Зар, сурталчилгаа

   Шуурхай мэдээ
   Yзэл бодол
   Аудио мэдээ
   Манай зочин
   Тэд бидний тухай
   Зургийн цомог
   Америк дахь
     Монголчууд

 

 

Мэдээж НҮБ-ын гантиг ногоон индрээс үг хэлнэ гэдэг тэр болгон хүнд заяадаггүй завшаан болохоор мань хүнд гоё л байсан байж таарна.

Харин хүмүүс гайхсан байх. Ямар ч баялаг бүтээгээгүй, үйлдвэрлэл ярихгүй зөвхөн л тэтгэвэр тэтгэмжийг төрөл бүрээр өгөөд байж яахаараа ДНБ нь болоод эдийн засаг нь өсдөг байна аа гэж. Гэтэл бага зэргийн тэр өсөлт бол гадаадад ажиллаж оюун ухаан, хөлс хүчээ шавхан байж явуулсан монголчуудын маань мөнгө гэдгийг мань хүн өөрөө ч мэдэхгүй тууж яваа.

Хүн төрөлхтний түүхийн явцад хэзээ ч ажил хаяж өөрсдийгөө мэдрүүлж ямар нэгэн тулган шаардалт тавьж байгаагүй ганцхан давхарга байдаг тухай Айн Рэндийн "Атлантын мөр тэнийв" номд дурдсан нь бий. Тэр бол оюун ухаан. Оюунлаг хүмүүс хэзээ ч ажил хаядаггүй атлаа хүн төрөлхтний хамгийн хүнд хэцүү бүхнийг үүрч хөгжил дэвшилд хүргэснийхээ шанд зөвхөн сэтгэлийн шаналгааг л хөлс болгон авдаг тухай бичжээ. Нээрээ багш, эмч, жолооч гээд янз бүрийн мэргэжлийн салбарынхан хүссэн үедээ ажлаа хаяж өөрсдийгөө юугаар ч орлуулшгүй гэдгээ илэрхийлж цалин мөнгөө байнга нэмүүлсээр ирсэн байна.
Харин оюунлагууд зовж шаналсаар байдаг ч дуугүйхэн ажилласаар эцэст нь оюун ухааныг дээдэлдэг газар руу яваад өгдөг гэх. Тэгэхдээ "Би явлаа" хэмээн цээжээ дэлдэлгүйгээр нэг л мэдэхэд шилээ харуулчихдаг гэмтэй. Харин тэдний явсныг нийгмээрээ оюуны хоосролд автаж боловсон хүчин дутаж улс орон доройтохын цагт мэдэрдэг гэх. Үүний нэг тод жишээ бол 1960-аад оны Англи орон.
Үндэстний сэхээтнүүд нь харьд дүрвэж оюуны хоосролд автахыг "тархины гоожилт" хэмээн британичууд нэрлэжээ. Эрдэмтэн, сэхээтнүүд нь "зугтаж" байсан тэр үед Англи орон үндэсний потенциалынхаа 20 хувийг Америкт "экспортолсон" гашуун туршлагатай. Харин тэр аюултай "тархины гоожилт" өнөөдөр манай улсад нүүрлэсэн бололтой. Орц бүрийн хонгилд шахуу дээд сургуулиуд ажиллаж жил бүр хэдэн мянгаар тоологдох диплом өвөрлөсөн сэхээтнүүдийг зай завсаргүй үйлдвэрлэх атлаа өндөр боловсролтой боловсон хүчнээр яагаад гачигдах болов оо. Монголын төрийн толгойд яагаад олигархи, люмпэнгүүд сууж хэдэн зуун жилийн түүхтэй төрт ёсоо авлига хэмээх хэцүү нэртийн өлмийд дэвсэж өгөв өө. Тэгэхээр Монголын оюун ухаан хэдийнэ "ажил хаясан" байна. Монголын тархи гадагшаа гоожиж бид үндэсний потенциалаа алдаж эхэлжээ. 1990 оны ардчилсан хувьсгалын сэхээтнүүдийн 90 хувь нь тэр жишгээр л гадагшаа урсчихаж.

Цагаан морин жилийн хувьсгалыг пролетарын хувьсгал болголгүйгээр жолоог нь алдуулалгүй капиталист хэмжээнд нь барьж, ардчилал цэцэглэх хөрс шороо нь болж өгсөн сэхээтнүүд хэдийнэ харийн нутагт ажиллаж амьдрахаар одсон байна. Албан бус тоогоор Монголын 400 мянгаад хүн гадаадын аль нэг оронд ажиллаж амьдарч байгаа. Тэдний 80 хувь нь сэхээтнүүд. Энэ бол харамсалтай тоо.

