Сурталчилгаа

   Шуурхай мэдээ
   Сурвалжлага
   Аудио мэдээ
   Манай зочин
   Тэд бидний тухай
   Зургийн цомог
   Санал Сэтгэгдэл
   Америк дахь
     Монголчууд

 
  Зар мэдээ
   
 Сан Франциско
    Бэй Аэриа
    Сакраменто
    Лос Анжелос
    Вашингтон Ди Си
    Чикаго
   
Денвэр
    Бусад

 

 

 

Ард түмэндээ хүргэх миний үг

Гарцын талаар Eagle TV-н хөтлөгч залуу Бямбасүрэн гуайгаас
“Үүссэн энэ нөхцөл байдлаас гарах гарц байна уу” гэж асуусан, Бямбасүрэн гуай ингэж хариулсан л даа


“МАХН, АН аль аль нь “увайгүй удирдагчдаасаа (яг үг үсэгчлэн санахгүй байна, иймэрхүү утгаар л хэлсэн) салж, өөрсдийгөө шинэчлэх хэрэгтэй” гэж хэлсэн. Энэ намууд дотор намаа аврах, эрс шинэчлэх гэх мэт зорилготой, уриатай, нэртэй хөдөлгөөн, жигүүр, фракцууд зөндөө байгуулагджээ, тэдний тоо нь ерөөсөө цөөдөөгүй. Гэхдээ намаа шинэчлэх гээд зүтгэж яваа, жирийн гишүүд учраас нам дотроо нөлөө, дуу хоолойгоороо тийм ч бядтай, хүчтэй биш байгаа тэр нэг хэсэг гишүүддээ тэр удирдагчид нь тэгж “хүрд эргүүлэх” боломж олгоно гэж бодож байна уу? Ийм сценари хэрэгжих магадлал ер нь хэр бодитой вэ? Би бол итгэхгүй байна.

Одоо байгаа удирдагчид (аль ч намынх нь ялгаагүй) дор бүрнээ “Би энэ намын толгойд/удирдлагад байсан цагт надад төрийн өндөр эрх мэдэл, эд хөрөнгө… өөр юу байдаг юм алив бүхэн оногдох нь баталгаатай” гээд тооцчихсон, суудлаасаа тас зуураастай байгаа. Тэд тэнэг биш учраас суудалтайгаа үхэн хатан зууралдахын тулд, салахгүй ховхрохгүй байхын тулд боломжтой бүх арга чаргаа хэрэглэнэ. Нөгөө л найруулж гаршсан хороо найруулцгаана, гишүүддээ хэн нэгэнд нь мунхартал нь эд мөнгө, эрх мэдэл амална, хэн нэгнийг нөгөөд нь муулна, хооронд хагалгана, бутаргана, мөргөлдүүлнэ.

Тэгэхээр МАХН, АН-ын нөхдүүдийг нам нам дотроо мундаг сайхан учраа олоод, тэр “муу удирдагчдаасаа” салаад, аль аль нь дотроо жигтэйхэн ардчилалтай, сайн намууд болоод, улс эх орноо аятайхан аваад явна гэдэг үлгэрт итгэж байснаас өөр гарц санал болгомоор байна, миний хувьд. Тэгээд ч тэдгээр намуудын шинээр гарч ирсэн удирдлага нь эрх мэдлийн төлөө улс орны, ард түмний эрх ашгийг уландаа гишгээд дахиад л өнөөх хоорондоо хуйвалдах, хэдэн бүлэглэлүүд харилцан хороо найруулах гэх мэтээр уламжлалт замаараа явахгүй гэсэн баталгаа байхгүй учраас.

Монголчууд аа! Улс төрийн хүчин гээд өөрсдийгөө нэрлээд байгаа дийлэнх намуудын үнэн нүүр царай өнөөдөр ийм байдалтай байна: “Улс эх орон, ард түмний эрх ашгийн төлөө биш, харин засгийн эрх мэдэл, улсын баялагийн төлөө тэмцэх, эдгээр эрх мэдэл, баялагийг бүрэн гартаа оруулж авдаг юмаа гэмээнэ дотроо хэрхэн багахан шиг хэрэлдэж, зодолдоод хувааж идэх вэ; гартаа бүрэн оруулж чаддаггүй юм бол бусад улс төрийн хүчнүүдтэй хэрхэн тохиролцож, наймаалцаж, хуйвалдаж, хувааж идэх вэ” гэсэн атгаг шуналыг л тойрч нэгдсэн хэсэг бүлэглэлүүд өөрсдийгөө янз бүрийн нэр хаягтай “нам” гэдэг нэрээр халхавчилж, зорилгоо ямар ч үнээр хамаагүй гүйцэлдүүлэхийг, улс эх оронд маань нөлөөгөө тогтоохыг улайран чармайж байна.

Зорилгоо биелүүлэхийн тулд тэд сонгуулийн үеэр худлаа том том амалж, сонгогчдыг бэлэг сэлт, бэлэн мөнгөөр өөртөө татаж, сонгуулийн явц, үр дүнг янз бүрийн арга замаар будлиантуулж байсныг та бид мэднээ. Монголчууд та бидний гэнэн итгэмхий, цайлган мартамхай занг эдгээр улс төрийн хүчнүүд хангалттай ашигласаар ирлээ. 2004 оны УИХ-ын сонгууль сонгогч та бидний хувьд хамгийн сүүлийн гэнэдэл, хамгийн сүүлийн хуурагдал байг ээ.

