн охин Саруул эрхлэн бичиж баяр наадмын өмнө багачууд хүүхэддээ бэлэг сайхан бариад байна. Уг номыг наадмын талбайд сурталчлан тараах бөгөөд сонирхсон хүмүүс зохиогчтой баяр наадмын үеэр уулзан худалдаж авах боломжтой бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэлийг
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү
хаягаар эсвэл 510 894 3019 утсаар харилцан аваарай.
Баяр Наадамдаа хүрэлцэн ирээрэй
Зохиогч Цэрэндорж
Лхагва, 07-07-2010 18:23
Сан Франциско хотын Голден Гэйт Паркт Бямба гарагийн өглөө 11:30 АМ цагаас эхлэн Бэй Аэриагийн Монголчуудын баяр наадмын ажиллагаа явагдана. Энэ жилийн баярын хөтөлбөрт Монгол улсын дуурийн нэрт дуучин ардын жүжигчин А.Долгор оролцохоор болсныг дуулгахад таатай байна. Мөн ардын язгуур урлагийн "Хөх тэнгэр", эстрадын "Хөх монгол" хамтлаг, Хүүхдийн гэр төвийн бүжгийн хамтлаг, уртын дуучид, ардын цөөхүүл хөгжимчид болон морин хуурчид оролцон уран бүтээлийн дээжээ толилуулна. Баяр наадмын хөтөлбөрт Нээлтийн ёслолын ажиллагаа. (Төрийн дуулал, тугаа залах, баярын мэндчилгээ зэрэг) Урлаг уран сайхны тоглолт. (АЖ А.Долгор тэргүүтэй уран бүтээлчид оролцоно) Үндэсний бөхийн барилдаанд аймаг цэргийн цолтой хүчит 32 бөх зодоглоно. Шагайн харвааны тэмцээнд улсын цолтой мэргэн харваачид оролцоно. Хүүхдийн хурдан дааганы уралдааныг 4, 5 гэсэн хоёр насны ангилалаар зохион байгуулна. Олс таталтын тэмцээнийг тус бүр 10 хүнтэй 6 шилдэг багийн хооронд явуулна. Бэй Аэриад үйл ажиллагаа явуулдаг олон нийтийн байгууллага, пүүс компани хувь хүмүүсийн танилцуулга сурталчилгаа. Шагнал гардуулах ажиллагаа. Бага насны хүүхдүүдийн дунд үсэрдэг тоглоом дээрх чөлөөт тоглолт Монгол хоол, хуушуур бууз, амтат шорлог салад бүхий хоол хүнсний үйлчилгээ. Төрөл бүрийн худалдаа үйлчилгээ. Хаалтын ажиллагаа.
Оройн баярын диско үдэшлэг Оакланд хотын төвд байрлах Ахмадын дурсгалын ордонд 8 цагаас эхлэн явагдах бөгөөд Монгол Улсын АЖ, А.Долгор ая дууны дээжээ өргөнө. Мөн залуусын диско бүжгийн үдэшлэг шөнийн 12:30 АМ цаг хүртэл үргэлжилнэ. Баярын үдэшлэгийн тасалбарын үнэ $30 Баярын талбайд нэвтрэх тасалбарын үнэ $6
Наадмын бэлтгэл ажлын явцаас
Зохиогч Цэрэндорж
Мягмар, 29-06-2010 22:23
Сан Францискод ирэх долоо хоногт тэмдэглэх баяр наадамдаа БАМХ-ноос бэлтгэж ажил төрөл ар араасаа ундарч байна. Наадмын зохион байгуулалтaнд нэмэр хандив туслалцаа үзүүлж байгаа байгууллага, хувь хүмүүст нийт монголчуудынхаа өмнөөс талархал дэвшүүлье!. Энэ жилийн наадмын талбайд засах асарыг монголоос захилан авчруулж бэхэлгээ багана бүхий төмөр хийцийг шинээр угсарч зангидан бэлэн болголоо. Энэ ажлыг өнгөрсөн Ням гарагт Милбрай хотноо байрладаг Auto Teck Center засварын газарт ажилладаг Ганбаа, БАМХ-ны тэргүүн Хишигбаяр, Милбрай хотын Баяраа, Сан Франциско хотын Самбуу, Цэрэндорж нар амралтын өдрөөр халуун наранд халшралгүй хичээн барьж босгов. Наадмын талбайд байрлуулах хүүхэд багачуудын үсэрдэг тоглоом Jump house авах зардлыг БАМХ-ноос гаргаxаар шийдлээ. Энэ жилийн наадмын талбайн ерөнхий байдлыг харах
Хандив үзүүлсэн байгууллага хувь хүмүүс 1. Жим интернэшнл компани. (Наадмын төв асарын шинээр захиалж хийлгэх ажлыг ивээн тэтгэсэн) 2. Сан Франциско хотын Эмануел Христийн чуулган - $200 3. Оакландын Даваа, Нараа нарын гэр бүл - $100 + Бэлэг дурсгалын зүйл 4. Бэй Аэриагийн монголчуудын хөлбөмбөгийн зөвлөл - $100 5. Оакландын Баярсайхан, Баасансүрэн нар - $100 6. Бэй Аэриагийн монголчуудын шагайн товчоо - $200 7. Мэндээ (Конкордын) - $100 8. Бор, Ууганцэцэг нар - $130 9. Батсуурийн Ганзориг, Батсуурийн Нэргүй нар - $250 10. Монгол эмч нарын зөвлөл - $100 11. Гантуяа (Aчаа тээврийн "Хоёулаа хүү" компани) - $300 12. Эмэгтэйчүүдийн холбоо - $100 13. Ган-Очир (Аламеда) - $100 14. Ш.Баатар (Сан Франциско) - $100 15. Сан Франциско хотын Лачин, Байгалмаа нар - $100 16. Англофрейд компани - $200 17. М.Бат-Эрдэнэ - $50 18. Оакландын Б.Бадрал, Гангатуул нар - Үнэ бүхий зүйл 19. Валнут Грийкийн Баяраа Ариунаа нар - $40 үнэ бүхий зүйл 20. Улаанбаатар хотын Баянгол дүүргийн өндөр настан Х.