Сурталчилгаа

   Шуурхай мэдээ
   Сурвалжлага
   Аудио мэдээ
   Манай зочин
   Тэд бидний тухай
   Зургийн цомог
   Элчийн мэдээ
   Америк дахь
     Монголчууд

 
  Зар мэдээ
   
 Сан Франциско
    Бэй Аэриа
    Сакраменто
    Лос Анжелос
    Вашингтон Ди Си
    Чикаго
   
Денвэр
    Бусад

 

 

 

ЧАМДАА ХЭЛЭХ ҮГ

 “Энэ шинэ жилээр ч харин нэг сайхан байна даа. Ганц хоёр халтуур хийсний ачаар шампанск ч, торт ч авч чадлаа. Авгай ч ёлкондоо шинэ хувцас өмсөж гангарлаа даа. Харин хавар хүүхдийнхээ хонхны баяраар яая да байз. За яахав өвөл ч дуусаг, учир нь олдох бизээ. Амьд хүн аргатай”. Борхноос борхон ахуй минь дээ! Яаж ч ажиллаад юунд ч хүрдэггүй цалин минь. “Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, байр цахилгаан утасны мөнгө, өр шир ... ингээд л тоотойхон хэд минь дууслаа.

Юу идэх вэ? Өвлийн хувцсаа ямар мөнгөөр авах вэ? Охины ангид чинээлэг айлын хүүхдүүд зөндөө байдаг нь ч юу билээ. За яахав ажилтай би бас ч гайгүй ээ. Эгч минь л хэцүү юмаа, хүүхдүүд нь өлсгөлөн л харагдах юм.” Монгол орон ядуу учраас ард түмэн ядуу... Манай нийгмийн стереотип буюу буруу ч бай зөв ч бай олонд зөвшөөрөгдсөн үзэл бодол. Харин бид үнэхээр ядуу юу эсвэл бидний баялаг цөөхөн хэдэн хүний гарт эргэлдэнэ үү?

“Хэн ч байсан хамаагүй ээ, хувьсгалт намдаа л өгнө. 80 жил хооллоод ирсэн юм, арай л тураагаад алчихгүй байх. Энэ ардчилалынхан ч мэдэхгүй ээ, яаж ч мэдэх улс.” Ийнхүү додигор гэгч намжирдчихаад сонгуульд оролцоно. Ардчилал нь ядуурал эмх замбраагүй байдлыг авчирдаг гэж боддог болжээ. Энэ бол бидний өнөөгийн нийгэмд тогтсон стереотип. Өнөөгийн ардчилсан хүчнийхэн үүнийг батлах мэт хоорондоо эвдрэлцэн, зүүн баруунгүй хээль хахууль авна. Хувьсгалт намаас дэвшигсэд ч мөн илүү гарна уу гэхээс биш дутахгүй. Гэнэхнээс гэнэхэн Монгол хүн минь дээ! Амьдрал аз жаргалаа ийм өнгөцхөн бодолтойгоор даатгаж болно гэж үү? Чамайгаа шүүмжлээд ч би яахав дээ. Шударга сэтгүүлч, нэвтрүүлэгч ховордож, бурхнаас бусдыг гутаан гүжирдсэн энэ цагт чи хэндээ итгэх билээ? Ёстой л сурснаараа болохоос өөр аргагүй байсан биз ээ.

Гэвч нүдээ нээгээд ганц хараач дээ! Өнөөдөр хэн баян явна вэ, хэний хүүхэд гэдэс цатгалан гоё ганган, үнэтэй сургуульд сурж байна? Үүнд нам хамаагүй ээ, харин намын нэрийг барьсан цөөн хэдэн этгээдүүд бидний баялгийг цөлмөн мөлжиж, ичих ч үгүй ядуу ард түмнээ шоолж даапаалж байна.