Иймд одоогийн УИХ-ыг ард түмний дунд санал асуулга явуулж даруй тараая! Ээлжит бус сонгуулийг яаралтай явуулъя. Гэхдээ: Цаашид аливаа нэгэн улс төрийн хүчин (нам, эвсэл), түүний боловсруулсан мөрийн хөтөлбөр (хоосон амлалтууд)-т саналаа өгөхөө больцгооё оо, Монголчуудаа!

Үүний оронд: Хүний итгэлийг дааж чадна гэдгээ, хүний мөс чанартай гэдгээ, бүтээлчээр сэтгэж чадна гэдгээ, юмыг хийж бүтээж чадна гэдгээ, ард түмний эрх ашгаа бүхний түрүүнд тавина (хэн нэгэн намын даргын далласан газар нь ил гарч, далайсан газар нь далд ордоггүй) гэдгээ харуулж чадсан хувь хүмүүсийн төлөө саналаа өгье! Аль намын хүн бэ, эдний нам юу амалсан бэ гэдгээр нь биш энэ хүн хэн бэ, ямар хүн бэ, Монгол эх орныхоо төлөө юу хийсэн хүн бэ, юу хийж чадах хүн бэ гэдгээр нь саналаа өгдөг системд шилжих цаг болжээ. Аль ч намд, жирийн ард иргэд бидний дунд ч дээрх шиг зрх сэтгэлтэй хүмүүс олон бий. Харамсалтай нь олонд танигдсан хүмүүсийн дунд үнэхээр шударга, ёс суртахуунтай, уужуу ухаантай, зөв сэтгэлтэй, оюуны өндөр чадвартай, ард түмний итгэлийг дааж, хайрыг нь хүлээж чадсан хүмүүс өнөөдөр харьцангуй цөөхөн байнаа, гэхдээ цөөхөн ч гэсэн тэднийгээ сонгоод зөв УИХ-ыг байгуулъяа, эхний ээлжинд засаг төрөө энэ ялзрал, завхралаас нь ул үндсээр нь цэвэрлэж, цэгцэлж авъяа. Зөв УИХ үр бүтээлтэй шуурхай ажиллаж, шударга зөв хуулиуд, зөв шийдвэрүүдийг гаргаж чадна, Зөв УИХ-аас чадвартай ажлаа хийж бүтээх эрмэлзэлтэй ЗГ томилогдоно. ЗГ-ын үйл ажиллагаа намуудын амбицаас хамааралгүй болсноор гитшүүд нь бие биенийгээ боож ажил гацаадаг асуудал байхаа болино. Зөв УИХ ЗГ-таа жинхэнэ хяналт тавьж чадна. Шударга, эрүүл саруул нийгмийг бүтээн байгуулахын хэрээр эрүүл саруулаар сэтгэдэг, улс эх орныхоо төлөө гэсэн зүрх сэтгэлтэй, мэргэжлийн өндөр ур чадвартай хүмүүс олон олноороо ард түмэндээ танигдаж, төр улсаа цааш нь төвөггүй аваад явах цаг удахгүй ирнэ гэдэг нь эргэлзээгүй юмаа.

Өөрөөр хэлбэл миний дэвшүүлж буй хувилбар нь:
• Одоо байгаа Монгол улсыг тойрогт хуваасан сонгуулийн систем, аргачлалыг халж,
• Түүний оронд Монгол улсын сонгуулийн насны нийт иргэдээс хамгийн олон санал авсан УИХ-д нэр дэвшигчдийг жагсааж, УИХ-д сонгох хувилбар юмаа.

Өөрөөр хэлбэл, намууд тус бүр нэг суудалд нэг л нэр дэвшигчийн нэрийг дэвшүүлэх эрхтэй байна, бие дааж нэр дэвших шалгуурыг хангасан хүмүүс өөрсдийгөө бас дэвшүүлж болно. УИХ-д нэр дэвшигчдийн жагсаалтаас Монгол улсын сонгууль өгөх эрхтэй иргэн бүр УИХ-д хэдэн гишүүн сонгохоор тогтсон - тийм тооны гишүүдийг сонгож, дугуйлна. Тэгээд нэр дэвшигчдийг иргэдээс авсан нийт саналынх нь тоогоор цувуулан жагсааж, улаан шугамаа тасалбар болгон татаж, УИХ-ын гишүүнд сонгох юмаа.

Харин УИХ-д сонгох гишүүний тоо хэд байх вэ гэдэг дээр саналаа хэлэхэд:
Олонд танигдсан, гэхдээ дээр хэлсэн шалгуурыг хангахаар улс төрчид үнэхээр цөөхөн байнаа манайд, иймд заавал 76 биш, арай багаар тогтоох, магадгүй энэ удаа 20-30 гишүүн ч хангалттай байж мэдэх юм. Ер нь манайх шиг хэмжээний улсад тийм олон гишүүний хэрэг байгаа ч юмуу үгүй ч юмуу. Ээлжит бус энэ сонгуулийг нэн даруй явуулах нь зөв бөгөөд сонгуультай холбоотой аливаа нэгэн сурталчилгааг ор тас хориглож, зөрчсөн хуулийн этгээдэд маш өндөр хэмжээний мөнгөн торгууль ногдуулах саналтай байна.