Лена хүүхдийн уралдааны 25 ш малгай хийж явуулан ивээн тэтгэсэн 21. Оакландын Батжаргал, Цасчихэр, Төгөлдөр нар - $100 22. Аламедагийн А.Болдсүх - 100 23. Майкрософтийн төвд ажилладаг М.Сувдмаа - Олс таталтын тэмцээний тэргүүн байрны шагналыг ивээн тэтгэсэн. 24. М.Айгул, Уянга, Должин, Амгалан нараас хүүхдийн 100 ш бэлэг 25. Бэркли хотын Чулуунсүх, Энхжаргал нараас олон өнгийн бөмбөлөг, туг далбаа 26. Сан Францико хотын Г.Өнөржаргал, Г.Буянжаргал, Г.Хишигжаргал нараас хүүхдийн 100 ш бэлэг 27. Мөнхбат тэргүүтэй барилгын хамт олноос уламжлал ёсоор хүүхдийн барилдааны шагнал 28. Валнут Грийк хотын Оюунгэрэл $150 үнэ бүхий тавгийн идээ боов. 29. Улаанбаатар хотоос Б.Мөнхбаатар, Ц.Пүрэвсүрэн нар бэлэг дурсгалын зүйлийг захиалан авч илгээсэн. 30. Аламедагийн Энхжаргал наадмын төв асарын айраг цагааг бэлтгэн нийлүүлсэн. 31. Сан Франциско хотын Баатар, Мядагаа - $100 Бэй Аэриагийн Монголчуудын Үндэсний Баяр - Наадам – 2010 он
ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АРИУН ЦЭВЭР, ЭРҮҮЛ АХУЙН ГЭРЭЭ
Бэй Аэригийн Монголчуудын Үндэсний Баяр Наадмын үеэр Хоол, хүнсний худалдаа үйлчилгээ явуулах хувь хүн, хамт олон, байгууллага, компани нь уг гэрээний дагуу доорхи шаардлага, нөхцлүүдийг баримталж ажиллана. Үүнд:
1) Хоол хүнсний худалдаа үйлчилгээ явуулах хувь хүн, хамт олон, байгууллага компани 7-р сарын 9-ний өдрийн дотор бүртгүүлж, талбайд байрлах заавар, зөвшөөрөлийг авах, зохих хураамж $80, депозит $50 тус тус төлнө. Зөвшөөрөлгүйгээр хүнсний худалдаа явуулахыг хориглох ба явуулсан тохиолдолд паркийн захиргаанаас торгууль $150 торгуултай. 2) Худалдаа үйлчилгээ явуулах газарт өглөөний 10 цагаас хоцрохгүй ирж, урьдчилан бэлтгэлээ хангаж, ширээ лангуу болон бусад холбогдох хэрэгсэл, тавиурыг зориулалтын цагаан бүтээлгээр бүтээх, ажлын байрны шаардлага хангаж жигд хувцас өмсөх, 1 удаагийн бээлий, аяга, таваг, халбага, сэрээ, ’То Gо’ bох, амны цаас зэргийг хангалттай бэлтгэж ирэх 3) Хоол хүнсний зүйл бэлтгэхдээ галын аюулгүй байдлыг сайтар хангаж, түргэн муудах хүнсний зүйлийг зохих зааврын дагуу хадгалах, ашигласан тос болон хоол хүнсний үлдэгдлийг газар ил асгахгүй байх бөгөөд зориулалтын уут, сав баглаа боодлыг бүрэн хангааас гадна хүрээлэн байгаа орчинг бохирдуулахгүй байхыг анхаарах 4) Мах шарах, шорлог хийх, хуушуур шарахад зориулж ашигласан нүүрс, болон бусад гал гаргах аюултай бодис, хаягдлыг бүрэн унтрааж, хог хаягдлыг зорилалтын уутанд хийж битүүмжилж хаях 5) Эрүүл, шинэ хоол, хүнсний зүйлсээр үйлчлэхээс гадна эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй улмаас үйлчлүүлэгдийн эрүүл мэнд хохирсон (хоолны хордлого, бусад халдварт өвчин) асуудлыг тухайн үйлчилгээ үзүүлсэн этгээд бүрэн хариуцах 6) Хогийн сав, уут худалдаа үйлчилгээ явуулж буй цэгийн ойролцоо байрлуулах, таг амсрыг битүү байлгах, дүүрсэн тохиолдолд даруй шинээр солих, наадмын дараа хариуцсан талбай, орчны хог хаягдлыг (шил, хуванцар сав, сонин, цаас, нойтон хог) цэвэрлэсний (тус бүрийг зориулалтын уут саванд ангилан хийх) дараа наадмын комисст хүлээлгэн өгч, депозитоо буцаан авах эрхтэй 7) Хүнсний худалдаа, үйлчилгээ, сурталчилгаатай холбоотойгоор эрүүл ахуйн шаардлага, зохистой ажиллагааг хангаагүйгээс үүссэн аливаа маргаантай асуудал болон торгууль, шийтгэлийг худалдаа үйлчилгээ явуулж буй хувь хүн, байгууллага компани нь хуулийн дагуу өөрсдөө бүрэн хариуцах 8) Хувь хүмүүс, хамт олны бүтээлч ажиллагааг сурталчилсан сурталчилгаа, үзүүлбэр, арга хэмжээ зэргийг зохион байгуулах боломжтой бөгөөд эдгээр үйл ажиллагааг зохион байгуулахдаа хүрээлэн буй орчин, бусдын үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр зөв зохистой зохион байгуулна. Аливаа гарч болзошгүй хог хаягдлыг урьдчлан тооцоолж зохих бэлтэгийг хангаж ажиллах 9) Худалдаа, үйлчилгээ, сурталчилгаа явуулах хувь хүмүүс, албан байгуулага нь үйлчилгээний өндөр соёлыг эрхэмлэн, наадамчин олонд зов зохистой үйлчлэх
Тайлбар: Дээрх гэрээний шаардлага, нөхцлүүд нь Сан Франсиско хотын захиргаатай хийсэн гэрээний нөхцөл, шаардлагад үндэслэсэн болно.