Идэр ес тачигнасан тэр нэг өвөл ядруухан амьдралтай бүсгүй Эх Нялхсын Эрдэм Шинжилгээний Төвд нярайлсан юм. Энэрэлт ээжийгээ эргэх гэж, хөөрхөн булбарай дүүгээ харах гэж яарсан жадгар нимгэн хувцастай 3 бяцхан хүүхэд өдөржин цонхон доор зогсож билээ. Тэд харваас орон гэргүй, орц траншейнд хоноглодог хүүхдүүд байлаа. Халуун цай шөл авчирч чадахгүй ч өр нимгэнтэй нэгний өгсөн боорцог барьчихсан “Ээж ээ, ээж ээ! Дүүгээ харъя” гэж хашгиралдан, дөнгөж төрсөн нялх дүү нь эмнэлгийн цонхонд тусах өвлийн наранд гялбан духаа үрчийлгэж буй дүрийг нь харж чанга чанга хөхрөлдөж билээ. Хаа ч гэж сэтгэл нь эвдрээгүй, хатуухан энэ орчлонд амьдрах гэж, тэнцвэрээ олох гэж гүйж байсан юм тэд. Зогсохгүй урсах гашуухан нулимс минь дээ!

Зовлонг байх л ёстой зүйл мэт туулах хүмүүс энэ эмэгтэйгээр дуусаагүй шүү дэ. Бүгдийг нь өрөвдөж барах билүү? Зовсны эцэст жаргана гэдэг. Хаана байна тэр жаргал чинь тэгээд? Зовж гүйцээгүй гэж үү ядруу ард түмэн минь? Хорвоог уяраах эхийн бүүвэйн дуу нь чулуун сэтгэлт төр засгийн зүрхийг уярааж чадсан билүү? Нүгэл нүдээрээ гарна гэдэг. Хаана байна тэр чинь тэгээд? Хууль бус наймаа хийж, архи дарсаар ард түмнээ хордуулж, хахууль авч, ядуу нэгнийг тарчлааж, улсын хөрөнгийг үрэн таран хийсэн нь бүр дэвшээд хүрч болох бүхий л “оргилд” хүрч байгаа юм биш үү?

“Ээж ээ! Би сугалаа хожоод тэрбумтан болчихвол ямар гоё вэ? Өөрөө хичнээн ч хэрэглээд, ядуу өнчин хүүхдүүдэд тараагаад ч дуусахгүй! Ээж ээ! Яагаад Монголд гудамжны хүүхдүүд байна вэ? Японоос л гэхэд зөндөө мөнгө өгдөг шүү дээ.” Энхрийхнээс энхрийхэн үр минь дээ! Чинийхээ гэгээн мөрөөдөл, хүслийг ээж нь унтрааж яахан чадах билээ.

Гэвч амьдрал өөр, тэс өөр. Шударга бус, ёс суртахуун доогуур хүн мөнгөтэй болохын хирээр шунал нь улам асна. Мөнгөтөй болохын төлөө дарга болно. Дарга болоод суудлаасаа хөдлөхгүйгээр хэдэн саяар нь мөнгө олно. Үүнд бүр нэр томъёо тогтоосон бөгөөд хэвлэл мэдээллээр хээв нэг “ашигтай мест” эсвэл “бялууны амтат хэсэг” гэж бичдэг болсон. Дарга нар ч энэ суудлаасаа салахгүйн тулд залуу насныхаа хүсэл мөрөөдөл, шударга зарчмаа умартан улайрцгаана. Авилгалаар олсон мөнгөөрөө байшин барина, гэтэл тансаг сайхан тавилга бас хэрэгтэй, гадаадад сурж байгаа хүүхдэд нь мөнгө хэрэгтэй, хэрэглээ нь зардлаа, зардал нь авилга луйвраа дагуулна. Ямар ч замаар хамаагүй мөнгө ол, харин шударга л байх юм бол хоосон чигээрээ үлдэнэ. Энэ бол бидний нийгэмд үйлчлэх болсон "хууль". Жаахан хүүхэд ч үүнийг мэддэг бөгөөд хүүхдүүдийн аав ээж нарыг "хоншоортой" ба "хоншооргүй" хэсэгт ангилна.

Гэмтлийн эмнэлэгт нөхөртөө ухаангүй болтлоо зодуулсан эмэгтэй хүргэгдлээ. Нүүрийг нь таних ч арга алга, хажууд нь эгч нь гэх ядруухан бүсгүй байлаа. Нөгөөдөр нь тэр золгүй эмэгтэй нүд анисан юм. Хорвоо ертөнц орвонгоороо эргэсэнгүй, гэмтлийн эмнэлгийн үүдэн дээр хүний эрхийн төлөө байгууллагынхан жагссангүй, зон олон цугларч гашуудсангүй. Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг. Хайртай бол хартай, хартай бол зодно, зодуулсаар нэг л өдөр энэ хорвоогоос халин одно. Энэ бол бидний нийгмийн стеротип билээ. Элбэг тохиолддог аймшгийн гэмт хэрэг билээ. Хэнзхэнээс хэнзхэн бүсгүй минь дээ! Зодуур нүдүүр, дарамт зовлонгоос салая гэж нэг бус удаа бодсон шүү дээ. Түшээд авах хамт олон байсангүй гэж үү, хамгаалаад хайрлах найз байсангүй юу, амьдралаа өөрчлөх тэнхээ байсангүй гэж үү?

