|
“Монгол ба Их Гүрнүүд
ХХ зууны эхний хагаст. Хиагтаас Ялта хүртэл:
Сталин, Чан Кайши, Монголын тусгаар тогтнол”
номын эхний бүлэг
Эдгээр яриа хэлэлцээнд Монголын асуудал, Дорнод
хятадын төмөр замын тухай асуудал зэрэг хэд
хэдэн төвөгтэй асуудлууд тээг болж хоёр тал ил
далд дипломатын аргаар тэдгээрийг шийдвэрлэх
арга замыг хайж байжээ. Оросын судлаач С.
Лузянины судалгаанаас үзвэл 1920-24 оны
Зөвлөлт-Хятадын хэлэлцээний явцад Зөвлөлт оросын
байр суурь хоёр шатыг дамжин зарчмын чанартай
өөрчлөгджээ. Алс Дорнодын БНУ-ын Гадаад хэргийн
сайд И.Л. Юрин болон ЗОУ-ын бүрэн эрхт төлөөлөгч
А.К. Пайкес нар Хятадтай хэлэлцээ хийхдээ
Монголын талаарх Хятадын суверенитетыг хүлээн
зөвшөөрөх, Хятадын бүрэлдэхүүн дэх Монголын
автономит эрхийг Бээжингээр хүлээн зөвшөөрүүлэх,
өөрөөр хэлбэл 1915 оны Хиагтын гурван этгээдийн
бага хурлын аргачлалаар шийдвэрлэх удирдамжтай
байв. Харин хятадын талын эрс эсэргүүцэлтэй
тулгарсны дараа А.А. Иоффе, Л.М. Карахан нар
асуудлыг шинэ аргаар, өөрөөр хэлбэл Монголыг
Хятадын бүрэлдэхүүн хэсэг мөн хэмээн ямарваа нэг
болзол нөхцөлгүйгээр хүлээн зөвшөөрөхөөр болж
зарчмын буулт хийжээ. Оросын архивын шинэ
баримтууд энэхүү өөрчлөлт гарах болсон учир
шалтгаан, ялангуяа А.А. Иоффе хятадын хувьсгалын
эрх ашгийн тусын тулд Монголын бүрэн эрхэт
статусаас татгалзах, бага жижиг үндэстний өөртөө
засан тогтнох эрхээр "наймаалцах" байр суурь
баримталж, үүндээ тухайн үеийн ЗОУ болон
Коминтерны удирдлагуудыг итгүүлэн үнэмшүүлж
чадсаныг хөдлөшгүй нотолж байна.
Монголын асуудлаархи хоёр талын дипломат яриа
хэлэлцээний гол шат нь 1921 оны 12 дугаар сард
Бээжинд хүрэлцэн очсон ЗОУ-ын албан ёсны анхны
бүрэн эрхт төлөөлөгч А. К. Пайкестай холбогдоно.
Энэ үе шат нь Вашингтоны бага хуралтай давхцсан
бөгөөд ЗОУ Дорнод Хятадын төмөр замын асуудлыг
хоёр талаар хэлэлцэн тохирохыг яаравчлан
Пайкесыг Хятадад илгээсэн байна. Харин Хятадын
тал ДХТЗ-ын асуудлыг хэлэлцэхээс цааргалж
Монголд байгаа Зөвлөлтийн цэргийн асуудлыг сөхөн
тавьж, Зөвлөлтийн цэргийг нэн даруй гаргахыг
шаардаж түүнийг урьдчилсан нөхцөл болгон тавьсан
байна.