Гэрээтэй танилцан, нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн ......................................................................
Наадмын комиссын төлөөлөгч ..........................................................................................................
Жич: Уг санамжтай холбоотой санал хүсэлт , асуух зүйлээ Даваадоржтой 510-501—1619 утсаар холбоо бариарай.
БАМХолбоо
Хөлбөмбөгийн баяр баясгаланг хүмүүст бэлэглэлээ,
Зохиогч Ц.Энхтүвшин
Баасан, 02-07-2010 10:49
Х олланд - Бразил 2:1 Гоол: Робиньо, 10 (0:1). Фелипе Мелу, 53 - автогоол (1:1). Снайдер, 68 (2:1).Холланд: Стекеленбург, ван дер Вил, Хайтинга, Оэйер, ван Бронкхорст, ван Боммел, де Йонг, Снайдер, Роббен, Кайт, ван Перси (Хунтелар, 86). Бразил: Жулиу Сезар, Майкон, Лусиу, Жуан, Мишел Бастос (Жилберту Мелу, 62), Даниэл Алвес, Фелипе Мелу, Жилберту Силва, Кака, Луис Фабиану (Нилмар, 77), Робиньо. Шар хуудас: Хайтинга, 14. Мишел Бастос, 37. ван дер Вил, 47. де Йонг, 64. Оэйер, 76. Улаан хуудас : Фелипе Мелу, 73 (улаан хуудас). Шүүгч: НИСИМУРА, Сагара (бүгд - Япон), Жон Хэ Сан (БНСУ).
Дэлхийн аваргын “чимэг” болсон тоглолт өндөрлөөд хэдхэн минут болж байгаа ч утас маань “улайстлаа” хангинаж байна. 29 жилийн турш Бразилийн үнэнч фэн байгаа над руу олон ч удаа хожигдож “хороо хусуулж” байсан хөлбөмбөгийн ногоон талбайн “дайснууд”, хүний амьдралд бол найзууд маань болох Итали, Франц, Англи тэргүүтэй бусад багуудын фэнүүдийн нийлсэн арми нэгдсэн фронтоор давшилж буй нь тэр ээ. Тэр болгонд миний бие утасаа аваад хариулт өгөх “тэнхээгүй” болоод байгаа тул “бичгээр” албан ёсны хариу өгч буй нь энэ. Бас Бразилийнхаа хожигдлын тухай бичихгүй байна гэсэн хэл яриа ч гарна гэдгийг гадарлах тул. Зэ энэ бүхэн ч яахав, үнэхээр дуусан дуустлаа өндөлзүүлж, хашгируулсан сайхан тоглолт болсныг нэгдүгээрт тэмдэглэе. Бас “Ялсан армийн” сүр хүчийг үнэлэн, “улбар шаруудад” баяр хүргэхийн ялдамд удаах даваануудад нэг удаа, тэгэхдээ болж өгвөл Өмнөд Америкийн багт “өвдөг шороодохын” өлзийтэй ерөөлийг дэвшүүлье. Тоглолтын тухай бол тайлбар бараг хэрэггүй биз, бүх бүх үзсэн байх. Харин “Унасан бөхийн шалтаг” гэдэг ч баг нь хожигдоод “сэтгэлийн дарамтад” орсон хүнийг ойлгож дараах хэдэн “шалтагыг” хүлээн зөвшөөрөхгүй ч гэсэн зүгээр л уншиж сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхийг гуйя. Манай Бразил хожигдсоны “гол баатар” бол Фелипе Мело байлаа. Өөрийнхөө хаалганд гоол хийсэн нь тохиолдлынх гэж болох боловч ийм хариуцлагатай үед “улаан” авна гэдэг хэзээ ч уучилж болшгүй алдаа. За дараа нь Дани Альвесийн тоглолт. Хэдийгээр хамгаалагч хүн яахав “пол” руу тоглосон гэж түүнийг бага ч гэсэн хайцаалж болох ч дэлхийн хамгийн үнэтэй хамгаалагч Бразилд бол хамгийн ашиггүй тоглогч байлаа. Хэрэв Элану гэмтээгүй бол Дани Альвис хэмээх дэндүү хувийн амбицтай энэ нөхөрт талбайд гарах зай олдохгүй байсан билээ. Дандаа өөрийнхнийгөө муулахаар бас нэг тиймэрхүү. Ямар хожсон Холландын баг руу “дайралтай” биш. Тэд үнэхээр л хожсон болохоор юу гэхэв. Дэлхийд тав түрүүлээд үзчихсэн баг, бас хожигдож ч чаддаг байх хэрэгтэй. Тэгэхээр шүүгчид хэдэн үг хэлэхгүй бол болохгүй нь. Японы шүүгчийн хамгийн том алдаа бол “сагсны шүүгч” шиг л юм болгон дээр үлээж, Бразилийн тоглолтын “хэмнэлийг алдуулсанд” байгаа юм. Ялангуяа манай муу Бастосыг яагаа ч үгүй байхад “шар хуудас” өгөөд, “заменд” суулгуулж дөнгөсөн. Тэгээд түүнийг суумагц л зүүн зах эзгүйрээд гоол алдсан даа. Энэ тоглолтын цаг дууссанаас эхлэн өөртөө хэд хэдэн зүйлийн шаардлага тавихаар шийдсэнээ дуулгасу. Нэгэн зүйл. Юуны өмнө Бразилд 2014 оны ДАШТ, 2016 оны Олимпийн наадам болох болохоор тайван байж, ДАШТ-ий үлдсэн тоглолтуудыг үзэж дуусгах Нэгэн зүйл. Хэнд ч ийм хожигдол ирж болдгийг биеэр мэдэрсэн тул “зовлон нэгт” Итали, Англи, Францын