Tа эх орон руугаа хэзээ буцах гэж байна?
 
Bay Area Mongolian Communiti Association
АМХТ
mongold.mn
www.mongoliaphotogallery.com
shudnii_emneleg
GrandkhaaN
Omega Phone Card

Сайтад зочилсон

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр34
mod_vvisit_counterӨчигдөр517
mod_vvisit_counterЭнэ долоо хоног1742
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоног3579
mod_vvisit_counterЭнэ сар4317
mod_vvisit_counterӨнгөрсөн сар15495
mod_vvisit_counterНийт177599

Сайтад холбогдсон

Одоогоор 6 зочин холбогдсон

Шинэ сэтгэгдэлүүд

  • ali ali ni uur uuriin amidral ruugaa yavj baigaamu...
  • Wow. Estoi hoorhon hiij, zov asuudal hondson baina...
  • yunii turuund ta 2rt amjilt xusie zuragnaas xarxad...
  • Bataa Selengee hoyortoo amjilt husey, sain yavaa y...
  • ehner ohin yahaar bolchiboo. za za

Mart dictionary



 
Монголын баг Олимпийн наадмын талбайд PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Бямба, 13-02-2010 20:31


Цагаан олимпийн тоглолт цас мөсний орны Ванкувер хотноо эхлэлээ. Нийтдээ 31 удаа зохиогдож байгаа спортын энэ наадам Канад улсад 3 дахиа болж байгаа юм. Нээлтийн үйл ажиллагаа Канадын цагаар 18.00 цагт эхэлж, гурван цагийн турш British Columbia Place цэнгэлдэх хүрээлэнд үргэлжлэв. Сноубордын тамирчин Олимпийн таван цагиргийн нэг рүү үсэрч орсон нь нээлтийн үйл ажиллагааны гайхалтай сайхан эхлэл болсон. Хөгжмийн зохиолч Дэвид Персийн Англи болон Канадын төрийн дууллаас бүрдсэн "Орой дээрх дөл" ая эгшиглэсний дараа Хааны цагдаагийн морьт хорооны найман хүн цэнгэлдэх хүрээлэнгийн төв хэсэг рүү Олимпийн тоглолтын эзэн орны далбааг барин орж ирлээ. Мөн Өвлийн олимпийн спортын цогцолбор баригдсан уг газрын эзэн индиан омгийн дөрвөн удирдагч, нээлтийг үзэхээр тэнд хуран цугласан 60 мянган үзэгчдийн өмнө мэндчилгээ дэвшүүллээ. Энэ үеэр уугуул нутгийнхан 20 метрийн өндөр мөсөн дүрснүүдийг тойрон үндэсний бүжгээ сонирхуулж байв. Дараа нь Канадын жааз хөгжмийн 16 настай дуучин Ники Леновски Канадын төрийн сүлд дууллыг дуулав.

Энэ бүхний эцэст уламжлал ёсоор цагаан толгойн үсгийн дарааллаар орон орны баг тамирчдын жагсаал болж бараг 50-иад минут үргэлжиллээ. Олимпийн наадамд 80 гаруй орны 5500 орчим тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорьж байна. Энэ олимпод хамгийн олон тамирчидтай нь Канад, АНУ, Орос улсын баг байгаа бол тэрбум нэг зуун сая хүнтэй Энэтхэг улс гурван тамирчнаа сойж байгаа гэнэ. Манай улсаас оролцож байгаа 2 тамирчын нэг цаначин бүсгүй Очирсүрэнгийн Эрдэнэ-Очир алтан соёмбот тугаа өргөн инээмсэглэл цацруулсаар орж ирж буйг дэлгэцнээс бичиж аваад юу тубе дээр байрлууллаа.  

Тамирчдын жагсаалын дараа Канадыг цагаачдын эх орон гэдгийг, бас тус улсын байгалийн өвөрмөц онцлогийг харуулсан зарим хөтөлбөрийг сонирхуулав. Цэнгэлдэх хүрээлэнгийн дээвэр дор Хойд туйлын туяаг маш өвөрмөц байдалтай гэрлээр үзүүлсний дээр талбай дээр аварга том баавгай болон усандаа шумбаж байгаа үхэр хараацай/нэг төрлийн халим/-н сонирхолтой үзүүлбэрийг харуулав. Энэ мөчид үзэгчдийн толгой дээр алтлаг болон улаан агч модны навчис будран унаж байлаа.
 
Шинийн нэгний өглөө зам мөрөө гаргах зурлага PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Баасан, 12-02-2010 14:33

Сакраменто хотноо байрладаг бурханы шаны ЗАНАБАЗАР төвөөс шинийн нэгний өглөө гаргах зам мөрийг хүмүүсийн насаар бодож харахаар бичиж ирүүллээ. Цааш унших гэдэг дээр дарж дэлгэрэнгүй мэдээлэлийг үзнэ үү.

Билгийн нас /хий нас/
Эр-1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97,
эм-5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93 настай бол Зүүн урд зүг гарч шүдэнз зураад, түүнээ усaap  унтраан урд зүгээс ирнэ.

Унших тарни
“Ум базар пагма дангийний хум мамаа бизьяа суухаа” /7-21/ удаа уншаарай.
Суудал, зүгийн засал уншуулах ном нь Сундуй, Доржнамжим, Лхам, Ширнэн, Сэдэд уншуулж галын сан тавиул.
Суудлын цээр нь халиун эд, малгай, цамц үл авах.

Билгийн нас: /хий нас/
Эр-2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98,
эм-4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92 бол баруун зүг гарч газарт модны үртэс булаад баруун урд зүгээс ирнэ.


Унших тарни нь
“Ум бадмаа дагийний хум мамаа бизьяа суухаа” /7-21/
Суудал, зүгийн засал, уншуулах ном нь Жадамба, сундуй, Додьгалсан, Санжид молам. Суудлын цээр нь шар толгойтой хонь үл авах, эмийн хорлолоос холуур яв.

 
Халимаг Монгол эр Талгаров цагаан сараар PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Баасан, 12-02-2010 09:36

JavaScript is disabled!
To display this content, you need a JavaScript capable browser.


Ta бүхэндээ ирж буй 17-р жарны Төмөр бар жилийн сар шинийн мэнд дэвшүүлж Элгээрээ энх амгалан, Төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

Бэй Аэриад суугаа ахмад настангуудаа хүндэтгэн золгох бар жилийн нийтийн золголтонд шинийн нэгний өглөө аав ээж ах дүү настан буурлуудаа дагуулан хүрэлцэн ирэхийг урьж байна. Золголт 2010 оны 2 дугаар сарын 14-ний Ням гарагт 11 цагаас Ажаа гэгээний төв дээр болно. Золголтын дараа лам нар хишиг даллага авах ном уншиж БАМХ-ноос ахмадуудаа цайлан гарын бэлэг гардуулна.
Хаяг: 610 16 th Street, Suite # 225, Oakland, CA 94612

Жил бүрийн цагаан сараар Бэй Аэриагийн Монголчуудын Холбооноос ахмад настангуудтайгаа золгон шинэлдэг уламжлалаа ийнхүү үргэлжлүүлж байна. Ноднин өдийд буюу Үхэр жилийн шинийн нэгний өдөр Кальфорн мужийн Оакланд хот дахь Ажаа гэгээний төв дээр ахмадуудтайгаа золгон шинэлэх үеэр хийсэн бичлэгийг сонирхоно уу?

