|
|
Таньд энэ өдрийн
мэнд хүргэе! Америкт ирээд төрсөн анхны
сэтгэгдлээ бидэнтэй хуваалцана уу?
Та бүгдэд бас энэ
өдрийн амар амгаланг айлтгая. Алс холын монгол
нутгаас эх газар, их далайг гатлаад хөл тавьсан
миний хувьд Aмерик улс их сонин сайхан санагдаж
байна. Монгол хүн бүхэнд ийм аз завшаан
тохиохгүй юм даа гэж надад бодогдсон. Сүүлийн
үед хөгжил дэвшил их болж, хүмүүс ийш тийш
зөндөө явдаг болсон шүү дээ, харин миний хувьд
анх удаа Aмерикт ирж байгаа тул их сайхан
сэтгэгдэлтэй байгаа. Юм үзэж нүд тайлсан хүмүүс,
над шиг биш, өөр байдаг байхaa, би онгоцны
цонхоор ертөнцийн байдлыг сонирхон ажиглаж явлаа.
Бээжингээс гараад хөлгүй их далайн дээгүүр тувт
ниссээр Вашингтонд буусан даа. Америк улс
үнэхээр содон, сонин үзэх юм олонтой сайхан улс
байнаа.
Tа Aмерикийн зүүн эрэгт буугаад баруун эрэгт
иржээ, ялгаа, онцлог байдал, сонирхолтой зүйл юу
ажиглагдав?
Америкт хөл тавих болсон маань ийм учиртай юм.
Нэгэн монгол эмэгтэй намайг энд ирж үзлэг хийж,
зөвлөгөө өгөөч гэсэн юм. Тэрээр бие нь муудаад
Америкийн эмч нарт үзүүлсэн ч бас монгол
эмчээрээ нэг үзүүлж, зөвлөгөө авъя гэж бодсон юм
байна. Би ч урилгыг хүлээн авч далимд нь Америк
орныг үзье гээд ирсэн. Кальфорн муж, Сан
Франциско хотод Монголчууд маань олноороо
амьдарч, ажилладаг юм байна. Энд манай
эмэгтэйчүүд тодорхой зохион байгуулалтанд орж,
холбоо байгуулан ажиллаж эхэлжээ. Намайг Америк
дахь Монгол эмэгтэйчүүдийн холбоо бас Цэрмаа
маань уриад, эмэгтэйчүүддээ анхан шатны үзлэг
хийж, зөвлөгөө өгнө үү гэсний дагуу ирж ажиллаа.
Америкийн хоёр эргийн хооронд их зөрөө байдаг юм
байна. Би онгоцны цонхон талд сууж юм харж явах
дуртай л даа. Эхлээд маш олон хот тосгод дээгүүр
нисэж байснаа, эзгүй их тал, элсэн цөл, дараа нь
мөнх цаст уулнууд, тэгээд Номхон дөлгөөн далай
гээд байгалийн сонин тогтоцтой юм. Шөнө нь
7 бурхан од хараад, нэг тэнгэрийн доор, нэг
дэлхий дээр амьдардаг боловч хүмүүсийн ёс заншил,
идэх хоол хүнс, амьдралын хэв маяг ямар их өөр
юм бэ гэж бодогдсон. Сонин шүү. Орос Герман
Солонгос гээд хаа ч явсан би 7 бурхан одыг харж
явдаг.
Таныг энд ирсэн сургаар олон эмэгтэйчүүд
үзүүлж зөвлөгөө авлаа. Чикаго хотоос 2 бүсгүй
ирж үзүүлээд орой нь буцаад нисч байсан. Танд
үзүүлж амжаагүй, ажилтай байгаад чадаагүй
бүсгүйчүүддээ хандан, эмэгтэйчүүдийн өвчнөөс хэрхэн
урьдчилан сэргийлэх талаар товч зөвлөгөө өгнө үү?
Би энд албан ёсны
үзлэг биш урьдчилан сэргийлэх,анхан шатны үзлэг
л хийлээ. Зарим шаардлагатай зүйл, багаж авах
гэтэл лиценц хэрэгтэй гээд чадсангүй. Америк
орон хөгжилтэй том гүрэн учир аргагүй бизээ.
Танай эмэгтэйчүүдийн холбооныхон үзлэгт
шаардагдах нэг удаагийн багаж хэрэгсэл, болон
бусад зүйлийг бэлтгэн маш сайн зохион
байгуулсанд талархаж байна. Хол ойрын
хотуудаас олон эмэгтэйчүүд ирж үзүүллээ. Америк
эмчид үзүүлдэг, зөвлөгөө авдаг боловч, монгол
хэлээрээ ярьж, монгол эмчээс зөвлөгөө авах нь их
өөр юм гэж ярьж байсандаа. Дэлхий дээрх аль ч
газрын эмэгтэйчүүд ижил юм болохоор эмчлэх эм,
эмчилгээ нь бидний уншиж мэдсэнтэй адил төстэй
юм байна. Харин багаж, тоног төхөөрөмж,
техникийн хувьд агуу их хөгжсөнийг харж ойлгосон.