балиашигуудад Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас “арын хаалгадан” даралтын эм, зүрхний дусаалга хямд үнээр олж өгөх Нэгэн зүйл. Холландын Heineken, Bavaria шар айргуудаас нэг ширхэгийг ч цаашид худалдан авахаа больж, харин Бразилийн Brahma, Antarctica-д “хөрөнгө оруулж” байх Нэгэн зүйл. Гэргийдээ “Made in Brasil” шошготой гутлаар бэлэг барьж, цаагуураа Бразилийн хөгжил дэвшилд бага ч гэсэн хувь нэмрээ оруулж байх. Нэгэн зүйл. Холландын нэрт зураач Ван Гогын зурсан зургийн хуулбарыг ч болов хэд хэдийг олж, урж гомдлоо тайлах Нэгэн зүйл. Өрхийнхөө хоол, хүнс жимс ногооны “цэснээс” амтат жүрж гэсэн нэрийг хасч, хүүхэд багачуудад “Orange juice” ууж болохгүй гэж байнга сануулж байх Эцэст нь Бат-Эрдэнэ аваргын улсын наадамд түрүүлсэн тоотой Бразилийн хөлбөмбөгчдийн дэлхийд түрүүлсэн тоо тэнцсэн үед л санаа амарч Холландын фэн болох.
За тэгээд хожигдсон ч хөлбөмбөгийн гайхамшиг, баяр цэнгэлийг үзүүлсэн хойно Бразилийнхаа хөлбөмбөгчдийг уучлах. Наанаа инээж, цаанаа уйлж бичсэн Бразилийн фэн Ц.Энхтүвшин
Бөмбөрцөг “хавтгай” болж буй ч бөмбөг бөөрөнхий хэвээрээ
Зохиогч Ц.Энхтүвшин
Ням, 27-06-2010 00:31
“Өмнөд Африк-2010” хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээний хасагдах шатны тоглолтууд эхэллээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болгон өөр өөрийн онцлог, тодотгол дуулиан, шуугиан дүүрэн байдгийг энэ удаагийн тэмцээн ч тойрсонгүй ээ. Тэмцээний хэсгийн тоглолтууд дуусаж, өнөө цагт бусдаасаа ур чадвар, техник, тактик, аз, од гээд ямар ч байсан илүү байгаа, өнөөдрийн хувьд дэлхийд шилдгийн шилдэг нь болох 16 баг хоёр дахь шатанд шалгаран улдсэн. Энд энэ нь ч “үхлийн хэсэгт” байсан, тэр нь ч сул хэсгээс гарч ирсэн, энийг ч шүүгч “хийсэн”, тэрэнд ч дуу чимээтэй вувузела бүрээ нөлөөлсөн гэх “шалтаг” хамаагүй ээ. Шилдэг 16 багийн оролцсон шилдэг 16 тоглолт одоо үлдлээ. Дөрвөн жилд ганцхан удаа болох хамгийн гоё, хамгийн үзүүштэй, хамгийн сонирхолтой, бас хамгийн хариуцлагатай “тулаанууд” болох оргил цаг ирлээ. Одоо бол хэсгийн тоглолтод гардаг шиг тактикийн, нөөсөн, тоглолтууд болохгүй ээ. Хүчтэй нь хүчээ гаргаж, ухаантай нь ухаанаа уралдуулж, ямар ч байсан хэн нэг нь хожиж, хожигдсон нь “гэр” рүүгээ буцах шийдвэрлэх үе ирлээ. Өмнөх дэлхийн аваргаар “Алтан цом”-ыг булаацалдаж, дэлхийн аварга, дэд аварга цолыг хүртсэн Итали, Францын багууд “Хар” тивийн “ногоон талбайд” нэг ч ялалт байгуулж чадалгүй тэмцээний талбарыг орхиж, Өмнөд Америкийн таван баг хэсгийн тоглолтод 15 тоглохдоо 10 хожиж, 4 тэнцэн, ганцхан хожигдолтойгоор тавуулаа (Дөрөв нь хэсэгтээ тэргүүлсэн) дараагийн шатанд 100 хувь шалгарч, Ази, Хойд Америкаас хоёр хоёр баг үлдэж, тивдээ болж буй тэмцээнд “хар” тивийг ганцхан Гана төлөөлөн үлдэж, ДАШТ-д анх удаагаа оролцож буй Словакууд шууд л “хоёрын даваанд” гарч, Шинэ Зеландууд ганц хожигдолгүйгээр “гэртээ” харьж байгаа гээд сонин содон тохиолдол олон болж буй нь энэ удаагийн ДАШТ-ий бас нэгэн онцлог болж байна. Алаг бөмбөгийн жирийн нэг хорхойтноос авахуулаад “архаг” мэргэжилтнүүдийн таавар ч тэс зөрж буй нь тэмцээнийг улам ч сонирхолтой болгож байна. Англи-Герман, Испани-Португал гээд аль нь ч медальд хүрчих чадал, чансаатай багууд дэндүү эрт таарч, хожигдсон нь “гуяаа” ганзаглаад буцах болж байдаг. Тэгтэл Уругвай-БНСУ, АНУ-Гана дөрвөөс нэг нь медальд хүрэх болоод байдаг. Нээрээ ч бөмбөрцөг дэлхий “хавтгай” болж байхад бөмбөг “бөөрөнхий” хэвээрээ л байх юм даа. Хөлбөмбөгийн тоглолт хэзээ ч давтагдашгүй, хэн ч урьдчилан таашгүй байдаг болохоор л сая сая хүн энэ гайхамшигт спортод сэтгэл алдардаг буй заа. Гэвч болох буй тоглолтуудад дүн шинжилгээ хийж, таамаглал дэвшүүлэх нь хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн кайф авдаг зүйлийн нэг билээ. Тиймээс ч бас уншигч авхай нартайгаа таавараа хуваалцахад юунд буруудах билээ.