АНУ-ын судлаач Брюс Эллеманы
судалгаанаас үзвэл Александр Пайкес анхны
уулзалтаа 1922 оны 1 дүгээр сарын 16-нд Хятадын
ГЯЯ-ны төлөөлөгч Ли Кунцзантай хийжээ. Пайкес
Монголын асуудлыг зохицуулахын тулд Хятад, ЗОУ,
Монголын гурван талын бага хурлыг зарлан
хуралдуулах санал тавьсан байна. Хятадын тал
Монголыг хятад улсын бүрэлдэхүүн хэсэг гэж үзэж
байсан тул энэ саналыг хүлээн авахаас татгалзаж,
үүнийг Хятадын дотоод хэрэгт эрээ цээргүй
оролцлоо гэж үзжээ. Хятадын тал Монголоос
зөвлөлтийн цэргийг нэн даруй гаргахыг шаардаж,
Зөвлөлтийн талын "зуучлагчын" үүрэг гүйцэтгэх
гэсэн саналыг ч няцаасан байна. 49
Пайкесын яриа хэлэлцээг
хүндрүүлсэн бас нэг асуудал бол 1921 оны 11
дүгээр сарын 5-нд Монгол-Зөвлөлтийн хооронд
байгуулсан гэрээний асуудал болно. Бээжин ийм
гэрээ байгуулагдсан гэдгийг Нью Иойркад
хэвлэгддэг Нэйшн сэтгүүлийн 1922 оны 1 дүгээр
сарын 4 -ны дугаараас мэдэж , тэрхүү дугаарт
гарсан "Известия" сонины өгүүллийг 1922 оны 2
дугаар сард Бээжингийн сонинд орчуулан хэвлэсэн
байна. Хятадын ГЯЯ өөрийн Чита хотод суугаа
Консулын газраас 1922 оны 3 дугаар сард уг
гэрээний бүрэн эхийг олж авчээ. Ли Кунцзан 4
дүгээр сарын 26-нд Пайкестай уулзахдаа энэхүү
гэрээ байгуулагдсан эсэхийг тулган асуусан
байна. Пайкес гарцаагүй байдалд орсон тул
Москвагаас 1921 оны 10 дугаар сарын 18-нд явсан
бөгөөд энэхүү гэрээ 11 дүгээр сарын 5-нд
байгуулагдсан тул энэ талаар мэдээлэлгүй байсан
гэж бултжээ. Харин гэрээ байгуулагдсан тухай
мэдээг Москвагаас 1922 оны 2 дугаар сарын
дундуур авсан гэж тайлбарлажээ. 50
4 дүгээр сарын 26-ны уулзалтанд
дээр Пайкес мөн дараах мэдэгдлийг хийсэн байна.
Тэрээр 1919 оны Караханы мэдэгдлээр ЗОУ өмнө нь
хаант Оросоос Хятадтай байгуулсан эрх тэгш бус
гэрээ хэлэлцээрүүдийг хүчингүй болох тухай
мэдэгдсэн боловч 1915 оны Хиагтын гэрээг
бүрмөсөн хүчингүй болсон, Гадаад Монголын
автономи огт хүчингүй болсон гэж хэзээ ч
мэдэгдээгүй. Үүнийг танай Хятадын засгийн газар
буруу ойлгосон байна. Иймд гурван этгээдийн бага
хурлыг зарлан хуралдуулж Монголын автономит
статусыг сэргээн тогтоох хэрэгтэй гэсэн санал
тавьжээ. Үүний хариуд Хятадын тал Монголтой
зөвхөн хоёр талаар уулзаж болох юм гэсэн хариу
өгсөн тул Пайкес Москва руу даруй холбоо барьж
Монголын засгийн газрын төлөөлөгчийг Бээжинд
ирүүлэх талаар ажиллана гэжээ. 51
Үүнтэй холбогдуулан Бээжингийн
засгийн газар 1922 оны 5 дугаар сарын 1-нд албан
ёсны мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд:
"Хаант Оросын засгийн газраас өмнө Хятадтай
хийсэн бүх гэрээ хэлэлцээрүүд хүчингүй бөгөөд
Хятадын газар нутагт өнгөлзөх, Хятадад олж авсан
бүхий л концессоос татгалзах, хуучин хаант
Оросын засгийн газар Хятадаас хүчээр булааж
авсан бүгдийг ямар ч болзол нөхцөлгүй буцаан
өгнө гэж Зөвлөлт засгийн газар хятадын засгийн
газарт хандан удаа дараа мэдэгдэж байсан билээ.
Гэтэл одоо Зөвлөлт засгийн газар хэлсэн үгнээсээ
буцаж Монголтой нууцаар гэрээ байгуулжээ. Үүнийг
өмнөх хаант Оросын засгийн газрын бодлоготой
ижил төстэй гэж үзэхээс өөр аргагүй. Монгол нь
Хятадын газар нутгийн нэг хэсэг бөгөөд үүнийг
бусад бүх улсууд хүлээн зөвшөөрдөг билээ.