Бичлэг дээр ярьж буй Халимаг Монгол эр Борис Талгаров Кальфорнын Оакланд хотноо амьдран суудаг. Тэрбээр Югославт бага насаа өнгөрүүлж дайны дараа Германд сургууль төгсгөөд амьдралын мөр хөөн Америкт ирж сууршаад гуч гаруй жилийг үджээ. Анх түүнтэй танилцсанаас хойш хааяа тааралдахаараа англи оросоор голлон ярилцдаг байв. Гэтэл цагаан сараар сэтгэл нээн эх хэлээрээ ийнхүү урсгаж байлаа. Америкийн Монголчуудтайгаа ойртон танилцаж ижилдэн яваа энэ хүн халимаг монголоороо шууд яриад эхлэхээр нь аппаратаа гаргаад яаран бичиж авсан минь энээ. Эх орон элгэн саднаасаа хол олон жил хүний нутагт амьдрахдаа эх хэлээ ор тас мартаагүй нь сайхан.

 
Цагаан сарын цадиг буюу Мичид одны бодрол PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч С.Болдбаатар   
Пүрэв, 11-02-2010 11:47

Монгол Улс 1206 онд байгуулагдсан тэр үеэс Чингисийн тоолол буюу жарны тоолол үүссэн гэдгийг гадаадын олон Монголч эрдэмтэн батлан, ном бүтээлээ туурвиж, эрдмийн цол зэргээ хамгаалж байхад харин бид өөрсдөө энэ тооллыг эргүүлж аль нэг улсад өгөх гээд л, инээдтэй ч юм даа. 

Түүхийн шарласан хуудсыг сөхөн аливаа улс орны тооллыг сонирхох явцад, хэн нэгэн хүн их улсыг захирах болсноо тэмдэглэн, тэр хааны тэддүгээр он гэх мэт хэлж заншсан байх юм. Харин бидний тоолол маань Монгол Улс нэгдсэн үеэс үүсэлтэй. Түүнийг дэлхий даяар хүлээн зөвшөөрүүлэх үйлс нь их хааны  минь гавьяа. Угаасаа асар их уудам нутагт хэмжээлшгүй эрх мэдлээ тогтоож байж л дэлхийд тооллоо зөвшөөрүүлэх боломжтой. Бидний багад Хятадууд, цагаан сарыг Монголынх гээд, еэвэн сараа л тэмдэглэж байлаа. Үүнийг бүгдээрээ л мартчихсан байх юм. Малчны календарь тэргэл сайхан сарны зурагтай хэвлэгддэг байж билээ. Одоо өөр болж, нүүрэн дээр нь янз бүрийн гадаад нэртэй бурханы зурагтай хэвлэгдэх юм. 

 
Монголын цагаан сар, шинэлэх ёсон PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Лхагва, 10-02-2010 19:27

Цагаан сарын түүх
Цагаан сар нь өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр юм. 1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ. Харин үүнээс өмнө энэхүү баярыг цагаан идээний баяр хэмээн нэрлэж, намрын улиралд тэмдэглэж байсан гэдэг. Арвандолдугаар зуунд Монголд бурханы шашин сонгодог хэлбэрээ олж, Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс төрт ёсны энэхүү баярыг шашин номын ёсны баяртай хавсарган тэмдэглэх болсон байна. Хаврын эхэн сарын шинийн нэгнээс шинийн 15 хүртэлх өдрүүдийг бурхан багшийн эрхэт хувилгаан үзүүлсэн өдрүүд хэмээн нэрийддэг бөгөөд энэ өдрүүдэд ном хурах ёсыг Өндөр гэгээн Занабазар тогтоожээ.

Олон зууны турш цагаан сарыг тэмдэглэсээр ирсэн нь хүн төрөлхтөний түүхэнд Монгол хэмээх нэрийг бичүүлж байгаа гол хүчин зүйлийн нэг хэмээн үзэх нь ч бий. Энэ баярын гол утга нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, тэднийгээ хүндэтгэх зан үйлд оршдог. Тиймээс бие биедээ заавал зочилдог заншилтай.

Битүүний орой хот айлаараа өндөр настныдаа цуглаж, идээ ундаа зооглон, тоглож нааддаг. Энэ өдөр ирэх жилдээ өрх гэрээ дүүрэн байлгахын үүднээс гадуур хоноглодоггүй. Шинийн нэгэн, хоёрны өдрийг хөтөл өдөр хэмээх учир алс хол явдаггүй байна. Цагаан сараар цээрлэх ёстой гурван зүйл байдаг нь уур, шунал, мунхаглал гурав бөгөөд эдгээр нүглийг тэвчиж, буян үйлдэх нь цагаан сарын хамгийн чухал зан үйл ажээ.

Тахилга
Цагаан сарын битүүний өглөөнөөс шинийн нэгний өглөөний нар мандах хүртэл сүм хийдэд ном хурж, Ванданлхам буюу Лхам бурханыг тахидаг. Учир нь Лхам бурхан битүүний шөнө гурван мянган орчлонг нэг удаа тойрон, айл бүрт зочилдог хэмээн үзэх учир монгол айл бүхэн гэрийнхээ хойморт бурхан залж, идээ будаа өргөдөг. Лхам бурханд залбирахдаа "Өнгөрсөн жил сайхан жил болж өнгөрлөө. Бидний ажил амжилттай сайхан байлаа. Ирж буй жил мөн сайхан жил болох болтугай. Энэ бүхнээ Лхам бурхан танд даатгаж байна. Та сайн, сайхан явахад минь туслаж, дэмжээрэй" хэмээгээд өргөл өргөж мөргөөд, үүнийхээ дараа хоорондоо золгож сар шинийн баяраа эхлүүлдэг заншилтай ажээ. Мөн битүүний орой тотгон дээрээ мөс, цагаан тос тавьж, баруун хатавчиндаа алтан харгана хавчуулдаг нь Лхам бурханы хөлөглөн ирэх лууст унд, зоог бэлтгэж буй хэрэг юм.

Битүүний зоог
Битүүний зоог нь эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юм уу өвчүү байдаг. Өвчүү чанасан бол өвчүүгээ өөд нь харуулан дээр нь дал, дөрвөн өндөр, шаант, залаатай, богтос тавина. Битүү толгой чансан бол аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино сармис зуулгаж, гургалдайны түрийтэй үзүрийг толгойныхоо богтосны аль нэгийг тавьдаг. Битүүний орой бууз жигнэж банш чанан мөн шөлний будаа хийж, айл хөршийндөө хүүхдээр хүргүүлдэг.Бууз баншиндаа цаган мөнгө хийж тэр бууз, банш таарсан хүн ирэх жил олз омогтой явахыг билэгддэг.

Мах буюу ууц тавих ёс
Малын махны толгойн хэсэг нь эх болно. Махаа энэ эх талаар нь зочин руу харуулж тавина. Зочин толгой талаас нь барьж хажуулдуулан огтолж идэх ёстой. Ууцыг хөндөхдөө зүүн гараараа сүвэргэдэн талаас нь барьж баруун гараараа өөхөн нурун талаас нь нимгэн зүсэх хэрэгтэй. Бусад махыг нь зөв огтлоход ганц эх талыг нь мэдэх нь чухал.
Их бүхэл /бүтэн мах, ууц/ тавих журам:
1.толгой
2.ууц
3.өвчүү
4.хаа
5.гуя
6.хүзүүний сээр
Махны толгой /эх/ гэдэг нь толгойны хошуу талыг хэлдэг. Толгойг идэхдээ эхлээд хамар дээрээс нь хуйх авч галд өргөөд дараа нь хоёр чих, зовхийг нь хөндөөд огтолж иддэг. Хүзүүний эх нь хүзүү тал, сээрнийх нь хар сэр, ууцны сүвэргэдэс тал, өвчүүний бүдэрхий нь, далны толгой нь, хавирганы толгой тал нь, бугалганы нарийн атгамал үзүүр нь, шагайтын борвитой тал нь, дунд чөмөгний нарийн үзүүр нь, сүүжний далбаа нь юм. Бүхэл мах тавьсан байвал зочин хүн анхлан хүрээд дараа нь ууцанд, сүүлд нь сээр, хүзүү болон бусад махнаас иднэ. Үргэлжлэлийг цааш унших гэдэг дээр дарж уншина уу?