Яагаад гэвэл, ард түмэн маань 1990 оноос хойших энэ арван хэдэн жилийн хугацаанд улс төрийн тавцанд гол дүрүүдэд тоглосон хүмүүсийг хэн нь хэн бэ гэдэг ялангуяа сүүлийн хэдэн жилүүдэд, сүүлийн 3 өдөр тэр дундаа тарыг нь танилаа, хэн нь юу хийв, ямар байдалтай, ямар идэвх зүтгэлтэй төрийн албанд зүтгэв, хэн нь ор нэрийн төдий оромдов, хэний нэр нь ч дуулдсангүй, дуу хоолой нь ч сонсогдсонгүй, бараа зүс нь ч харагдсангүй вэ гэдгийг үзлээ, харлаа, удаа дараагийн сонгуулиар ч хангалттай хууртлаа, товчхондоо хүмүүсийн чиг багцааг нь ерөнхийд нь мэддэг, гадарладаг болсоон.

Иймд сонгуулийн сурталчилгаа явуулах хэрэгцээ алга байна, үүнд гарздах илүүдээ гарсан мөнгө ч манай орны эдийн засагт алга байна. Сонгуульд нэр дэвшигчийн зөвхөн цээж зураг, овог нэр байхад л хангалттай. УИХ-ын үйл ажиллагаанд хяналт тавих, хариуцлага тооцох механизм УИХ-ын үндсэн үүрэг нь гүйцэтгэх засаглалыг томилж, үйл ажиллагаанд нь хяналт тавихаас гадна хууль батлах, баталсан хуулиудаараа төрийн бодлогыг тодорхойлох явдал билээ.

Гэтэл өнөөг хүртэлх УИХ-д байдал ямар байсан билээ?
Сайн гишүүд, идэвхтэй гишүүд бий, гэхдээ гишүүдийн нэлээд хувь нь (дийлэнх хуралдаа алдаг оног суудаг, дуртай үедээ эсвэл найруулсан хорынхоо үр дүнг үзэх үедээ л морилон ирдэг, дургүйгээ хүрэхээр тасалдаг. Хуралд суусан ч сонин уншаад, утсаар ярьсгээд, эвшээгээд ангайгаад сууж байдаг, сонгогчдод юу юу гэж амалж орж ирснээ таг мартчихсан суугаа гишүүд, эсвэл байгаа байхгүй нь мэдэгдэхгүй мануухай шиг, ер нь ам нь ангайж юм хум ярьдаг эсэх нь тодорхойгүй, хуралд сууж л байдаг гэхдээ ямар ч оролцоогүй байдаггүй, мэдлэг чадвар, боловсрол дорой сул гишүүд, гишүүнээ байг гэхэд наад захын хүнд байх зан харилцаа, соёл, ёс суртахууны хэм хэмжээгүй гишүүд хангалттай олон харагддаг аа, УИХ-ын танхимд ер нь улс орны өмнө байгаа тулгамдсан яаралтай асуудлуудыг шийдчихье гэсэн бүтээлч уур амьсгал байхгүй байна гэж хэлмээр байна, тэгсэн мөртөө хоорондоо бохир хараалын, доромжлолын үгээр бие биенээ утаад, хэрэлдээд сууж байдаг, хууль хэлэлцэх, батлах үндсэн ажлаа маш муу хийдэг байсаан.

Ийм УИХ бидэнд хэрэгтэй юу? Үгүй ээ!
Үүнийг таслан зогсоож, цаашид УИХ-ын ажиллагаанд олон нийт байнга шууд хяналт тавьдаг байх боломжийг олгох хэрэгтэй байна. Саяын 2 өдрийн явдал ч үүнийг харууллаа, зурагтаар гарах болохоороо гишүүд их л идэвхтэй царайлж, ард түмэн энээ тэрээ гэж сүртэй мундаг юмнууд их ярих юм даа.
Иймд Парламентийн ТВ-г ажиллуулах хэрэгтэй байна, албан ёсоор төр өөрөө зохион байгуулж, санхүүжүүлж:

• УИХ-ын ажиллагаанд иргэд хяналт тавих боломж олгох
• УИХ хийсэн ажлаа ард түмэндээ тайлагнах, тайлбарлах, ойлгуулах гэх мэт ач холбогдолтой.

Ялангуяа Ашигт малтмалын гэх мэт улс орны ирээдүйд маш чухал ач холбогдолтой хуулийн төслүүдийг ойрын үед хэлэлцэх гэж байгаа учраас. Парламентийн ТВ-р УИХ-ын үйл ажиллагааг орон даяар биш юмаа гэхэд ядахдаа Улаанбаатар хотод байнга шууд нэвтрүүлж байх, оройд нь тоймч тухайн өдөр хэлэлцэж шийдэгдсэн асуудал, хувилбарууд, түүнтэй холбоотой тайлбарыг өгөх зэргээр ард түмэн УИХ-ын 2-ын эргэх холбоог байнга хангаж байх хэрэгтэй байнаа. Ялангуяа улс эх орны эрх ашигт онцгой ач холбогдолтой Ашигт малтмалын гэх мэт хуулиудыг хэлэлцэх үеэр маш дэлгэрэнгүй тайлбар, танилцуулга, танин мэдэхүйн чанартай нэвтрүүлгүүдийг бэлдэх, хэлэлцэгдэж буй төслүүд, хувилбаруудын үзэл санаа, бэлдэхдээ анхаарсан зүйлс, давуу сул талуудыг харьцуулж тайлбарлах, олон улсын туршлага, шийдлүүдийг мөн дурдаж харьцуулж тайлбарлах гэх мэт. Үүндээ computer graphic мэтийн орчин үеийн технологийг өргөнөөр ашиглах, нарийн мэргэжлийн зүйлүүд дээр мэрэгжилдээ үнэхээр эзэн болсон экспертүүд байдаг, тэд нарыг урьж оролцуулж тайлбар, танилцуулгыг нь сонсгож байх нь зүйтэй.