Монголтой нууцаар гэрээ хэлэцээр байгуулснаар
Зөвлөлт Оросын засгийн газар нь өмнөх тунхаглал
мэдэгдлүүдээ зөрчөөд зогссогүй шударга ёсны
зарчмыг хөсөрдүүлсэн байна. Хятадын засгийн
газар Зөвлөлт Орос- Монголын хооронд байгуулсан
ямар ч гэрээг хүлээн зөвшөөрөхгүй" гэж мэдэгдсэн
байна. 52
А. Пайкес хэлэлцээг аврахын тулд
Хятад-Монголын харилцаанд Зөвлөлт Орос зуучлах
тухай, Монголын төлөөлөгчдийг Бээжинд ирүүлэх
санал тавьж Хятадын талын байр суурийг тандаж
байв. Тэрээр 1922 оны 5 дугаар сарын 22-нд, мөн
оны 6 дугаар сарын 27-нд хоёр ч удаа Хятадын
Гадаад хэргийн сайд Ян Хуэйцинтай уулзжээ. Ян
Хуэйцин 1915 оны Хиагтын гэрээг үндэс болгон
гурван талын хүрээнд Монголын асуудлыг шийдэх
тухай Пайкесын саналыг эрс няцаагаад
"Монгол-Хятадын харилцаа бол нэг гэр бүлийн
доторх ах дүү нарын хоорондын маргаан тул
хөндлөнгийн гуравдах этгээд үүнд огт
хамааралгүй" хэмээн Хятад-Монголын хооронд
зуучлах гэсэн түүний орлдлогыг эрс няцааж байв.
Ян Пайкестай хийсэн сүүлчийн уулзалтан дээр
Монголд байрлаж байгаа зөвлөлтийн цэргийг
"Хятадын толгой руу онилсон гар буу"-тай
зүйрлээд Зөвлөлтийн цэргийг гараагүй нөхцөлд
ямар ч яриа хэлэлцээ явуулахгүй хэмээн мэдэгдсэн
байна. 53
ЗОУ-ын шинэ дипломат төлөөлөгч
А.А. Иоффе 1922 оны 7 дугаар сард Хятадад ирсэн
нь зөвхөн төлөөлөгчийг сольсон хэрэг төдий биш
Зөвлөлтийн удирдлага Хятадад хандах, түүний
дотор Монголын асуудлаар харилцан тохирох
зарчмын шинэ хандлагыг эрэлхийлсэн хэрэг байв.
Иоффе ч асуудал нарийн төвөгтэй болохыг ойлгож
байв. Тэрээр Москвад явуулсан анхны бичгийнхээ
нэгт: "Монгол бол Хятадын талаархи манай
бодлогын хамгийн эмзэг цэг, империалистуудээс
бидний эсрэг гартаа барьсан ганц хөзөр нь мөн"
гэж тодорхойлжээ. Оросын судлаач С.Лузянин
Оросын архивын шинэ баримтуудыг нарийн үзсэний
үндсэн дээр А. Иоффе Москвад Монголын талаархи
байр сууриа үндсээр нь хянан үзэх, өөрөөр хэлбэл
Юрин, Пайкес нарынх шиг гурван этгээдийн
хэлэлцээ хийх үзэл баримтлалаас татгалзаж,
Гадаад Монголын автономи гэхгүй харин түүнийг
Хятадын бүрэн эрх сюзеренитетэд шилжүүлэх
хэрэгтэй гэсэн шинэ санал тавьж тэднийг
үнэмшүүлж чадсан гэсэн цоо шинэ гаргалгаа
хийжээ. 54
ОКбН-ын ТХ-ны Улс Төрийн Товчоо
1922 оны 9 дүгээр сард Иоффегийн ирүүлсэн
саналтай танилцаад Гадаад Монголын автономоос
татгалзах гэсэн түүний саналыг няцааж, харин
Монголын засгийн газрын төлөөлөгчдийг хэлэлцээнд
оруулах хэрэгтэй, энэ нь "Монгол дахь Хятадын
сюзеренитетыг зөрчихгүй" гэсэн удирдамж илгээж
байв.
Ийм нөхцөлд А. Иоффе хэлэлцээг
мухардлаас гаргах, мөн Зөвлөлтийн удирдагчид
Г.В. Чичерин, А.Д. Троцкий, Г.В. Зиновьев нарыг
ятган үнэмшүүлэхийн тулд Монгол-хятадын
харилцааны байдлыг нягтлан шинжилсний үндсэн
дээр ноцтой нотолгоо гаргаж ирүүлсэн гэж С.
Лузянин бичжээ. А. Иоффегийн тайлбарласнаар:
нэгдүгээрт, Монголоос "татгалзах нь" /отказ от
Монголии/ хятадын хувьсгалт хөдөлгөөн болон
эцсийн дүнд дэлхийн хувьсгалд тус хүргэнэ
хэмээгээд Хятадын хувьсгалын онцлог нь
өмнөдийнхөөс /Өмнөд хятадын Гоминьданы засгийн
газрыг хэлж байна. Ц.Б./ умардын "цэргийн
эрхтнүүдийн" эсрэг хийж буй тэмцэлтэй холбоотой.