 
"ЗАНАБАЗАР" төвөөс сүсэгтэн олонд хүргэх мэндчилгээ PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Лхагва, 10-02-2010 14:28

17-р жарны Тийн Урвагч хэмээх төмөр бар жилдээ та бүхэнд сар шинийн мэндийг дэвшүүлж элгээрээ энх амгалан, хотол түмнээрээ түвшин амгалан байхыг ерөөн өргөн мэндчилье.

Монгол цагаан сар бол та бидний хувьд Монгол гэдгээрээ бахархах, удам судар ураг төрлөө мэдэлцэх, төр ёс зан заншлаа хүндэтгэх, эв эеэ эрхэмлэх, шашин соёлын гүн утгат жинхэнэ Монгол ёсны баяр мөн билээ. Цагаан сарын шинийн нэгний өглөө бурхан шүтээндээ мөргөж, хангай дэлхийдээ хандан хийморь сүлдээ сэргээж тэр жилийнхээ ажил үйлсийг тэгш сайхан бүтэхийг ерөөдөг нь зөн билгээрээ хорвоо ертөнцтэй харьцдаг ухаалаг Монгол ард түмний минь сайхан ёсон буй.

Ирж буй төмөр бар жил үр өгөөжээ хайрлаж хур бороотой, эдээ будаатай элбэгтэй, мах сүрэг үржиж хүмүүн хотол олноороо амгалан байхыг шинжилжээ.

Ийнхүү гарч буй бар жилдээ гадаадад сурч ажиллаж амьдарч буй элэг нэгтнүүд та бүхний минь ач буян дэлгэрч, эрүүл энх, ажил үйлс, хичээл сурлага нь барцад саадгүй, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөхийн хамт учран золгох хүн бүртээ сайхан үгийг бэлэглэж Ургаж буй сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Монголын Бурхан Шашны Занабазар Төв
Сакраменто хот, 2010 он

 
Монголын далбаа Ванкуверт мандлаа PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Даваа, 08-02-2010 21:21



Дөрөвхөн хоногийн дараа Ванкуверт эхлэх өвлийн олимпод оролцохоор очоод байгаа Монголын тамирчид төрийн далбаагаа мандууллаа. Ванкуверийн цагаар 14.00, Монголын цагаар Даваа гаригийг оройн 22.00 цагт төрийн далбаагаа өргөлөө. Тамирчдын тосгоны дарга Алан Кристмасон, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нар харилцан баяр хүргэж, бэлэг дурсгалын зүйлс солилцсоны дараа Монголын алтан соёмбот далбаа өвлийн олимпийн тэнгэрт 12 дахь удаагаа мандаж, төрийн сүлд дуулал эгшиглэв.
Ёслолд оролцсон тамирчин Х.Хаш-Эрдэнэ, Э.Очирсүрэн, дасгалжуулагч Л.Дорж, Штабын нарийн бичгийн дарга П.Тунгалаг, Канад дахь Монгол Улсын өргөмжлөлт консул Т.Роббинс, Ванкуверт суугаа монголчуудын төлөөлөгчид оролцлоо. Үүний дараа Ванкуверийн монголчууд баг тамирчидтай уулзан, сэтгэлийн бэлэг өргөв. Монголын багтай хамт ӨАБНУ, Бельгийн баг мөн тугаа өргөсөн байна. Энэ дашрамд дурдхад Монголоос цанын төрлөөр Х.Хашэрдэнэ, Э.Очирсүрэн нар эрэгтэйчүүдийн 15 км, эмэгтэйчүүдийн 10 км-ийн зайд тус тус уралдах бөгөөд дасгалжуулагчаар өмнө нь өвлийн олимпод 3 удаа тоосоо явсан туршлагатай багш Л.Дорж очжээ.

Мэдээ оруулж суутал манай олимпийн багийг ахлаж яваа Ж.Отгонцагаан анд интернэт мессенжерт ороод ирэв. Олимпийн тосгоны орчин тойрны уур амьсгал ямар байгааг сонирхон шалгаав. Яг одоо Ванкуверт зөөлөн бороо зүсэрч байна гэнэ, олимпийн тосгоны зохион байгуулалт цэгцтэй сайн болжээ дөрвөн жилийн өмнө Италид болсон өвлийн олимптой харьцуулхад илүү сайн бэлтгэсэн нь харагдаж байна хэмээв. Харин харуул хамгаалалт, шалгалт хяналт тун чанга байгаа нь алхам тутамд анзаарагдаж буй юм байна. Манай тамирчдын өмссөн олимпийн хувцас формыг (зураг дээрх) Хятад Канадын хамтарсан "Жордан" компани өгч ивээн тэтгэжээ. Энэ компани МҮОХ-ны албан ёсны түнш бөгөөд өмнө нь Asian Indoor Games, East Asian Games-д оролцсон монголын тамирчдыг хувцас хэрэгслээр хангаж байсан газар аж. Канадын далбаатай өнгө дагуу өмсгөл яагаад өмссөн учрыг асуухад өөр сонголт байгаагүй гэлээ. Хэзээ нэг дотоодын үйлдвэртээ хэрэгцээ шаардлага хангасан спортын хувцас хүссэн өнгө загварын дагуу захиалдаг болох юм бол доо бид!

Олимпийн тосгонд тугаа өргөх ёслолд Канадад суугаа олон монголчууд хүрэлцэн ирж оролцсоны дотор Канадын үндэсний шигшээ багт ажиллаж байгаа чөлөөт бөхийн дасгалжуулагч Н.Лхамсүрэн болон социализмын үед "Хөдөлмөр" нийгэмлэгийн дарга болон МБТСУХ-ны орлогч даргаар ажиллаж байсан, уулын спортын гавъяат дасгалжуулагч Г.Батбаяр гуай мөн түүний гэргий уулын спортын мастер Ч.Пүрвээ нарын хүндтэй буурлууд байсан гэнэ.

 
БЭЙ АЭРИАГИЙН МОНГОЛЧУУДДАА хүргэх ил захидал PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Даваа, 08-02-2010 13:44
2010 оны 2-р сарын 07, Ням гариг

АНУ-ын Бэй Аэриад суугаа монгол ахан дүүсээ!
Юуны өмнө та бүхний бидэнд итгэсэн итгэл сайхан сэтгэлийн дэмийг нэр төртэй биелүүлж ган зуд болж буй хамгийн хүнд цэгийг сонгон сайн санааны хандивыг хүргэж өгөх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ биелүүлж ирсэнээ дуулгахад баяртай байна. Америкаас анх Мөнхбат ах ийм санаачлага гараад эхний хандив цугларлаа, бид та нарыг сонгон энэ тусламжийг хүргүүлэхээр ярьж байна гэхээр нь тун урамтай санагдаж тусламжийг аваад бараг ганц хоногын дотор хүргэж өгөөд ирэхээр төлөвлөн замдаа гарсан боловч монгол оронд маань цаг агаар тун тааруу, зам үнэхээр хүнд байсантай холбогдуулан бараг 4 хоног явж ирлээ.
Өвс, тэжээл ховордсон учир олох гэж нэлээн зүдэрснээ нуух юун. Гэхдээ бидэнд итгэсэн та нарын өгсөн итгэлээр жигүүр хийж эрч хүчтэй цог жавхаалаг явсан. Ингээд та нарын явуулсан хандивийн 2700 долларыг хэрхэн зарцуулсан тайлангаа толилуулья.