УИХ-ын гишүүн тус бүр дээр өдөр тутмынх нь ирц, хуралд оролцсон байдал, гаргасан санал, хэлсэн үгийн протокол, боловсруулсан хуулийн төсөл, асуудалд хандсан, баримталсан байр суурь зэрэг хийсэн ажлынх нь тайланг Парламентийн вэб хуудас дээр өдөр, сар, жилээр нь гаргаж нээлттэй тавьж байх, түүнийг нь хүссэн хүн хүссэн үедээ орж үздэг байх, улмаар уг гишүүнийг хэрхэн ард түмний элч байх үүргээ гүйцэтгэж байна вэ гэдгийг нь хянах, үнэлэлт дүгнэлтээ өгдөг боломжийг хангаж өгөх хэрэгтэй.

УИХ-ын гишүүдийн тоо харьцангуй цөөхөн байснаар иргэдээс хяналт тавих энэ механизм маань илүү сайн ажилланаа, хянахад илүү хялбар ойлгомжтой байх болноо гэж бас бодож байна. УИХ-ын гишүүдийн ажлын урам зоригийг дээшлүүлэх үүднээс сарын цалинг 1000-аас доошгүй ам.доллараар тогтоох, жилийн эцэст хуралдаанд оролцсон байдлыг нь үнэлж багагүй хэмжээгээр урамшуулал шагнал олгодог байж болох юм.

Түүнээс гадна:
• УИХ-ын гишүүн бүрийн ажлыг жил бүр ямар нэг аргачлалаар дүгнэж, үнэлэлт оноо өгдөг байх - үүнээс нь үндэслээд урамшуулах юмуу зэмлэх юмуу, аль эсвэл бүр эргүүлж татах (шалгуур нь юу байх вэ гэдгийг хэлэлцээд шийдэж болно) буюу тухайн гишүүнд итгэл хүлээлгэх эсэх, үргэлжлүүлж ажиллуулах эсэх дээр иргэдийн дунд санал асуулгаар шийдвэрлэж байх тогтолцоог бий болгох шаардлагатай.

Ажил үүргийн давхардалтыг арилгах УИХ-ын гишүүн ЗГ-т ажилладаг байж болохоор оруулсан хуулийн заалтыг хүчингүй болгож, гүйцэтгэх засаглалынх нь гүйцэтгэх засаглалаа л хийг, УИХ-ын гишүүд бас үндсэн ажлаа л хийг. Ард түмний үг, санаа бодлыг сонсдог байх Зөвхөн УИХ ч биш ЗГ мөн адил ард иргэдээс тавьж буй санал хүсэлтийг анхаарч, тоож хүлээж авдаг байх, Үүнд зориулсан тусгай алба байгуулах хэрэгтэй. Энэ албаны салаа мөчирүүд нь яам, газар юу байдаг юм төрийн салаа мөчир бүрт байх хэрэгтэй, Public Relations буюу жинхэнэ PR ажилтан. УИХ-ын дарга нь одоогийнх шиг гадаа нь жагсаал болоод байдал хурцдаад байхад пээдийчээд, их зан гаргаад танхимдаа суугаад байдаггүй, энэ албаараа дамжуулаад шаардлага, хүсэлт, гомдол юу байдаг юм тэрийг нь хүлээж авдаг, түүнд нь хүлээж авсан дэс дарааллын дагуу дугаар өгөөд, хүлээж авсан гомдол хүсэлт, шаардлага бүрт төрөөс албан ёсоор хариу өгдөг байх хэрэгтэй

- бид чинь 2 саяулхнаа, тэгээд ч хүн бүр өдөр бүр юм бичээд байна гэж байхгүй. Хүмүүсээс ирэх санал, хүсэлтүүд ч нэлээд нь утга агуулгын хувьд төстэй, давхцаж таарна, тэрүүгээр нь ялгаад байхад тимй айхтар ачаалал үүсгэхгүй учиртай шийдэж болно. Иргэн өөрийн тавьсан хүсэлтээ тусгай албанаас өгсөн дугаарынх нь дагуу “юу болж байна, хянагдаж байна уу, ямар шатандаа явж байна, ямар байгууллагад хүсэлт нь уламжлагдсан, хэн гэдэг албан тушаалтан дээр очсон байна” гэдгийг хүссэн үедээ хянадаг байх боломжийг нээж өгөх хэрэгтэй.
Үүнд шаардлагатай технологийн боломж, шийдэл, программ хангамж өнөөдөр дэлхий дахинд хангалттай байна. Аливаа бизнесийн байгууллага харилцагчдадаа үзүүлж буй үйлчилгээтэй холбоотой хүмүүсийн бодол санаа ямар байгаа, ямар зүйлд бухимдаж, ямар зүйлийг сайжруулж өөрчлөөсэй гэж хүсэж буйг нь мэдэх сонирхолтой хүсэлтэй байдаг, түүнийг нь цаашдынхаа ажилдаа тусгаж байж тэр компанийн ажилл өөдрөг бүтэмжтэй байдаг.