НААДАМ 2010 Сан Францискод
Зохиогч Цэрэндорж
Баасан, 18-06-2010 06:13
Бэй Аэриагийн Монголчуудын баяр НААДАМ 2010 арга хэмжээ 7 сарын 10-ны Бямба гарагт 10:00 am - 4:00 pm цагт Сан Франциско хотын Голдэн Гэйт паркийн West Speedway Meаdow хэмээх өргөн цэлгэр талбайд тэмдэглэхээр захиалан авч бэлэн болголоо. Урд жилүүдэд баяр наадам тэмдэглэж ирсэн талбайн хэмжээ байрлал багадаж шаардлага хангахгүй болсон тул өөрчлөн хааш хаашаагаа уудам том зайтай бөгөөд ойрхон нийтийн ариун цэврийн тохилог газартай, аль ч талаасаа саадгүй хүрч машин тэргээ хоёр талын замын дагуу байрлуулах боломжтой энэ газрыг сонгон авсан юм. 2009 онд Сан Франциско, Оакланд хотын захиргаанаас жил бүрийн 7 сарын 10, 11 өдрийг монголчуудын өв соёлын өдөрлөг болгон тэмдэглэхээр уламжлал болгон баталсны дагуу Бэй Аэриагийн монголчууд бид америкийн баруун эрэгт 12 дахь жилдээ баяр наадмаа ийнхүү тэмдэглэх гэж байна. Энэ жилийн наадмын талбайд өлзий хээтэй том асар майхан барихаар БАМХ-ноос санаачлан монголд тусгайлан захиалж хийлгэх ажлыг Улсын гарьд Цэрэнпунцагын "Жим интернэшнл" компани ивээн тэгтэж "Луут Асар" компаниар оёулж бэлэн болгосныг наадамчин олон та бүхэнд дуулгахад таатай байна. Төв талбайд хүрэлцэн ирсэн олны тав тухыг илүү сайн хангах үүднээс талбайд жижиг оворын майхан барих зөвшөөрлийн үнийг энэ жил бууруулан $20 болгож тогтоов. Наадамчдын барьсан майхан саваар талбайг тойруулан дугуй хүрээ үүсгэж өмнүүр нь Бэй Аэриад бизнес үйлчилгээ явуулдаг хувь хүмүүс, пүүс компанийн реклам сурталчилгаа бүхийн ижил стандарт хэмжээтэй сурталчилгааны баннер байрлуулан чимэглэнэ. Баярын хөтөлбөрт Наадмын нээлт хаалтын арга хэмжээ, урлагын тоглолт, үндэсний бөхийн барилдаан, хүүхдийн барилдаан, хурдан даагны уралдаан, хүүхдийн үндэсний хувцасны үзүүлбэр, хүүхдийн "Гэр" төвөөс бэлтгэсэн үндэсний бүжгийн үзүүлэх тоглолт, "Замдаан" сэтгүүлийн нэрэмжит олс таталтын тэмцээн, хүүхдийн Jump House тоглоом, шагайн харваа, төрөл бүрийн худалдаа, сурталчилгаа, хоол хүнсний үйлчилгээ зэрэг уламжлалт хөтөлбөрүүд явагдахын зэрэгцээ хөлбөмбөгийн дэлхийн аваргын 3-р байрны төлөөх тоглолтыг наадмын талбайд шууд дамжуулан үзүүлэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Наадмын комисс урьдчилсан байдлаар байгуулагдан БАМХ дээр зохион байгуулалтын анхны хурлаа хийж дараах шийдвэрийг гаргав. Одоогоор ажил үүргийн хуваарь гарган бэлтгэл ажлуудаа эхлэлээ. Баярын хөтөлбөр, урлаг соёлын арга хэмжээг наадмын комиссоос томилогдсон соёл урлагын хэсэг боловсруулан бэлтгэж байна. Мөн наадмын үеэр талбайн хамгаалалт хэв журмыг зохицуулах ажлыг "Дашаа Дожо" клубын тамирчин залуучууд урьдын адил хариуцна. Сан Франциско хотын Отгонбаатар тэргүүнтэй "Христийн Эмануеэл чуулганы" хамт олон хамгийн эхний сайхан санаачлага гарган наадмын талбайн цэвэрлэгээг энэ жил хамт олноороо хариуцан дааж авч зохион байгуулах ажилд анхны $200 хандив туслалцаа үзүүүллээ. Хувь хүмүүсээс анхны хандивыг Конкордын Даваадорж Нараа нарын гэр бүл өргөв. Монголоос БСШУЯ-ны ажилтан, сайдын туслах Дамбийням Америкт сурч байгаа оюутан сургачдын ажлын байрны үзэсгэлэн яармаг Оакланд хотноо зохион байгуулах үеэр амласан ёсоороо хүүхдийн 10 ширхэг зодог шуудаг бэлтгэн ирүүлж байгаа тул хүүхдийн барилдаан энэ жил зодог шуудагтай явагдах боломжтой болов. Баяр наадмын ажилд оролцон туслаж хувь нэмэрээ оруулах компани, байгууллага хувь хүмүүсийг 6 сарын 19 өдөр Бямба гарагт 5 цагаас Оакланд хотноо БАМХ дээр болох наадмын комиссын хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна. Энэ жил Сакраменто хотын монголчууд маань Сангийн наадамдаа нэгдэн оролцох сураг байна. Наадмын бэлтгэл ажлын талаар санал бодлоо илэрхийлэх хүмүүс зохион байгуулагчидтай дараах утсаар харилцаарай. Утас: (415) 596 9541, (415) 272 3003, (510) 541 3487