2700 долларыг валютийн “Найман шарга” зах дээр 1460 төгрөгийн ханшаар тооцож солиулан 3.942.000 төг болгосон. Үүнээс:

1.    250 боодол өвс - ширхэгийн үнэ : 8000 төгрөг. Дүн: 2.000.000 төг
2.    60 шуудай хивэг - ширхэгийн үнэ: 7000 төг. Дүн 420.000 төг
3.    30 шуудай 25 кг-н дээд гурил - ширхэгийн үнэ: 12.000 төг. Дүн 360.000 төг
4.    30 шуудай цагаан будаа - ширхэгийн үнэ: 7000 төг. Дүн 210.000 төг
5.    30 шуудай гоймон - ширхэгийн үнэ: 6000 төг. Дүн 180.000 төг
6.    30 ш Цагаан сарын иж бүрдэл /ширээ засах цогц еэвэн, 2 төрлийн уут чихэр,
       1 ш Ерөөл архины хамт - ширхэгийн үнэ: 16.000 төг. Дүн 480.000 төг.
Эдгээрийг авхад нийт 3.650.000 төг зарцуулж үлдсэн 292.000 төгрөгөөр түлээ авсан
7.    300 уут түлээ - 1 уут түлээний үнэ 1000 төг. Нийт 300.000төг
       Ингээд нийт дүн: 3.950.0000 төг


Манай 86400-н удирдах зөвлөл хурлаараа хэлэлцэн гишүүн 22 залуу бүгдээрээ хувиасаа тус бүр 40.000 төгрөг нийлүүлэн гаргаж өөрсдийн машин тэрэгний бинзен, бусад замын зардлаа даасан. Ингээд бидний зүгээс нэмж 880.000 төг цугларан замдаа гарсан билээ. Мөн “Космо-Трейд” компанийн захирал Батбаасан ах та нарт амласан ёсоороо ачааны машинаа шатхуунтай нь гаргаж өгч бид зудын хүнд байдлаараа Улсын хэмжээнд 3-рт явж байгаа Дундговь аймгийг зорьсон.

УБ хотоос ачаагаа ачсаар нэлээн оройтон 2-р сарын 1-ний Даваа гарагийн үдээс хойш 15 цагийн үед замдаа гарсан боловч ачсан зам тааруугаас болон 20 км цагийн хурдтайгаар ачааны машинаа дагуулсаар үүрийн 5 цагт Мандговьд очсон. Уг нь шууд явсаар Дэлгэрцогт, Дэрэн сумуудад хүрэх төлөвлөгөөтэй байсан боловч замдаа төөрсөн тул үүрээр аймгийн төвд орж ЗДТГ-т хэрэг зоригоо танилцуулаад судалгаа авахын зэрэгцээ хотоос анх гарсан төлөвлөгөөний дагуу Адаацаг сум хамгийн хүнд байгаа учраас тийшээ хүлгийн жолоо залсан. Бидэнд газарчлан зам зааж өгч туслалцаа үзүүлсэн Дундговь амгйин хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Зоригоо ахдаа баярлалаа. Ингээд бид оройдоо Адаацагт очсон бөгөөд Космо Трейд компанийн ачааны машин энд хүрээд хот руу яаралтай буцах болсон тул бүх ачаагаа сумын агуулахад буулган маргааш нь эртлэн босч чиргүүлтэй УАЗ 469 машинаар айлууд руу зөөж хүргэлээ. Айлуудад очихын тулд хэд хэдэн удаа явж нэлээд цаг алдсан боловч сайн санааны үзүүрт тос гэдэгчлэн очсон айлын малчид үнэхээр их баярлаж хүлээж авсныг удахгүй явуулах нэвтрүүлгээс маань үзээрэй.

Бид Адаацаг сумын малчдаас гадна отроор яваа Эрдэнэдалай, Дэлгэрцогт сумын айлуудад хүргэсэн бөгөөд та нарын хандиваар авсан өвс тэжээл, бараа тусламж нийт 30 айлд хүрсэн болохыг мэдэгдэж байна. Мөн зарим малчид сумын төв дээр ирээд бидэнд хүсэлт тавьсны дагуу сумын төв дээрээс өвс тэжээлээсээ өгсөн билээ. Ялангуяа бидний бэлэглэсэн цагаан сарын иж бүрдэлд малчид мааньл их баярлаж ядарч байгаа бидэнд сэтгэл санааны асар их дэм боллоо хэмээн талархаж байлаа.

За ингээд дэлгэрнгүй мэдээллийг манай нэвтрүүлгээс үзээрэй. Дундговь аймгийнхан Америкийн баруун эрэгт суугаа Мөнхбат ах танд болон бүх хандив өгсөн бүх хүмүүст баярлаж талархсанаа илэрхийлж байсныг дуулгахад таатай байна. Та нартаа их баярлалаа. Хандивын эхний аянд оролцсон хүмүүсийн нэрийг цааш унших гэдэг дээр дарж харна уу? 

Сайн үйлс улам дэлгэрэх болтугай!

Монголын залуучуудын 86400 багийн хамт олон

http://86400.mn

 
Сеатл хотын монголчуудын сониноос PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Даваа, 08-02-2010 11:22

Сеатл хотоос манай сурвалжлагч С.Түвшинтөгс мэдээлж байна.

Ням гарагт Сеатл хотын монголчууд сар шинийн баярыг угтан Монгол Улсын начин П.Эрдэнэбаярын нэрэмжит үндэсний бөхийн бооцоот барилдаан зохион байгууллаа. Уг барилдаанд хүчит 16 бөх зодоглож оноолтоор барилдсанаас Ванчинсүрэн түрүүлж Пүрэв-Очир үзүүрлэсэн байна. Барилдааныг Сеатл хот орчимд ажиллаж амьдарч буй 50 гаруй монголчууд хүрэлцэн ирж үзэжээ. Сеатл хотноо суугаа Монгол Улсын начин Пүрэвийн Эрдэнэбаяр, дугуйн спортын ОУХМ Ганболд нар энэхүү бооцоот барилдааныг уламжлал болгон америкт аж төрж байгаа монголчуудынхаа дунд зохион явуулахаар төлөвлөж буй ажээ. Мөн бооцоот тэмцээний үеэр цас зудны бэрхшээлтэй байгаа малчиддаа туслах хандив цуглуулсан байна. 

Барилдааны үеэр тааралдаж танилцсан хоёр америк залуучуудын тухай бас нэгэн мэдээ дуулгая. Адал явдалт аялал сонирхдог Брайн нарын хэсэг залуус гэр бүлийнхээ хамт америкийн баруун эргээс машинаар гараад Европ Ази тивийг дамжин 10.000 миль зам туулан Монголын говь хүртэл аялал явахаар бэлтгэж буй юм байна. Тэд одоо аялалд унах машин тэрэг бусад холбогдох зүйлсээ худалдан авахаас эхлээд бэлтгэл ажилдаа ороод байгаа бөгөөд тэдний аялал эхлэхэд 160 хоног үлдээд байгаа юм байна. Аялалын нэр нь "Baatar Hero".  Тэдний тухай дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү? 