Тэгвэл төр маань нэг л төрлийн компани л гэсэн үг шүү дээ, төрөөс үзүүлж буй үйлчилгээний юу нь болж байна, юу нь болохгүй иргэдийг чирэгдүүлж байна, бухимдуулж байна гэдгийг сонсч мэддэг, арга хэмжээг авдаг байх хэрэгтэй. Ялангуяа ЗГ-ын хувьд гааль, татвар, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн алба, мэргэжлийн хяналтын газар зэрэг иргэддээ үйлчилдэг, доод дунд шатны байцаагч, түшмэлүүдийн хүнд суртал, дарамт ихтэй, хэл ам ихээхэн таталдаг газруудад яг ямар асуудлууд байгааг, эдгээрийг шийдэхийн тулд яавал зүгээр талаар саналыг ард түмнээсээ сонсох хэрэгтэй, тэгвэл эдгээр асуудлыг хурдан шийдвэрлэж чадна.

Намуудад байгаа жирийн гишүүд намыг маань сонгохоо болилоо гэж гоморхолгүй, намаараа дамжуулж биш дээрх байдлаар төрд санаа бодлоо хүргэдэг байх боломжтой. Үнэхээр эх орон ард түмнээ гэсэн сэтгэлтэй хүн бол, үнэхээр албан тушаал, эрх мэдэл, нэр алдар горилоогүй хүн бол дээрх аргаар төр засагтаа “нөлөөлөөд” явж байхад сэтгэл нь ханамжтай байна гэж бодож байна.
Намын гишүүн бөгөөд чадвартай, мэдлэгтэй мэргэжлийн төрийн албан хаагчдын хувьд аливаа намын гишүүнчлэлээсээ татгалзаад төрийнхөө төлөө зүтгэх л үндсэн ажил нь байвал сайнсан. Ер нь өнөөдөр аль нэг намын гишүүд нийгмийн тодорхой хэсгийг төлөөлөх хэсэг мөн боловч зөвхөн тодорхой нэг л хэсэг нь шүү, нийгмийн зүй ёсны тэгш төлөөлөл биш шүү гэдгийг хэлмээр байна.

Яагаад? Эдгээр намын гишүүдийн улс эх орноо гэсэн зүрх сэтгэлийг нь үгүйсгэхгүй, гэхдээ өнөөдөр аль нэг намд харьяалагдаад, намын хурал, цуглаанд суугаад яваад л, өөрөөр хэлбэл “улс төрөөр занималддаг” гэж тодорхойльё л доо, тийм жирийн иргэд нийт иргэдийн маань олонх яавч биш шүү, бүгд хүлээн зөвшөөрөх байх. Ар гэрээ авч явах, амьдралаа залгуулах гээд юун улс төр манатай, тийм завтай, сонирхолтой, нийгэм улс төрийн өндөр идэвхтэй гишүүн жирийн иргэд дунд цөөхөн шүү дээ.

Тэгэхээр нийгмийн идэвхтэй гишүүдийн санал бодол төр засгийн бодлого, арга хэмжээнд намаар нь дамжиж илүү тусаад, ямар нэгэн намд харьяалагдаггүй, улс төр сонирхдоггүй жирийн иргэдийн санал бодол төр засагт хүрэхгүй, бодлогот нь тусгалаа бага олдог байна гэдэг нь шударга биш юмаа. Ийм учраас намаар дамжуулж биш шууд иргэнтэйгээ харьцдаг систем нь зөв гэж бодсоны үндсэн дээр дээрх сонгуулийн систем, УИХ, ЗГ-т иргэдийн санал бодлыг хүргэдэг системийг санал болгож байгаа юмаа. Саналыг харин зөвхөн интернэтээр биш амаар, бичгээр төрөл бүрийн хэлбэрээр авдаг байж байж, сая энэ систем жинхэнэ утгаараа ажиллах юм гэж бодож байна.

Яагаад сонгуулийн ийм хувилбарыг сонговоо? Яагаад заавал одоогийн УИХ-ыг тараах ёстой вэ? Дээр товч дурдсан. ер нь бол ойлгомжтой. Улс төрийн гол хүчин гэж өөрсдийгөө дөвийлгөдөг МАХН, АН 2-т “урд нь тийм цаг байсаан, одоо харин тийм биш болчихоод байнаа.

Сэрээч ээ, та 2! Та нар өөрсдийгөө өнөөдөр хэн болчхоод байгаагаа тольдож нэг хараачээ” гэж хэлмээр байна. Тэд нарыг энэхүү төөрөлдсөн, дээрэнгүй бодлоос нь салгах цаг нь болсоон, ард түмэн минь ээ. Хувийн болон намынхаа эрх ашиг, нэр хүнд, рейтингээс өөр юм бодохгүй байгаа Монголын нийгмийн ийм нэг хэсэг бүлэг нөхдөд (зарим нь өөрсдийгөө мөнхийн парламентч гээд бодчихсон бололтой) та бид цаашид улс эх орныхоо ирээдүйг даатгачихаад хараад суугаад байж таарахгүй нь ээ.