Майхан барих захиалгыг баяр наадмын талбайн зохион байгуулалт хариуцсан С.Түвшинтөсгтэй холбогдон захиалгаа яаралтай өгч бүртгүүлэн хуваарт оруулна уу? Утас: (925) 726 8515 Наадмын Талбайд тойруулан байрлуулах ижил хэмжээний баннер сурталчилгааны захиалгыг Д.Цэрэндорж хариуцан авч байна. Утас: (415) 509 0494 Энэ жилийн баяр наадмын үеэр ажиллах хоол хүнсний үйлчилгээг нэгдсэн шаардлагын дагуу наадмын хоол хүсний зөвлөл хариуцсан үйлчилгээ явуулах газрыг хувиарлан хураамжийг урьдчилан авч эрх олгоно. Хүнсний үйлчилгээ явуулахаар зөвшөөрөл аваагүй бол наадмын талбай дээр бэлэн болсон хоол ундны зүйлээс бусад байдлаар хоол унд бэлтгэх, майхан дотор болон гадна талд хийн зуух хэрэглэх, гал түлэх зэргийг хориглоно. Мөн согтууруулах төрлийн ундаа архи дарс хэрэглэхийг хатуу хориглоно. Нийтийн хоол хүнсний үйчилгээ явуулах хүмүүс тус зөвлөлийн Түмээ, Даваа нартай яаралтай холбогдон 6 сарын 30 өдрийн дотор бүртгүүлээрэй. Утас: (510) 710 1009, (510) 501 2619. Үйлчилгээний хураамж $80. Дурдсан хугацаанд бүртгүүлж төлбөрөө хийгээгүй бол $120 болохыг анхааруулья.
Баярын үдшийн арга хэмжээ диско үдэшлэгийг Оакланд хотын төвд байрлах тохилог том тайз, бүжгийн заалтай ахмадын ордонд наадмын орой 8:00 pm цагаас эхлэн тэмдэглэхээр захиалсан бөгөөд жил жилийн зохион явуулсан туршлагаас үндэслэн дунд насныханд зориулсан баярын үдэшлэг бүжиг, залуусын диксог нэг газар төвлөрүүлэхийн хамт хоёр тусдаа том зааланд тус тусд нь хийхээр захиалаад байна. Залуусын хүссэн ая дуу бүхий баярын хөтөлбөрийг залуусын оролцоотой комисс гарган тусгайлан бэлтгэнэ. Санал хүсэлтээ оруулах залуучууд наадмын комисстой холбоо бариарай. Төрөл бүрийн зууш ундаа амттан, дарс пиво бүхий баар дунд нь ажиллана. Хаяг: Lake Merritt Dance Center 200 Grand Avenue Oakland CA 94610 .
За ингээд энэ жилийн баяр наадамдаа гэр бүл, ах дүү найз нөхдийнxөө хамт өргөн дэлгэр оролцон Голден Гэйт парк дахь уудамд саруул дэнж дээр урам баяртай уулзацгаая! Хаяг: "НААДАМ 2010" Голден Гэйт Парк, Сан Францико хот (Зураг дээр тэмдэглэдсэн байгаа газар).2010 оны 7 сарын 10. Бямба гараг, 10:00 am то 4:00 pm
БЭЙ АЭРИАГИЙН МОНГОЛЧУУДЫН ХОЛБОО
Баяр наадмын үйл ажиллагааг дэмжин байгууллага, хувь хүмүүс хандив тусламж үзүүлж эхлээд байна. 1. Жим интернэшнл компани. (Наадмын төв асарын шинээр захиалж хийлгэх ажлыг ивээн тэтгэсэн) 2. Сан Франциско хотын Эмануел Христийн чуулган - $200 3. Валнут Грийк хотын Даваа, Нараа нарын гэр бүл - $200 4. Бэй Аэриагийн монголчуудын хөлбөмбөгийн зөвлөл - $100 5. Оакландын Барсайхан, Баасансүрэн нар - $100 6. Бэй Аэриагийн монголчуудын шагайн товчоо - $200
Улсын цолтой бөхчүүд америкийн баруун эрэгт зодоглов
Зохиогч Цэрэндорж
Мягмар, 22-06-2010 17:04
Улсын цолтой бөхчүүдийн сорилго барилдаан өнгөрөгч Ням гарагт Америкийн баруун эрэгт боллоо. Алдарт "Алтан Хаалга" гүүр, Алкатраз аралын бараа далайн мандал дээгүүр алсран харагддаг Бэй Марин хэмээх үзэсгэлэнт эргийн зүлэг ногоон талбайд энэ жилийн улсын наадмын үзүүр түрүүнд үлдээд зогсож байж ч мэдэх өндөр цол эрэмбтэй ир бяр нь ид тэгширсэн идэр залуу заан, харцага, начингуудын хооронд болсон уран мэхт барилдаан тун үзүүштэй сайхан байсан. Сан Хосе хотноо нээгдээд байгаа "Чингис хаан" үзэсгэлэнгийн шугамаар АНУ-д айлчлан ирж байгаа Ардын Жүжигчин дуучин Д.Самбуу гуай, Улсын заан Д.