Сеатл хотноо яваа манай сурвалжлагч С.Түвшинтөгс тус аялалын багынхантай уулзаж дэлгэрэнгүй ярилцахаар төлөвлөж байна. Аялалын маршрутын зургийг цааш унших гэдэг хэсэгт дарж үзэж сонирхож болно.

 
Эрхэм хүндэт БЭЙ АЭРИАГИЙН МОНГОЛЧУУДАА! PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Бямба, 06-02-2010 19:41

Ta бүхэндээ ирж буй 17-р жарны “Гийн урвагч” хэмээх Төмөр бар жилийн сар шинийн мэнд дэвшүүлж Элгээрээ энх амгалан, Төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

Бэй Аэриад суугаа ахмад настангуудаа хүндэтгэн золгох нийтийн золголтонд шинийн нэгний өглөө аав ээж ах дүү настан буурлуудаа дагуулан хүрэлцэн ирэхийг урьж байна. Золголт 2010 оны 2 дугаар сарын 14-ний Ням гарагт 11 цагаас Ажаа гэгээний төв дээр болно. Золголтын дараа лам нар хишиг даллага авах ном уншиж БАМХ-ноос ахмадуудаа цайлан гарын бэлэг гардуулна.

Жил жилийн сар шинийн өглөө настан буурлуудаа хүндэтгэн хийж ирсэн энэхүү золголтонд бэлтгэх ажил гар бие оролцсон БАМХ-ны тэргүүлэгчид, болон хувь хүмүүст талархалаа илэрхийлье.  

Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо
Хаяг: 610 16 th Street, Suite # 225, Oakland, CA 94612

 
Сумо дахь Монголчуудын давамгайлал зогсох уу? PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Бямба, 06-02-2010 17:25

Эрэмгий зоригт өглөөний хөх луу Асашёорюү эрч хүч ир бяр нь тэгширсэн хорин есөн насандаа их сумог орхих болсноо мэдэгдлээ. Их аваргыг гэнэт ийм шийдвэр гаргахад хүргэсэн шалтгааныг Монгол Японд төдийгүй дэлхий нийтээр хэлэлцэн шуугиж байна. Мэргэжилийн сумо бөхийн хатуу чанд дэг жаягт тэгтлээ баригдаагүй түүнийг сахилга хариуцлага, буурь суурьтай холбон буруутгасан дүгнэлтүүд зонхилж буйг уншигч та анзаарсан бизээ. Гэхдээ Монголоос төрсөн мохошгүй аваргыг хазайсан дээр нь хавчин шахах зорилгоор мөрдөн мөшгиж аргагүй байдалд хүргэх сонирхол сумогийн холбооны хэсэг бүлэг эрх мэдэлтнүүдийн дунд эртнээс үүссэн гэдэг ч үнэний хувьтай. Бас спортын бус далд нөлөө хүчтэй үйлчлэж буйг үгүйсгэх аргагүй.

Их аварга Асашёорюү бол Кайо, Кокүтэнхо тэргүүтэй бурхинууд шиг дөч дөхтөлөө сумотой зууралдахгүй нь ойлгомжтой гэхдээ энэ эрч хүчээрээ хэсэг үзхэд л хүрч болох өндөрлөгийн оргилд гарах нь тодорхой болчихоод байлаа. Монгол хүний хорин есөн нас гэдэг эр бие ид хав тэгширдэг харих яагаа ч үгүй халуун залуу нас, гуч гарталаа арав ч түрүүлэхийг үгүйсгэх аргагүй. Монголын хоёр их аваргын өрсөлдөөнд зэрэгцээд ороод ирэх бөх өнөөдөр байтугай ойрын ганц хоёр жилдээ үнэхээр алга байна. Өнгөрсөн Хацу башёд тэрээр урьдын адил иртэй дайчин барилдаж эзэн хааны цомыг 25 дахь удаагаа гардахдаа аваргуудыг хаяж аранга болох магадлалтай гэгдэж байсан Эстони бөх Барутог илүүрхэн давж элгээр n; хэвтүүлэн шидсэн нь их аварга түүнээс тохой илүү байгааг түмний нүдэнд харуулан баталсан хамгийн сүүлчийн нотолгоо болон үлдлээ. 2009 оны сүүлийн башё эхлэхийн өмнө Баруто сэтгүүлчдэд -Аваргуудыг би одоо хав барьцнаас өргөж хаяна... гээд юу болсныг санаж байна уу, Аса жин чацдаа найдсан бардам амтыг өөрийг нь зөрж өргөж шидээд хандыг нь хага дарсныг тэрээр энэ насандаа мартахгүй байхаа. Их спортод хүний ид сайн байх үеийг асаад унтрах чүдэнзтэй зүйрлэдэг. Асашёорюү Давгаа маань асаад өөрөө унтарсангүй дүрэлзэж шатаж явах үедээ сумо бөхөө орхилоо доо.

Гэхдээ овоо босгоогүй бол шаазгай хаанаас буух билээ. Дээрээс дөрвөн удаа өгсөн сануулгыг анхаарч тооцон ухаарах ёстой байсан юм. Алдар хүндлэл, шан харамж, хөрөнгө мөнгө, магтаал зуйвар залуу аваргын зан авирыг дэндүү эвдсэн. Юунд ч үл торох омголон, дайчин зан нь бас гал дээр тос болсон. Өдөр тутам өөрт нь хэлж сурган үйл хөдлөлийг нь хянаж хязгаарлах учиртай хамгийн ойрын хүний нэг дэвжээний эзэн, багш Такасаго сан одоо боллоо... гэсэн мэт дураар нь орхиж зөнгөөр нь зүтгүүлсэн байдал ч харагдаад байгаа. Наран хүний нарийн ухаанд ямар тооцоо байсныг таахын аргагүй. 

Тиймээ, монголчууд тэр дундаа их аварга Асашёорюү Давгадорж сумо бөхийн хөгжилд цоо шинэ үеийг авчирсан. Үндэсний өв уламжлал соёлын нэг сумо бөхөө дэлхийд түгээх наранчуудын бодлогод үнэлж барамгүй хувь нэмэр оруулсан нь маргашгүй үнэн. Дотооддоо үзэхээ больж эхэлсэн сумог монгол хөвгүүдийн уран мэх, ухаалаг дайчин барилдаан сэргээж дэлхийд үзэгчтэй болгосон билээ. Гэтэл алдар хүнд, амжилт ялалт, амьдралын баталгаа хөрөнгө мөнгийг сумо л өгч байгаа гэдгийг гаднын бөхчүүдэд ойлгуулан бөхийлгөх хандлага сүүлийн үед хүчтэй илрэх боллоо. Орос Осетины гурван ч бөхийг хар тамхины хэргээр үлдэн хөөсөн бэлээхэн жишээ үүнийг батлана. Гэхдээ дан гаднынханд хатуурхаад байна уу гэвэл үгүй байхаа. Сумогийн түүхэнд их аварга цолтон хатуу сануулга авч хөөгдсөн хоёр ч тохиолдол бий аж. 1949 онд 39 дэх их аварга Маэдаяма дур мэдэн гарч бейсбол үзсэн шиг зугаацаж яваад хатуу сануулга авч байсан бол, 1987 онд 60 дахь их аварга Футахагуро дэвжээний эзэн багшийнхаа гэр бүлийн хүнийг алгадсан хэргээр сумогоос шууд туугдан тэгтгэлэг тэтгэмж алдар хүндэтгэлгүй хоцорч байсан удаатай гэнэ. Их аварга Асашёорюү ийм байдалд орохоос сэргийлж өөрөө зодог тайлсан нь сайн хэрэг боллоо, цагаа олсон энэ шийдвэр цаашдын амьдралд нь хэрэгтэй гэх дүгнэлтүүд нилээд бичигдэж байна.