Улс эх орныг авч явдаг хүчин нь өнөөдөр МАХН ч биш байна, АН ч биш байна, харин ард түмэн бид өөрсдөө байнаа, үүнээс цааш ард түмэн өөрсдөө төр засгаа мэддэг, хянадаг больёо. МАХН 150 мянган гишүүнтэй гэж өчигдөр зурагтаар сонслоо л доо, гэтэл яс юман дээр удирдлагад нь байгаа хэдхэн нөхдүүд л энэ намын нэрийг барьж, гол дүрд тоглож, гол хорыг найруулж, дураараа тонгочиж байгаа юм биш үү? МАХН-ын удирдлага жирийн гишүүддээ найруулж буй хороо төдийлөн тайлагнаж, тайлбарлаад байдаггүй болов уу, тэгэхээр Хүрэлсүх гишүүний сүр бадруулан хашгирсан 150 мянган гишүүн манийхаа адил л шар сонин, зурагтаар удирдлагынхаа найруулж буй ээлжит жүжгийн тухай сураг сонсч явдаг, идэвхгүй ажиглагчид гэдэг нь ойлгомжтой байна. Тэгээд ч МАХН-ын удирдлага жирийн гишүүн бүртээ үгээ хэлэх, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх (тэр дундаа намаа шинэчлэх) эрх чөлөөг нь нээлттэй байлгадаг гэдэгт би лав итгэхгүй байна. Энэ талаар учир дутагдалтай болоод л тэр хөдөлгөөн, жигүүрүүд байгуулагдаж байгаа болов уу.

Ардчилсан намын хувьд ч гэсэн байдал төдийлөн дээрдээд байх юм байхгүй. Гишүүд нь удирдлагадаа “мэдээллийн хэрэгслээр дамжуулан харьцаж” үгээ хэлдэг ч, удирдлага нь түүнийг нь тоож сонсдог, авч хэлэлцдэг шинж огт алгаа. Тийм ч учраас “намын дотоод ардчилал хангалтгүй байна” гэж бухимдаж, гомдож яваа гишүүд зөндөө байнаа, МАХН, АН аль алинд нь. Өөрөөр хэлбэл, хэдэн гишүүнтэйгээсээ үл хамаараад энэ 2 нам үнэн хэрэгтээ удирдлагад нь байгаа цөөхөн хэдхэн хүний аясаар, шийдвэрээр л байна. Гэтэл эдгээр намын удирдлагад ажилладагаараа улбаалж төрийн өндөр алба хашиж, эрх мэдлийг гартаа авч буй гол дүрийн хүмүүс дотор олиггүй этгээдүүд цөөнгүй байна. Тухайн намын дотоод бүтэц, зохион байгуулалтын цоорхойгоор, элдэв хуйвалдаан, хор найруулгаар намынхаа удирдлагад шургалаад гараад ирсэн авилгач, хор найруулагч, худалч, урвагч, хуйвалдагч, аялдан дагагч иймэрхүү хүмүүст энэ төрийг барьж, энэ төрөөр, энэ ард түмнээр тоглох эрх, эрх чөлөө олгох нь зөв үү?
Мэдээж буруу.

Өчигдөр Бат-Үүл гишүүний хэлсэн үгийг эргэж нэг санаарай. Сайн гишүүд, чадвартай гишүүд, эх орноо гэсэн гишүүд аль ч намуудад нь байгааг үгүйсгэхгүй, гэхдээ намын гишүүн гэдэг нэрийн доор бусдын улыг долоож, хор найруулахад нь оролцож (товчоор өөрийгөө худалдах гэе л дээ) аятайхан мест, эрх мэдэл, эд хөрөнгө мөрөөдсөн, горилсон товааришууд эдгээр намууд дотор бага биш хувийг нь эзэлдэг болов уу гэсэн бодол надад төрж байна. Гунигтай нь тийм хүмүүс өнөөдөр үнэхээр дээшээ гарч ирж, эрх мэдэлд хүрч, эрх мэдэлдээ бялуурч, согтуурч, исэж, сагаж саагиад, ааш авир нь дийлдэхээ больж, данхалзаж байна л даа.

Тэгэхээр ийм явдлыг таслан зогсоох хэрэгтэй байна, тийм үү? Ийм гунигтай байдалтай дотроо эвлэрээд л, бэртэгчин зан гаргаад суугаад байлгүйгээр (манай ажлын хүүхэн хэлсэн л дээ “заа чамаар л дутав гэж” гэж, тийм бишээ), иргэн нэг бүр энэ байдлаас гарах ГАРЦыг хайх цаг нь болсон гэж бодож байна.
Монгол улс өнөөдөр “иргэн Ламжав” гэдэг ганцхан иргэнтэй биш, мянга мянган “иргэд”-тэй байгаасай. Миний хувьд хайгаад олсон Гарцаа та бүхэнд танилцууллаа – Танигдсан найдвартай хүмүүсээ сонгоё, цөөхөн нь хамаагүй, цаашид аливаа улс төрийн хүчин гэдэг нэрийн доор аль нэг намын удирдлагад сайн муу аргаар очсон, эрх мэдэл, эд хөрөнгөнд дуртай хэсэг бүлэг хүмүүс төрийн албанд шургалдаг энэ явдлыг зогсооё.