Умардынхныг хятадын дотор "автономит эрх"-тэй
байхын төлөө талынхантай адилтган ойлгодог. Иймд
ЗОУ монголын "автономит эрх"-ийг дэмжих аваас
Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон хэрэг
гэж үзэх төдийгүй Сунь Ятсэний эсрэг хандсан
хувьсгалын эсэргүү байр суурь ч гэж доор үзэх
болно" гэж анхааруулжээ.
Хоёрдугаарт, А. Иоффе Монголыг
хятадад шилжүүлэн өгөх нь зүйтэй гэдгийг онолын
талаас тайлбарлахдаа Үндэстний өөртөө засан
тохинох /право нации на самоопределение/ эрхийн
асуудлыг хөндөж ангийн бодлого хэрэгжүүлэх явцад
энэ эрх нь нөхцөл байдлаас хамааран харьцангуй
ойлголт болохыг батлахыг оролджээ. "Дэлхийн
хэмжээнд туркуудын үндэсний хөдөлгөөн ...армен
нарын үндэсний тэмцлээс хавьгүй чухал учир
туркын том сонирхлын үүднээс жижиг армены
сонирхлоос бид заримдаа татгалзах болдог нь
туйлын зөв" хэмээгээд энэ үүднээс хятад ба
Дорнодахины хувьсгалт хөдөлгөөний асар их
зорилттой уялдан жижиг монголчуудын өөртөө засан
тохинох, Хятадаас салан тусгаарлах эрх "хортой
бөгөөд хэрэггүй" болж байна гэсэн дүгнэлт
хийжээ. 55
Монголоос "татгалзах" тухай
Иоффегийн нотолгооны нэгдүгээр тайлбар нь тэр
үеийн Хятадын дотоод улс төрийн хүчний харьцааны
онцлогтой холбоотой байв. Тэр үед Зөвлөлт Орос,
Коминтерныг баримжаалж байсан Сун Ятсэн ба
түүний түр зуурын холбоотон цэргийн эрхтэн У
Пэйфу нар нэгдмэл, төвлөрсөн Хятад улсын төлөө
байсан бөгөөд Гадаад Монголын автономи тэдний
аль алинд нийцэхгүй байв. А. Иоффе 1922 онд
Монголд зөвлөлтийн цэрэг түр байрлаж буй
асуудлаар Сунь Ятсэн ба У Пэйфу хоёрын аль алины
дэмжлэгийг олсон хэдий боловч Хятадын эрх баригч
бүр өөр өөрийн тооцооны үүднээс хандаж байв.
Сунь Ятсэн Сычуаниас Монголын хил рүү сая хүнтэй
цэрэг татах асар том төлөвлөгөөндөө Монгол ба
түүний ард буй ЗОУ-ыг түшиц газар бөгөөд
материал техникийн бааз болгон ашиглахаар
тооцоолж байв. У Пэйфу зөвлөлтийн цэргийг нэг их
удаахгүй, 1923 оны хавар өөрийн цэргээр хална,
монголын асуудлыг бие даан шийдвэрлэнэ гэж А.
Иоффед бардам мэдэгдэж байв. Зүүн Хойд Хятадын
эрх баригч Чжан Цзолин аман дээрээ Монголын
автономийн санааг дэмжиж байсан боловч А. Иоффе
түүний мэдэгдлийн үнэн эсэхэд ихээхэн эргэлзэж
байв. Чжан Цзолин завшаантай тохиолдол гармагц
өөрөө Монголыг эзлэх санаархалтай байснаас гадна
тэр нь ЗХУ ба Коминтерны Хятад дахь стратегийн
холбоотон биш байсан тул Сунь Ятсэнээс ялгагдаж
байжээ.
А. Иоффе дээрх учир байдлын
үүднээс Хятадтай цаашид хэлэлцээ явуулах өөрийн
тактикийг санал болгосон байна. Үүнд:
А/ ирээдүйн зөвлөлт-хятадын
хэлэлцээрт хятадын Монгол дахь суверенитетыг ЗХУ
хүлээн зөвшөөрөх тухай нэг л зүйлээр хязгаарлаж,
монголын асуудал дээр анхаарлыг төвлөрүүлж
түүнийг хурцатгахгүй байх,
Б/ 1921 оны 11 дүгээр сарын 5-ны
зөвлөлт-монголын гэрээг хэвээр хадгалах, хэрэв
хятадууд түүнийг цуцлахыг шаардвал гэрээг "албан
ёсны гэж үзэхгүй байх" санал тавих,
В/ Монголоос цэргээ гаргахад ЗХУ
бэлэн байгааг зарлаж, цэрэг гаргах хугацааг
зөвлөлт-хятадын баримт бичгүүдэд гарын үсэг
зурсны дараа байхаар тогтоож өгөх зэрэг болно.