Бяцхан охин хойд эцэгтээ бузарлагдлаа, өнчин жаалхүү хойд эхийн зодуурыг даалгүй амь алдлаа, талхнаас болж нэгнээ аллаа. Хаа сайгүй харгислал, хүчирхийлэл, үзэн ядалт, архидалт, янхандалт. Эзэнгүй мэт харгис энэ оронд эмзэгхэн нэгнээ хамгаалж чадахаа байжээ? Энэ чинь бидний нийгэм мөн билүү? Өөрөөр амьдарч болохгүйсэн билүү? Энэ харанхуйд гэгээ оруулах ёстой хүмүүс минь юу харж сууна вэ? Нэг л айлд ийм зовлон байвал яая гэхэв, гэтэл энэ чинь хавтгай бүхэлдээ ийм болоод байна. Цээжээ балбан ард түмэндээ тогтвортой чинээлэг, баталгаатай амьдрал амлах төрийн тушаалтан та хэлсэн амандаа хүрээч, эс тэгвэл зай тавиад өгөөч. Хувиа хичээгч, бэртэгчин дээрэмчнийг битгий сонгооч дээ, анд минь! Хууль нь шударга, иргэн нь хариуцлагатай, ядарсан нэгнээ хамгаалж чадах тийм л төр хэрэгтэй байна бидэнд. Түүнээс биш цөөнхи нь олонхи болно уу хамаа алга ердөө.

Ертөнцийн гол мөрөнгүүд далай руу урссаар, эх дэлхийд минь наран саран ээлжилнэ. Хүмүүн болж төрсний аз жаргалыг амталж, дурлаж, хайрлаж, хайрлуулж, эрүүл саруул аж амьдрах учиртай билээ. Бардамхан монгол хүн минь, энхрийхэн үр минь, гэнэхэн анд минь, ухаалаг хүмүүс минь! Уулыг дав, голыг гатал, барьж байгуул, тэмц, сөр, эргэж харвал алдаагаа л хар! Бидний аз жаргалаас шимэн сорох авилгач, хүнд сурталтнууд, гэмт хэрэгтнүүдийг гишгэх газаргүй болтол нь амьдралаа сайхан болгоё. Бидний үед биш юмаа гэхэд үр ач нар минь гэгээн хүслээ даган амьдраг. Нийгмийн гаж үзэгдлийг нийгэм л бий болгосон, нийгмээрээ л эвдэж барна.

Нийгмээ эрүүл болгоё, анд минь! Амь нас, албан тушаал, эрхэм бүхнээрээ дэнчин тавьж, та бидний төлөө өвлийн хүйтэнд хоолойгоо сөөтөл уриалж, цагдаад зодуулан бороохойдуулан, алдаж оносон ч зорилгоосоо үл няцаах зоригт залуусыг бишрэн бишрэн энэ мөрүүдийг бичиж сууна. Хорвоод мэндлээд удаагүй тэр л өхөөрдөм жаалын төлөө, гэр бүлээ тэжээж ядаж байгаа тэр л гүндүүгүй эрийн төлөө, ядарч даарч өлссөн, харгис амьдралыг туулж яваа ардынхаа төлөө тэд гарч ирсэн билээ. Нийгэм болохоо байсныг, гаж үзэгдэл нь стереотип болтлоо хөгжин дэлгэрснийг тэд олж хараад, бидэнд хэлж өгч байна. Дайны талбар дээр үхсэн ч хөгжимтөй үхэе гэж бөмбөр цохиж, бүрээ үлээдэг шиг амьдарвал амьдарсан шиг л амьдрая. Шуналт харгис хүмүүсийн идэш болохгүйн тулд тэмцэцгээе! Зовсны эцэст бус тэмцсэний эцэст жаргана! Би одоо үүнд л итгэж байна. Анд минь, хэлэх гэсэн үг минь энэ.

Э.Хүслэн Япон улс Токио хот
 

 
 


Zamdaan.com
© 2006