Энэ 2 намын толгойд байгаа хэдхэн нөхдүүд Монгол орны хувь заяаг, ажлаа хийгээд амьдралаа залгуулах гэж яваа хэдэн зуун мянган өрх айл, монголчуудын хувь заяаг шийдэх ёстой юмуу, эд ийм эрхтэй юмуу, эд нараар бид ер нь шийдүүлээд суугаад байх ёстой юмуу?

Би бол “ҮГҮЙ ЭЭ, ОДОО БОЛЛОО, ҮЗЛЭЭ, ХАРЛАА, ТА НАР ХУДЛАА АМАЛЖ, ХУЙВАЛДАЖ, ХУЛХИДАЖ, ХОР НАЙРУУЛЖ Л ЧАДДАГ ЮМ БАЙНА, МЭДДЭГ ЮМ БАЙНА, ТА НАРТ ХУЛХИДУУЛЖ ХУУРТАЖ ХАНАЛАА, ТА НАРТ ИТГЭЖ БОЛОХГҮЙ ЮМ БАЙНА, НОЁДУУД БҮГДЭЭРЭЭ АДИЛХАН ЮМ БАЙНА” гэж хэлнэ.

Монголын төр, Монголын ард түмэн энэ 2 намын тоглоом биш, дураа хүрэхээр дундаа хийгээд өшиглөж байдаг хөлбөмбөгийн бөмбөг ч биш. Энэ 2 нам аль аль нь “улс төрийн намынхаа хувьд аль хэдийн дампуурчихаад, зөвхөн ашиг хонжоо, сонирхол нь нийлэх үед хошуугаа нийлүүлж түүнийгээ хүрчихээд, энэ нь зөрчилдсөн үед талцаж уралцаж хэрэлддэг цөөхөн хэдхэн нөхдийн бүлэглэлүүд болчихоод байгаа нь үнэн үү худлаа юу” гээд та бүхний “гудамжны” гээд цоллоод байгаа захын хүнээс асуугаад хариуг нь сонсоод үзээрэй, МАХН, АН-ынхан!
Та нар үүнийгээ өөрсдөө хүлээн зөвшөөрч чадахгүй байж болно, энэ үнэн та нарын хувьд гашуун байж болно. Та нар дотроо ард түмнийг юу ч ойлгодоггүй тэнэг мулгуу мэтээр боддог, өчүүхэн юмаар амыг нь таглаж болдог сав мэтээр басамжлан доромжилж дорд үздэг чинь байж байгаа байдал, ярианы чинь интоноацаас тодорхой байдаг шүү дээ, зарим нэг нь үүнийгээ ил тод зарладаг ч бас байгаа. Ард түмэн өнөөдөр юу ярьж, юу бодож, та нарын тухай ямархуу санал дүгнэлттэй явдгийг та нар мэдэхгүй, мэдэхийг тоож хүсэх ч үгүй байна, энэ нь ч аргагүй, та нар болон та нарын тойрон хүрээлэгч бялдуучлагч нар өнөөдөр амьдралаас дэндүү тасарчихсан байна.

Иймэрхүү тохиолдолд оросууд “Здравствуй” гэж нөгөө хүнээ егөөддөг, та нарыг бас “Сайн байна уу” гэж та нарын хувьд бол “тээр доор байгаа амьдралаас” мэндчилмээр байна л даа. Зөвхөн энэ 2 нам ч биш, ер нь аливаа улс төрийн хүчин буюу нам өөрийгөө засгийн эрхэнд гаргаж, эрх мэдлийг атгах, улмаар “алдар суугаа мандуулах, гайхуулах” сонирхолтой байдаг нь нууц бишээ, ихэнх тохиолдолд намууд энэ зорилгодоо улайраад, энэ зорилго нь ямар нэгэн хэмжээгээр биелэх юм бол амжилтандаа ташуурах, улам шунах зэрэг сонирхол, хүслийнх нь тээр хойно л “ард түмний эрх ашиг” гэдэг үг бүдэг бадаг цухуйж байдаг аа.

Тэр тусмаа увайгүй, улайм цайм, ичгүүр сонжуургүй, ханаж цадахыг мэдэхгүй, бүдүүлэг, эрх мэдэл, эд хөрөнгө амьдралынх нь гол үнэт зүйлс болчихсон, зорилгоо л биелүүлж байвал аль ч намд харьяалагдаад биеэ худалдаад явж байх нь огт падгүй хүмүүс их байгаа өнөөгийн энэ нийгэмд, нам гэдэг институтээс татгалзахыг уриалж байна, Монголчуудыгаа. Зүгээр байхад зүгээр байлгахгүй оролдоод байгаа энэ улс төрийг Монголын ард түмэн ажиглаж сууж боллоо, тэвчээр нь үнэхээр ханавал ханахаар боллоо. Нийгэмдээ өөрсдөө идэвхтэй гар бие оролцоё, хэн нэгэн нам, эвсэд даатгаж, найддагаа больёо, та минь ээ. Тоглоомын дүрмийг өөрчлөх цаг болжээ, хэмжээлшгүй эрхэт хаант засаг мэт төрд ээлжгүй ноёрхсон энэ хэдхэн тооны нөхдөөс салцгаая, сумо үзэх дуртай хүмүүс бүгд мэднэ, дүрэм журам нь ямар шударга голч билээ, ядахдаа сумо бөхийн дүрэмнээс үлгэр жишээ авъя л даа.