Өдгөө Монголын нийгэмд болж бүтэхгүй байгаа бүхнийг өөрчлөх, засч залруулах гэхээр сэхээтний дэмжлэг алга. Байгаа хэдийнх нь ард түмнээ бүдүүлэг, харанхуй хэвээр байлгах сонирхол нь дийлж байгаа. Гэгээрсэн оюунлаг хүмүүсээс харанхуй, бүдүүлэг ард түмнийг мэхлэх нь амар болоод тэр. Хором тутам шинэлэг, боловсон, оюунлаг зүйл шаардах ард түмнээс атга гурил, үмх талх, өмсөх хувцас нэхэх ард түмнийг тэжээж тархийг нь угааж байх нь хэдэн хувь амархан бөгөөд бас зугаатай. Өнөөдрийн манай нийгэмд оюун ухаанаар ажил хийхээсээ илүү элдэв гачигдал, зовлон бэрхшээлээр хоол хийгсэд урагшаа ахиж, дэвшиж дээшилж байгаа юм. Сонгуулийн үеийн жишээг харж болно. "Хүүхдийг чинь гадаадад боол болгоно" "Цалин чинь хүрэхгүй бол тэтгэмж олгоно", "Ажил хийгээд хэрэггүй ээ. Зүгээр суусны чинь шанд мөнгө өгнө" гэсэн люмпэн амлалтууд л давамгайлж сонгогчид нь ч "Аль нь их гурил, будаа, мөнгө амлах нь вэ" гэсэн хүлээлтээр тэднийг угтсаар байгаа. Нийгмээ шинэчлэхээр зориглосон цөөн тооны сэхээтнүүдийг ямар ч өмч хөрөнгөгүй, боловсролгүй хүмүүс дэмжиж сав л хийвэл 1917 оны Оросын пролетарын хувьсгалыг давтчих гээд шаналгаж байна.
Тэд хөрөнгөтэй хүмүүсийн хөрөнгийг хурааж тэнцүү эзэмшиж, боловсролтой цөөн тооны сэхээтнүүдээ хоморголон шорон гянданд илгээж, социализм руу ухраачих гээд зовоож байгаа. Гэдэс нь өлсгөлөн хүний оюун ухаан нь аль хэдийнэ "турж үхсэн" байдаг ажээ. Эсвэл оюун ухаан нь "өлсөж үхэхээр" зөвхөн идэж уух бусдыг үзэн ядах амьтанлаг шинж нь үлддэг ч юм уу. Нэг л биш ээ.

Харин энэ бүхнийг хариас анхааралтай ажиглаж интернэтээр үзэл бодлоо илэрхийлж тэвчээр алдан суугаа оюунлагууд маань л эргэж ирэх нь хэзээ юм бол доо. Монгол хүн хичнээн алс газар явж амьдарсан ч эргээд заавал нутгаа барааддагсан. Гэхдээ тэд эргэж ирэхэд зовлон их ээ. Шаахайгаа үүрч ирсэн харийн тэнүүлчин манай улсад үйлдвэрлэл явуулахад эхний гурван жил татваргүй. Гэтэл гадаадад ажиллаж байгаад хэдэн "ногоон" өвөрлөж ирсэн монголчуудад юуных нь татварын хөнгөлөлт. Харин ч нэлээд их хэмжээний авлига өгч байж арайхийн бизнес эрхлэх зөвшөөрлийг олж авна. Тэгээд алхам тутамдаа "хяналт шалгалт" нэртэй элдэв татаас тасрахгүй. Үүнийг тэд тэвчих үү. Түүнд орвол сар бүр гэрээдээ хэдэн ногоон явуулчихаад дарамтгүй нийгэмд амьдрахыг илүүд үзэж буй. Гэхдээ л насны нар хэвийсэн цагтаа ирж амьдрах Монголынхоо нийгмийг гайгүй дээр нь өөд нь татаж, засч авахад гадагшаа урссан оюунлагуудын дэмжлэг мөн ч их байна санж. Эх орон, ард түмэн чинь оюуны хоосролд автаж байгааг ойлгож тархины цоорхойг нөхөх юу юунаас илүү л байна даа.

Л.Мөнхбаясгалан

Өдрийн сонин, 2006.9.25-ны дугаарт нийтлэгдсэн.


 
 


Zamdaan.com
© 2006