Түүнийг зодог тайлуулснаар Сумо бөхийн холбоо юу хожиж юу алдах вэ?

Олон зүйлийг тоочиж болох байх. Сумогийн чанд дэг жаягыг зөрчсөн хэнд ч хатуу тусдаг энэхүү шийтгэл шинэ залуу үед сануулга даруулга болно. Энэ цаг дор эгнэшгүй хоёр их аваргын нэг хорин дөрвөн настай Хакухо Даваажаргалд ганцаар ноёлох зам гарч ирж байна. Одоогоор их аварга цолонд зүтгэх зүрхтэйгээ хэн нь ч харуулж чадаагүй байгаа ч ийм боломж хэн бүхний өмнө ийнхүү нээгдлээ. Миний бодлоор бол япончуудаас Кисэносато л магадгүй. Японы сумо бөхийн холбоо гадаад дотоодод үзэгчид сонирхогчдын тоогоо алдах нэг аюул бий. Энэ бол нэр хүнд, ашиг орлоготой холбоотой бодитой аюул. Асашёорюү Давгадоржийн аатай сайхан барилдааныг үзэхээр догдлон хүлээдэг үе ингээд дуусч байна. Их аваргын хэний ч өмнө сөхрөхгүй эрэмгий, омголон төрх, дайчин давшингуй барилдаан хэсэгтээ л үгүйлэгдэх нь гарцаагүй. Тэрбээр сумод үнэхээр давтагдашгүй тод мөрөө үлдээсэн. Харин 32, 31 түрүүлсэн их аварга Тайхо, Чойнофүжи нарын амжилтыг эвдэх аюулыг зайлуулахаар сумогийн холбооноос зориуд хийж байгаа санаатай алхам гэдэг яриа утга учир багатай хоосон хардлага билээ.

Түүнээс хойш Монголчуудын давамгайлал намдах уу?

Сумод одоогоор барилдаж байгаа, ирээдүйд барилдах монголчуудын давалгаа хэсэгтээ тасрахгүй нь ойлгомжтой. Дайчин давшингүй барилдаан үзүүлж өөрийн орон зайгаа үүсгэх монгол хүү дахин төрнө гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол түмний үндэсний барилдаанд давтагдашгүй мөрөө үлдээгээд цэл залуугаар зодог тайлсан А.Сүхбат аваргын гаргасан мөрөөр аатай сайхан барилдаж буй гарын шавь Даваабаатар гээд залуучууд хэдийн гараад ирчихсэн ямарч цолонд хүрэхээр үзэж байгаагийн адил хэрэв Давгаа сумод үлдээд залгамж халаагаа бэлдэхээр шийдвэл монгол байтугай япон хүүхэд багачуудын дундаас ч цахиур хагалах сумоч гаргаад ирэх хангалттай боломж бололцоо түүнд бий. Гэхдээ тэрээр сумод үлдэхгүй л болов уу. Хакухо – Одоо бид ганц өөрийнхөө төлөө биш Давгаагийнхаа нэрийн өмнөөс барилдах давхар хариуцлага нэмэгдээд ирлээ гэжээ. Харин одоо барилдаж байгаа монголчууд дундаас онцгойрон аваргын орыг залгах бөх холын бидэнд барин тавин хүрэхээр дуулдаагүй байна.

Их аваргатай хэдэн удаа уулзан танилцаж хааяа интернэтээр харилцаатай байдгын хувьд 2005 онд түүний хэлсэн нэгэн үгийг эргэн дурдаад өндөрлөе. Сан Франциско хотын Никко зочид буудлын танхимд Монголчуудтайгаа уулзахдаа - Би дахин 5 жилдээ дийлдэхгүй байх болно гэж билээ. Тухайн үед хэл ам татлаж мэдэх энэ үгийг санан хадгалж харж явлаа, нээрээ л түүнээс хойш яг таван жил болжээ.

Д.Цэрэндорж
Сан Франциско хот
2010.02.06

 
Хонжворт сугалаанд оролцон малчиддаа туслаарай! PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Бямба, 06-02-2010 15:28

Монголд цас зуданд нэрвэгдсэн малчиддаа туслах хөдөлгөөн өрнөж Бэй Аэриагийн Монголчуудын сайн санааны эхний хуримтлал Дундговь аймгийн Адаацаг сумын малчин айл өрхүүдэд тараагдаж байгаа билээ. Тун удахгүй уг тусламжийг тарааж байгаа тайлан, мэдээлэл, видео бичлэг ирнэ. Мөн малчиддаа туслах дараагийн хөдөлгөөнийг Америк дахь Монгол Эмэгтэйчүүдийн байгууллага, Сан Франциско хотын Амартөгс нар санаачлан хонжворт сугалаа хэлбэрээр зохион байгуулаад тарааж эхлэлээ. Бэй Аэриад ажиллаж амьдарч байгаа нийт монголчууд та бүхнийг малчиддаа туслах хоёрдахь аяны энэхүү арга хэмжээнд өргөнөөр оролцохыг уриалж байна. Арван доллар гаргаад аятайхан зөөврийн комьпютер хожих боломжыг алдалгүй азаа үзээрэй. Сугалааны Үнэ: $10

Мачиддаа туслах аяны сугалааны хонжворт:

Зөөврийн комьпютер 1 ширхэг
Эрдэнэт үйлдвэрийн хивс 1 ширхэг
Монголын сүүлийн үеийн шилдэг дууны “Эх орон” CD
Жүжигчин Болдбаатарын уран бүтээлийн тоглолтын “Харьд” CD
Бусад бэлэг дурсгалын зүйлс орж байна.

Сугалаанд оролцсон бүх хүмүүст зохион байгуулагчдын зүгээс дурсгалын зүйлс өгнө. Сугалааны хонжворыг Эмэгтэйчүүдийн баяраар буюу 3 сарын 6-ны Бамба гарагт Бэй Аэриад ажиллаж амьдарч байгаа Монгол эмэгтэйчүүдийн дунд зохион байгуулахаар бэлтгэж байгаа нэгдсэн үдэшлэг цэнгүүн дээр нийтийн өмнө хүүхдээр сугалуулан азтанг нээлттэй шалгаруулж гардуулна.

Зохион байгуулагчид
Америк дахь Монгол Эмэгтэйчүүдийн Холбоо (AMEX)
Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо (BAMCA)

Сугалааг БАМХ-ны байр, АМЕХ-ны байранд болон дараах утсан дээрх тусгай томилогдсон 3 төлөөлөгчид борлуулж байна. 
Утас: (510) 691 9199, (415) 613 8747, (415) 596 9541

Жич: Бэй Аэриагийн монгол эмэгтэйчүүдийн нэгдсэн баярын үдэшлэг цэнгүүний байр хараахан шийдэгдээгүй байгаа тул зарыг бэлэн болмогц зарлана. Уг баярыг зохион байгуулхад гар бие оролцох, байр талбай санал болгох хүмүүс бидэнтэй дээрх утсуудаар харилвцана уу?