Рагчаа тэргүүтэй урлаг спортынхныг БАМХ-ноос нисэх буудалд тосон авч уулзаад сорилго барилдаан хийж баруун эрэгт баяр наадмын салхийг хагалахыг хүссэнд шууд л маргааш амралтын өдрөөр хийхээр болж бэлтгэл ажлууд өрнөв. Барилдаан зохиохоор товлосон газрын хаяг өөрчлөгдөн зар мэдээ тулгамдан гарсны дээр хүмүүс амралтын өдрүүдэд олноороо хотоос гарсан цаг тул 200 орчим монголчууд хүрэлцэн ирж үзлээ. Сорилго барилдааныг нээж Улсын ардын дуу бүжгийн чуулгын дуучин АЖ Д.Самбуу гуай "Халуун элгэн нутаг", "Үйлсийн сайхан Улаанбаатар", "Зулай цагаан алтай" дуугаар ая дууны түрлэг өргөж хуран цугларсан олны сэтгэлийг утсыг хөндөн хөглөв. Наяад онд улс даяар түгэж байсан Улаанбаатарын маань магтуу Бэркли хотын эрэг тохойд цангинахуй талбайд баярын уур амьсгал орж хүрэлцэн ирсэн монголчууд төдийгүй ойр орчимд амарч зугаалж явсан америк үзэгчид хошууран цугларч "Жамух" чуулгын бүжигчин Отгончимэгийн бүжиглэсэн баруун монгол ардын биелгээ бүжгийг ихэд сонирхон гэнэгүй явж байгаад үнэгүй шоу үзчихлээ гэлцэн сэтгэл ханамжтай зогсоно. Зодог шуудгаа өмссөн заан, харцага, начингууд маань золбоотой сайхан харагдаж байлаа. Энэ өдөр улсын цолтонгуудын торгон зодогноос атган хүчээ үзэж аз хийморио сэргээхээр цэргийн начин Д.Гомбодорж, жюдо бөхийн о.у.х.м Мөнгөнхуяг, Албани хотын Үнэнбат, Оакланд хотын суугуул, Архангай аймгийн Хотонт сумын уугуул Чүлтэм нарын 16 бөх барилдлаа. Америкийн баруун эрэгт улсын цолтой 7 бөх зодоглосон анхны барилдаанд оролцсон гэдэг сайхан дурсамж залуусын сэтгэлд үлдэж гэрэл зурганд хэрхэн буусныг фото сурвалжлагаас үзэж сонирхоорой. Барилдааны талбайд Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Эл Серрито хотын суугуул бөгөөд Бэй Аэриагийн баяр наадамд завсаргүй 10 жил засуул хийж байгаа хүндэт засуул Д.Батжаргал баруун талын засуулаар гарч зүүн талын засуулаар Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул, Новато хотын Д.Лувсанжамбаа гарч Заан, Харцага, Начингуудын уран барилдааныг заслаа. Бөхийн тайлбарлагчаар Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул эрдэмтэн багш, яруу найрагч Базаррагчаа ах ажиллаж ойрдоо цээжнээсээ гаргаагүй цэцэг үгээ харамгүй урсган сайхан тайлбар хийж уран хошин яриагаараа үзэгч олноо баясгав. Эн дашрамд дурдхад улсын заан Д.Рагчаа Бэй Аэриад ажиллаж амьдарч байгаад нутаг буцсан зураач Д.Түвшингийн төрсөн ах бөгөөд Түвшин дүүгийн гараа гаргаж урласан наадмын туг суурийг бид 5 дахь жилдээ хэрэглэж байгаа билээ. Бөхчүүдтэй хамт нэвтрүүлэг бэлтгэж яваа Си-1 ТВ-ийн спортын тоймч Г.Гандөш талбайд бүрэн бичлэг хийж харийн нутагт суугаа монголчуудынхаа халуун сэтгэлийн үгийг алдалгүй буулган авч байсан. Очоод наадмын өмнө хойно 3 удаа давтан гарах тэрхүү нэвтрүүлэгт олон монголчууд оролцон аав ээж ах дүү найз нөхдөдөө баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв. Албан хотноо аж төрөн суугаа Монгол Улсын харцага Б.Жавхлантөгсийг ирэх үед бөхчүүд бүгд босон очиж золгон хүндэтгэл үзүүлж халуун дулаан яриа өрнүүлж гарлаа. Учир нь Архангай нутгаас төрсөн харцага маань "Алдар" нийгэмлэгт дасгалжуулагч байх үед заан Д.Рагчаа, харцага Т.Мөнгөнцоож, харцага Г.Батбаяр (Аварга Өсөхбаярын дүү), харцага М.Батжаргал, начин Д.Батбаяр нар гар дээр нь байсан шавь төдийгүй нутгийн дүү нар ажээ. Мөн Бэй Аэриагийн "дархан аварга" бөхийн чөлөөт барилдааны о.у.х.мастер А.Болдсүх улсын заан Д.Рагчаа нар Их шавийн дээд сургуулийн нэг анги бөгөөд удаан жил уулзаагүй ангийн андууд энэ өдөр баяртай учран золгов. Сан Франциско хотноо суугаа жюдо бөхийн о.у.х.мастер Мөнгөнтуяа Шонхор дээд сургуулийн ангийн анд улсын харцага М.