Сонгуулийн талаар:
Өнөөгийн Монголын нөхцөлд мажоритар, пропорциональ гээд байгаа сонгуулийн аргын аль аль нь тохирохгүй нь гэдэг дээр дурдсан үндэслэлүүдээр тайлбарлагдсан байхаа гэж бодож байна. Мажоритар гэдэг нь сонгогчдоос намуудад өгсөн саналыг нь үндэслэж суудал хуваарилдаг тул Монгол шиг намууд нь дампуурч, ялзарчихсан улсад тохирохгүй нь харагдаж байна. Одоогийн явж байгаа пропорциональ систем ч учир дутагдалтай.

Яагаад? Монгол улсыг сонгуулийн тойргуудад хуваадаг, гэтэл энэ тойргоос болоод хөдөө орон нутагт сонгууль хамгийн будлиантай явагдаж байна:
• Жалга довны үзэл, манай нутгийн, сумын, голын хүүхэд байгаа юм, нөгөө хэн гуайн хүү гэх мэтээр нь сонгодог.
• Засаг дарга нь дээрээс өгсөн чиглэлийн дагуу сонгогчдыг буюу “өөрийн мэдлийн” хүмүүсээ дарамтална, сонгууль өгч байгаа хүний тоо нь цөөхөн болохоор хэрэв засаг даргын сонгохыг тулгасан хүнээс нь өөр хүнийг сонгочихвол “хаашаагаа ч хэлбийж магадгүй эргэлзээтэй” хэдэн хүнийг түүж гаргаж ирээд хялбархан таамаглачихна, тэгээд дараа нь элдвээр баална. Хөдөө орон нутагт нууцаар санал өгч байна гэж хэлэхэд ер нь хэцүү.
• Сонгогчид бэлэг сэлт, эд материалын амлалтанд хууртаж сонголтоо хийж байна.
• Мэдээлэл муу байна. Одоо байдал арай дээрдэж байгаа ч мал ахуйгаа эргүүлж хоногийн 24 цаг зав зай муутай байдаг хүмүүсийн “тархийг эргүүлэх” амархан байна.
• Нэр дэвшигчид тухайн тойрогт оршин суудаггүй иргэдийг архи, мөнгөөр урхидаж тухайн тойрогт бөөнөөр нь авчирч санал өгүүлэн, өрсөлдөгчөө ялдаг. Гэтэл улс даяараа нийлээд, нэг гишүүний төлөө биш бүх гишүүний төлөө хүн бүр саналаа өгдөг болох юм бол энэ асуудлууд гарахгүй ээ. Харин урд сонгуулиудын үеэр гарч байсан зөрчлүүдтэй тэмцэх зорилгоор энэ талын хууль, журмыг тодорхой, хийгүй болгох, зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээг хатуу болгох, торгууль хураамжийн хэмжээг мэдрэгдэхүйц хэмжээнд аваачих хэрэгтэй. Монголчуудад хувь хүнээр нь сонголт хийх нөхцөл, боломж байна.

Яагаад гэвэл:
• Дээр хэлснээр улс төрчдийг хэн нь хэн бэ гэдгийг таньдаг болсоон, сүүлийн хэдэн жилүүдэд бүр ч илүү таньдаг боллоо, бид.
• Бид цөөхүүлхнээ! Худалч хүнд бараг бүгд бие биенийгээ танина, таньдаггүй юмаа гэхэд танилцаад жаахан яривал ямар нэгэн байдлаар хамаатан садан, эсвэл танил талын холбоотой болчих гээд байдаг улс. Энэ бол өөр улсад байхгүй сонгуулийн арга хэлбэр байж болох ч, Монголчууд цөөхөн учраас энэ арга тохирноо гэж бодож байна.

Бас хэд хэдэн горимын санал байнаа:
• Сонгуулийн насны эрэгтэйчүүд цэргийн албаны дуудлага авах насны хязгаараа хүртэл хаана ч бүртгэлгүй, завсардах явдал түгээмэл үзэгдэл болжээ. Ийм хүмүүст сонгуульд оролцох боломж олгож “өршөөл” үзүүлэх, цаашдаа ер нт цэргийн албыг сайн дурынх болгох хэрэгтэй гэж бодож байна. Манайх шиг ийм мэргэжлийн армитай болох чиглэлтэй орны хувьд, тэр тусмаа
• Гадаадад ажиллаж амьдарч буй сонгуулийн насны дор хаяж 50 мянган иргэдийг сонгуульд оролцох боломжийг нь хангах. ЭСЯ, консул дээр биеэр очих боломжгүй иргэдээс санал авах аргыг бодож олох. (интернэтээр дамжуулаад VASCO мэтийн нууцлалын төхөөрөмжийг ашиглаад авч болох юм)
• Бичиг баримтгүй иргэдийг яаралтай хүнд сурталгүйгээр баримтжуулах. Жишээ нь: иргэний үнэмлэхээ хаячихаад явдал чирэгдллээс нь болоод бичиг баримтгүй удаан хугацаагаар яваа хүмүүс зөндөө байдаг аа.
• Ард түмнийг сонголтоо ухамсартай, зөв хийгээсэй гэж хичээнгүйлэн хүсэх байнаа, удаа дараагийн сургамж, гашуун түүхүүд хангалттай байнаа бидэнд. Хаширвал хаширахаар боллоо.

"Өдрийн сонин" 2006.01.23
 

 
 


Zamdaan.com
© 2006