 
Америкийн Монголчуудын шилдэг бизнес 2009 PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Э.Жагдагдорж   
Баасан, 05-02-2010 18:03

Америкийн Монголчуудын шилдэг бизнес - 2009 шалгаруулалт амжилттай дуусаж, нийт 22 бизнес шилдэгээр тодорч, “Шилдгийн шилдэгээр” Дэлгэрцогт захиралтай Пирамид Гранит компани шалгарлаа.

Америкт бизнес эрхэлж байгаа Монголчуудаа урамшуулан дэмжих, сурталчлах, Монголчууд олноор сууршисан хот мужуудын монголчуудын холбоодтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор АМХТ-с “Шилдэг бизнес” үйл ажиллагаа жил бүр зохион байгуулсаар гуравдахь жилдээ болж байна.

Америкийн Монголчуудын албан ёсны бүртгэлтэй холбоод болон бусад олон нийтийн байгууллагууд гурав хүртэл, хувь хүмүүс нэг бизнэсийг нэр дэвшүүлэх, шалгаруулалтын журам болон материал хүлээн авах хүснэгтийг өмнө вэбэд нийтлэж, Монголчуудын холбоод болон бусад олон нийтийн байгууллагуудад тараасан билээ. Журмын дагуу нэр дэвшсэн бизнесүүдээс 2009 оны шилдэгүүдийг зарлаж байна.

Америк дахь Монгол Эмэгтэйчүүдийн байгууллага (Mongolian Women's Association In America, Inc.)
“Англофрейд” ачаа тээвэр зуучлалын салбар компани (Anglofreight Bay Area, CA)
Аргамаг Инкорпоратэд (Argamag Incorporated)
Асуулт нэт & Монгол дуу (asuult.net - mongolduu.com)
“Гэр төв” хүүхдийн байгууллага ("GER" YOUTH CENTER)
Лхамжавын Лут-Очир (Lut-Ochir Lkhamjav)
Илиос Нэтворкс (Ilios Networks)
Монгол соёлын төв (Mongolian Cultural Center)
Монгол Таувн (MTWN LLC)
Пирамид Гранит (Pyramide Granite)
Шагдарсүрэнгийн Отгонбаатар (Otgonbaatar Shagdarsuren)
Борын Ууганцэцэг (Uugantsetseg Bor)
Доржийн Хишигсайхан (Khishigsaikhan Dorj)
Санчиррагчаагийн Цэрэннадмид (Tserennadmid Sanchirragchaa)
Триа Стэйт Гранит (Tri State Granite)
Эйр Бридж (Air Bridge LLC)
Энхбаярын эжэнси (Enkhbayar Sukh Agency - with American Family Insurance)
Эй анд Би Ауто Элэстрик анд Рэпэйр (A&B Auto Electric & Auto Repair)
Anglo Freight LA
Batdelger Sushi Restaurant
medeelel.com
Sandag’s Cleaning Service

Шилдэг бизнес тодруулах үйл ажиллагаанд нэр дэвшүүлж дэмжлэг үзүүлсэн Лос Анжелес орчмын Монголчуудын холбоо (Д.Зулаа), Бэй Аэриагийн Монголчуудын холбоо (Ц.Хишигбаяр), Монгол Соёлын Төв (М.Саруул-Эрдэнэ), Монгол Америкийн Нийгэмлэг (Л.Гэрэлмаа - Чикаго), Замдаан сэтгүүл (Д.Цэрэндорж) болон Америкийн Монголчуудын худалдааны танхимын зөвлөлийнхөнд талархал илэрхийлье!

Шалгаруулалтын комисс - Д.Даваадорж, Э.Жагдагдорж

 
Санал сэтгэгдэл үлдээхээсээ өмнө та үүнийг нэг уншаарай. PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Д.Индра   
Баасан, 05-02-2010 09:27

Би та нарын бичсэн нийтлэлүүдийг унших дуртай. Тиймээ, би өдөртөө хэд хэдэн удаа монгол цахим хуудсуудаар зочилж уншиж, танилцаж, гэгээрч, өрөөлийн бичсэн өгүүлэл, нийтлэлд өөрийн дүгнэлтээ хийдэг жирийн нэгэн уншигч. Ялангуяа дэлхийн нийтийн хийгээд Монгол орныхоо ирээдүйн хөгжлийн талаар асуудал дэвшүүлсэн санал, шүүмжлэл, маргаан мэтгэлцээн, бусдаас үлгэр жишээ болгон нэвтрүүлчихмээр сайхан санаа, оноог, эсвэл ирээдүй хойч үедээ сургамжтай зөвлөмж, дурсамжийг уншихдаа хэзээ ч цагаа харамладаггүй. Харин би өөрийн хийсэн эерэг ч бай сөрөг ч бай дүгнэлтээ өөртөө үлдээдэг. Уншсан зүйлийнхээ талаар санал сэтгэгдэл үлдээх нь чөлөөтэй ч гэсэн өөртөө гэхээсээ илүү бидэнд хэрэгтэй зүйлийг бичиж байгаа хүмүүст жаахан ч гэсэн урам өгөх юмсан гэж боддог юм. Гэхдээ нийтлэлчдийн бичсэн зүйл хүн бүрт хүрнэ гэж юу байхав, гол нь тэдний үзэл бодлоо бидэнтэй хуваалцах гэж зарцуулж байгаа цаг зав, сэтгэл зүтгэлд нь сэв суулгаж урмыг нь хугалахгүй байхсан.

Энд би Монголын сонин хэвлэлээс авдаг мэдээлийг биш Америкт амьдарч байгаа монголчуудын ихээр зочилдог цахим хуудсуудын нийтлэлийн талаар өгүүлж байна. Таныг цахим ертөнцөд нэвтэрч хуудас нээхэд тань Г.Галбадрах гуайн сургамжтай, М.Саруул-Эрдэнийн дурсамжтай, монгол хэлний яруу тодыг илэрхийлсэн даруу нийтлэлүүд, Ш.Баатар, Ш.Батчимэг нарын түүхийн талаар сонирхол татсан өгүүллүүд, Л.Батбаяр, Ё.Гантулга, П.Батзориг, Д.Энхболд нарын өгүүллэгүүд, Ц.Энхтүвшин, Д.Цэрэндорж, М.Сугар-Эрдэнэ, Д.Бишүүгарам нарын бичсэн нийтлэл сурвалжлага спортын болон бусад мэдээллүүд, Т.Бум-Эрдэнийн өвөрмөц дүрслэлтэй өгүүллэгүүд, З.Хулан, Д.Баярсайхан нарын гэр бүлийн санхүү болон цагаачлалын хууль тогтоомжтой холбоотой мэдээ мэдээллүүд, Д.Гантулга (Австрали), С. Бат-Эрдэнэ(Япон)-ийн сонирхолтой дурсамж, дүгнэлтүүд байдаггүй бол ямар байх бол?