Батжаргал нар бас уулзан ярилцаж суугаа харагдана. Сорилго барилдаанд Архангай аймгийн Булган сумын харъяат Улсын Заан Д.Рагчаа түрүүлж Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул Улсын Харцага М.Өсөхбаяр үзүүрлэв. Түрүү бөхийг БАМХ-ноос DVD тоглуулагчаар шагнаж холоос ирсэн зочдыгоо Америкт олз омогтой явахыг ерөөн аяны үүргэвч гардуулсан юм. Арын сайхан хангай нутгийн бөхчүүд зонхилсон энэ өдрийн соёл урлгын хөтөлбөрийг бэлтгэж хөтөлсөн Архангай аймгийн харъяат Батсоёмбо, сорилго барилдааны идээ шүүсийг бэлтгэж халуун хуушуур цайгаар харамгүй үйлчилсэн тогооч Оюунгэрэл нартаа баярлалаа. Бөхчүүд маань Улаанбаатараас наадмын их асарыг авчирч өгсөн бөгөөд Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг захиралтай "ЖиМ Интернэшнл" компани ивээн тэтгэж бэлтгэн нийлүүлсэнд наадамчин олон монголчуудынхаа өмнөөс талархал дэвшүүлж байна. Гэрэл зургийн сурвалжлагыг энд дарж үзээрэй. Барилдааны дүйц: 2-ын даваа УЗ Д.Рагчаа ЦН Гомбодорж УЗ М.Өсөхбаяр УН Д.Батбаяр УХ Л.Пүрэвжав УХ Г.Батбаяр УХ Т.Мөнгөнцоож УХ М.Батжаргалтай 3-ын даваа УЗ Д.Рагчаа УХ Г.Батбаяр УЗ М.Өсөхбаяр УН Д.Батбаяр хоёр тунасан 4-ийн даваа Заан Д.Рагчаа түрүүлж Харцага М.Өсөхбаяр үзүүрлэв. Гэрэл зураг болон сурвалжлагыг бэлтгэсэн Д.Цэрэндорж Бэркли хот, Марин Бэй 2010.6.20
Сорилго барилдааны тухай Конкордын Болдоо маань дараах шүлгийг тэрлэжээНаадмын сорилго Дэлгэр зуны болор тунгалаг өглөөн Дэлгэж босгосон асар майхан туг сүлд болоод Дэндүү дассан анд нөхөд бээр Дэлхийг бүрхэх наран чимэг төгөлдөр Уярам дуулах эгшиг хийгээд Уянгалан жиргэх шувууд бөгөөтөл Улс түмний чихэн сонсголон Утгын яруу дуулал Самбуу гайхамшиг Дэргэд хөөсрөн хүрхэрэх далайн тальбаан Дэлхийн соёрхол лусын бүжиг хэмээвч Дэргэж үелзэн цахилах бүсгүйн уран биелгээ Дэгсдэм бишрэл лугаа сэтгэлийг онилбой Дэлгэж ширдэглэсэн наадамчдын талбай Дэрвэж дэвэх харцага шонхорын биелгээ Хүч үзэн барилдах Монгол алдартнууд Хүний хөвгүүдийн эрдүү гайхамшиг лугаа Зарыг тодруулж бүхнийг уриалах завдал олдомгүй ч Замдаан сонины байнгын уран уншигчид бээр Зав цагаан гаргаж сэтгэлийг бататган ирэгч дор Заяа түших үнэнч олон наадамчид болон цэнгэвэй Боржигин Самбуугийн Болдбаатар. 06/20/2010
Улсын цолтой бөхчүүдийн уран барилдааныг сонирхоорой
Зохиогч Цэрэндорж
Баасан, 18-06-2010 10:49
Сан Хосе хотноо нээгдэн ажиллаж байгаа "Чингис хаан" үзэсгэлэнгийн шугамаар Монголоос Ардын Жүжигчин дуучин Д.Самбуу, Улсын заан Д.Рагчаа, заан М.Өсөхбаяр, харцага Л.Пүрэвжав, харцага Т.Мөнгөнцоож, харцага Г.Батбаяр, харцага М.Батжаргал, начин Г.Батбаяр, нарын бөхчүүдийн хамт Сан Хосе хотноо хүрэлцэн ирж буй юм байна. Улсын зэрэг цолтой бөхчүүд Америкийн баруун эрэгт айлчлан ирж буйтай холбогдуулан БАМХ-ноос наадмын өмнөх сорилго барилдааныг ирэх Ням гарагт буюу 6 сарын 20-нд өглөөний 11 цагаас хийхээр болсон тул хүрэлцэн ирж үзэж сонирхоно уу? Сорилго барилдаанд оролцож улсын цолтонгуудтай хамтран бэлтгэл хийх бөхчүүдийг өргөнөөр оролцохыг урьж байна. Монгол үндэсний бөхийн барилдааны дэг жаяг, уран мэхийг сонирхуулах америк найз нөхдөө авчран дэргэдээс нь тайлбарлан үзүүлэх боломжийг бүү алдаарай. Мөн хүрэлцэн ирсэн үзэгчид "Чингис хаан" үзэсгэлэнгийн урилгыг хямдралтай үнээр авах боломжтой. Сорилго барилдаан 6 сарын 20 өдөр Ням гарагт 11:00 ам цагаас эхэлнэ. Солилго барилдаан Бэркли хотын урд эргийн Марин хэмээх талбайд болно. Холбогдох бусад мэдээлэлийг БАМХ-ны тэргүүн Ц.Хишигбаяраас авна уу?
Утас: (415) 596 9541, (510) 599 5754 Хаяг: Berkeley Marina, 201 University Avenue, Berkeley, CA 94710-1618