Энд байгаа эмэгтэйчүүддээ хандан хэлэх хэдэн
зүйл байна. Манай эмэгтэйчүүд цаг наргүй ажиллаж,
амьдарч байгаа ч гэсэн болж өгвөл жилдээ 1 удаа
эмчид үзүүлж зөвлөгөө авч байгаарай. Америкт 6,7
жил болсон, эмчид огт үзүүлээгүй эмэгтэй таарч л
байна. Эмэгтэйчүүдийн зарим өвчин зовиургүй явж
байгаад хүндрэх тохиолдол байдаг. Дөчөөс
дээш насны эмэгтэйчүүд жилд 1 удаа эсийн
шинжилгээ өгч байх хэрэгтэй, энд үнэ төлбөр нь
боломжийн гайгүй юм шиг байна. Бас жилдээ
витамин эмчилгээ схемээр хэрэглэх нь зүйтэй.
Гэхдээ, энд хүмүүс төрөл бүрийн витаминыг
замбараагүй хэрэглэдэг тал ч харагдлаа. Ямар ч
эмийг буруу хэрэглэвэл хор болдог шүү. Үргүйдэл
нэлээд байна. Ихэвчлэн, янз бүрийн шалтгаанаар
үр хөндүүлснээс болсон байдал ажиглагдлаа. Энэ
тал дээр өөрийн дадлага туршлагаараа бүгдэд нь
зөвлөгөө өгсөн. Энд хүмүүс голдуу гэр бүлээрээ
байдаг нь олзуурхууштай. Ер нь эмэгтэйчүүдийн
өвчний дараах шинж тэмдгүүд илэрч байвал эмчид
заавал үзүүлж байгаарай. Үүнд: цагаан юм их
гарах, сарын тэмдэгт өөрчлөлт орох, хэвлийн
доогуур өвдөх, шээсний гаралт өөрчлөгдөх, өвдөх,
халуурах, хөхөнд өөрчлөлт орох г.м. Эмэгтэй хүн
бүр өөрийн хөхийг байнга тэмтэрч, шалгаж байх
хэрэгтэй. Хэмжээ нь томрох, өвдөлт өгөх, дотор
нь бөндгөр зүйл үүсэх, хөндүүрлэх гэх зэрэг шинж
тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандах нь зүйтэй.
Бэлгийн замын халдварт өвчний шинж тэмдэг
гарсангүй, энэ нь зөвхөн надад үзүүлсэн хүмүүст
шүү дээ. Харин доороосоо даарснаас, ажлын нөхцөл
чийгтэйгээс болж хүнд байвал зохих микро флорууд
өөрчлөгдсөнөөс үрэвсэл, өөрчлөлт гарсан байдал
ажиглагдсан. Надад үзүүлсэн эмэгтэй бүрийг
ганцаарчлан үзэж, цаг хайрлалгүй ярьж,зөвлөгөө
өгсөн болохоор үр дүнгээ өгөх байх гэж бодож
байна. Манай хүүхнүүд маш их ачаалалтай ажиллаад,
биеэ боддоггүй тал их бий, ямарч үед өөрсдийнхөө
эрүүл мэндийг анхаарч яваарай гэж дахин дахин
зөвлөх л байна даа.
Үнэтэй сайхан зөвлөгөө өгсөнд тань их
баярлалаа. Таны цаашдийн ажил үйлсэд өндөр
амжилт хүсэн ерөөе!
За баярлалаа. Манай Монголчууд хаа ч явсан зовхи
нь өөдөө хүмүүс шүү. Хүний нутагт гэлгүй,ажил
амралтаа зөв зохицуулж, өөрсдийн эрүүл мэндээ
бодож яваарай. Энд байгаа нийт Монголчууддаа
хамгийн сайн сайхныг хүсэн, эрүүл мэнд явахыг
хүсэн ерөөе,
баярлалаа!
Бүлтэн эмчийг урьж эмэгтэйчүүдээ үзлэгт
хамруулсан Эмэгтэйчүүдийн холбооны хамт олонд
Бэй Аэриадсуугаа нийт эмэгтэйчүүдийнхээ өмнөөс
талархал илэрхийлье!
Монгол
Улсын хүний гавъяат эмч, анагаах ухаааны
профессор, Б.Бүлтэн эмчтэй харилцах утас:
(976)
99199655,
Имэйл хаяг:
bultendoktor@yahoo.de
Ярилцсан, хүний их эмч
Б.Энхжаргал
2008.3.24 |
|