Эсвэл Б.Номинчимэдийн Монголын боловсролын талаар асуудал дэвшүүлсэн, судлаач Д.Ганхуягийн шүүмж өгүүлэл, Ш.Наранчимэгийн англи хэлний хичээл, эмч Б.Сэлэнгийн эрүүл мэндийн зөвлөгөөг унших гэж компьютер асаахад цахим хуудсууд нь яг хуучнаараа шинэчлэгдээгүй бол яах вэ? Заримдаа О.Машбат, Н.Батцэцэг нарын “Сар шиг холын нутаг'', Орлоо.ком-ийн О.Тайван, З.Ариунаа 2-ын ''Манайд ирээрэй'', Б.Батбаярын ''Америкийн өнгө'', Калифорнийн Монголчууд студийн С.Эрдэнэбат, Шинэ-Од нарын мэдээллүүд, Д.Өлзийхутагийн оруулсан видео нэвтрүүлгүүдийг үзэж суух үнэхээр сайхан байдаг. Дээр нэр дурдагдаагүй олон уран бүтээлчид, нийтлэлчид, яруу найрагчид цаана нь бий, энэ жаахан зайд бүгд багтахгүй, зарим нэгийг нь орхигдуулсандаа хүлцэл өчье.

Санал сэтгэгдэл нийтлэл, нэвтрүүлгээгийнхээ үндсэн сэдвээс хазайж бие биеэ доромжилж, хүний хувийн амьдрал асуудал руу хэтэрхий орсон, эвгүй үг томьёо хэрэглэсэн, өсвөр хойч залуу үедээ буруу үлгэр дууриал үзүүлэхүйц байх нь олонтаа. Иймээс бүгдээрээ интернетийн нэвтрүүлэгт оролцсон, бүтээсэн уран бүтээлчид, нийтэлсэн, зохиосон бүх хүмүүс руу болон бие бие рүүгээ муу энерги дагуулсан муу үгээр дайрахаа больё гэж л уншигчид та бүхнээсээ хүсэх гэсэн юмаа.

Урмыг нь хугалахаар ууцыг нь гэдэг үг байдаг даа. За одоо ингээд та бүгдийн санал сэтгэгдлийг уншья.

Хүндэтгэсэн
Б.Индра

 
Товчийг тодруулсан “Утгын чимэг” PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Д.Бишүүгарам   
Лхагва, 03-02-2010 12:47

Лос Анжелес дахь Монгол Номын Сангийн нэрэмжит “Утгын чимэг” хэмээх энгүүн сайхан уран уншлагын уралдаан өнгөрөгч 1 дүгээр сарын 31-нд боллоо.  Монголынхоо уран зохиолд хайртай, хэл соёлоо эрхэмлэдэг хүн бүхэн ирээрэй гэж зар тараасан энэ уралдааны танхимд номын сангийнхаа танилцуулга, үзүүлэнгийн номууд, самбар сэлтээ гаргаж бэлтгээд, номын өргөөнийхөө хойморт, төрийн далбаагаа залж, хүндэтгэлийн идээ будаа зассан байв.  

Нэг жилийн өмнө 200 орчим Монгол ном тал, талаасаа цуглуулж Монгол Номын сангийнхаа эхийг тавьж байсан. Уншихгүй байж болохгүй ном, Байхгүй юмгүй ном, Монгол ёс заншил, зан үйлийн товчоон гэх мэт сонин содон нэрт тэргүүлэн, Монголын шилдэг өгүүллэгийн болон  яруу найргийн түүврүүд, Монголын зохиолчдын болон Америкт суугаа Монгол уран бүтээлчдийн олон шинэ номуудыг энэ үеэр дэлгэн үзүүлэв. Номын санд олсон орлогоороо ном авсаны дээр Америкийн Монголчуудын худалдааны танхим зэрэг байгууллага, найз нөхөд, хувь хүмүүсийн хандиваар фондоо өргөжүүлэн нийт 400 гаруй номтой болоод байгаа гэнэ. Түүнчлэн цөөн ч гэсэн байнгын уншигчидтай, Ганзориг гэдэг хамгийн идэвхитэй уншигчтай болсон хэмээн Уран уншлагын уралдааны нээлтийн үеэр танилцуулав.

Монгол Улсын Соёлийн тэргүүний ажилтан хуучирч Ичинноров сонгодог аяз тоглож танхимийн жаврыг үргээлээ. Уралдааны салхийг Лос Анжелес хотноо ажиллаж амьдардаг Сэтгүүлч Мөнхцэцэг өөрийн бичсэн “Цасан зүүд” өгүүллэгээрээ хагалав. Тэрээр “Шинэ жилийн үдэш анхны хайрт бүсгүйнхээ зургийг олж үзэж, сургийг нь гаргаад догдлон буй эх орноосоо алс суугаа залуу эрдэмтний тухай” өгүүлсэн.

Яруу найрагч Л.Өлзийтөгсийн “Хүлээлт” өгүүллэгийг Санта Моника коллежид жүжигчний мэргэжлээр суралцаж байгаа Билгүтэй үзэгчдийн сонорт хүргэлээ. 

...Намайг шуугин урсахын цагт
Чи минь санаад байвал
Намуун шөнөөр ирж
Давалгаан дээр минь унтаарай... хэмээн бичсэн Л.Өлзийтөгсийн шүлэг, өгүүллэгээс нандин мэдрэмж, өвөрмөц өнгө будаг харагддаг тул түүнийг унших дуртай гэж 
Билгүтэй хэлсэн юм.

 
ВАНКУВЕРИЙН ӨВЛИЙН ЦАГААН ОЛИМПОД ЦАНЫН ТАМИРЧИД ОРОЛЦОНО PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Лхагва, 27-01-2010 08:55

Канад улсын Ванкувер хотноо 2010 оны 2 сарын 12-28 ны өдрүүдэд болох XXI өвлийн олимп нь спортын 15 төрлөөр зохиогдох юм.  Монголын үндэсний шигшээ багийн тамирчид цанын төрлөөр Х.Хашэрдэнэ, Э.Очирсүрэн,  дасгалжуулагч Л.Дорж нарын  бүрэлдэхүүнтэй оролцох бөгөөд Ванкверыг хоёрдугаар сарын 4 ны өдөр зорихоор бэлтгэл сургуулилтаа хангаад байна.

Манай цанын үндэсний шигшээ багийн тамирчид энэхүү өвлийн олимпод орох эрхийг Олон улсын цанын холбооноос зохион байгуулдаг цуврал тэмцээнд оролцож 300 хүртэлхи оноог цуглуулан оролцдог дүрмийн дагуу 2008 оноос 2010 оны 1сарын 20-ныг хүртэлхи хугацаанд ОХУ, Австри, Герман, Финлянд, Франц зэрэг улсуудад зохиогдсон 11 цуврал тэмцээнд амжилттай оролцож Монгол улсаа төлөөлөн цагаан олимпод оролцох эрхээ авсан байна.


Монголын шигшээ багийн тамирчид цагаан олимпод 1964 оноос эхлэн тасралтгүй оролцсон бөгөөд  2006 онд Италийн Турин хотноо болсон өвлийн олимпийн наадамд цанын төрөлд тамирчин Х.Хашэрдэнэ, Э.Очирсүрэн, дасгалжуулагч Л.Доржийн хамт амжилттай оролцож байсан юм. Өвлийн олимпийн наадамд Монголоос оролцох тамирчид одоогоор бэлтгэл сургуулилтаа Хандгайтын цанын баазад хийж байгаа ба эдгээр баг тамирчдын зардлыг  Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг БТС-ын газар, МҮОХ, Монголын цанын холбоо зэрэг байгууллагууд санхүүжүүлж,  дэмжлэг туслалцаа үзүүлж байна.


ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛИЙН АЛБА
Утас: 262450

 
Дэлгэрэнгүй...
«ЭхлэлӨмнөх12345678910ДараагийнТөгсгөл»