56
Москва Монголын асуудлыг
шийдвэрлэх Иоффегийн "мөрийн хөтөлбөртэй"
танилцаад хэлэлцээ явуулах тактикийн шугамыг
бүхэлд нь зөвшөөрсөн боловч Монголын автономийг
хадгалж үлдэхийн тулд бололцоотой бүхий л
сувгийг ашиглах бодолтой байв. Тухайлбал, Чан
Кайшигийн төлөөлөгчид 1923 оны намар Москвад
айлчлах явцад Л.Д. Троцкий, Г.В. Чичерин нар
Монголын автономийн үзэл санааг дахин сөхөж
Гадаад Монголд өөртөө засан тохинох эрх олгох
асуудлыг авч үзэхийг Гоминьданы генералд санал
болгосон нь Чан Кайшигийн ихээхэн дургүйцлийг
хүргэж, ЗХУ-д үл итгэх түүний байдлыг бүхэлд нь
хүчтэй болгосон байна.
Л. Троцкий Гоминьданы
төлөөлөгчдөд хандаж: "Монгол орон тусгаар
тогтнохыг хүсч байгаа юм. Хэрэв та бүхэн
Монголтой хамтарч нэгдсэн фронт байгуулахыг
илэрхийлбэл тэднийг эзэгнэх эрмэлзэлгүйгээ
ойлгуулж тэдэнд ах дүү ёсоор хандаж буйгаа
харуулах болно" гэж ятгажээ. Чан Кайши үүнд
ихээхэн бухимдаж "Хэрэв Монгол орон тусгаар
тогтнохыг хүсч байгаа бол өөрөө өөрийгөө хүлээн
зөвшөөрөх бус харин бид Монголыг хүлээн
зөвшөөрч, бид тэдэнд тусгаар тогтнол олгох
ёстой" гэж хэлж байв. 57
Иоффег Бээжинд хэлэлцээ явуулж
байх үест Монгол, Зөвлөлтийн дипломат албаны
хооронд нэгэн сонирхолтой ноот солилцсон байна.
Гадаад яамны сайд Б. Цэрэндорж 1922 оны 11
дүгээр сарын 30-нд ЗОУ-ын элчин Любарскийд өгсөн
ноот бичигт :"Ойрноос гадаадын олон сонин бичигт
зөвлөлийн засагт Орос улсын төлөөлөгч Бээжингийн
газраа хүрч Монгол улсын өөртөө тогтносон
хэргийг Хятадын засгийн газар лугаа зуучлан
хэлэлцэхэд урьдын гурван этгээдийн гэрээ бичгийг
журамлан автономит эрхийг эдлүүлэхээр саналаа
илтгэжээ гэх зэргийн үгс буй. Энэ нь элдэвлэвч
манай Монгол улсад өөртөө эзэрхэх бүрэн эрхийг
эдлүүлэхэд үл дурлах ба Зөвлөлийн засагт Орос,
Ардын засагт Монгол хоёр улсын засгийн газар ба
мөн хоёр этгээдийн олон түмэн ардын хооронд
завсардуулахыг хичээсэн зальхай этгээдийн дэмий
зохион тараасан худал үгс магад мөн. Тийм
хэмээвч энэ хэр манай Монголын ард олноор ихэд
хирдхийн шүүмжлэлдэж буй тул үүнийг эрхэм элчин
сайд танд мэдтүгэй хэмээн явуулаад олдвоос эл
учрыг байцаан толилж уламжлан зохих газраа
нэвтрүүлэн явуулж, эл учрыг ийм бус хэмээх
явдлыг сонин бичгүүдэд хэвлүүлэн тарааж олны
сэжиглэлийг устган бас ч хэрхэн шийтгэсэн явдлыг
хариу ирүүлэх ажаамуу" гэжээ. Үүнээс үзвэл
Монголын ар хударгаар Бээжинд болж байсан
зөвлөлт-хятадын яриа хэлэлцээний их төлөв
байдлыг Нийслэл Хүрээнд мэдэж байсан бөгөөд
Монголын удирдлага, ухамсартай иргэд ч хирдхийн
цочиж түүнийг шүүмжилж байсан нь тодорхой байна.
Зөвлөлтийн тал асуудлыг
хурцатгахгүйн тулд элчин Любарскийн хариу ноот
бичигт :"Эдүгээ Зөвлөлийн засагт Орос улсаас
Хятад улсад суугаа бүрэн эрх барих тусгай
төлөөний элчин нөхөр А.А. Иоффегийн биед өвчин
тохиолдсоор нэлээд удсан учир хятадын засгийн
газар лугаа нүүр тулж энэ хэр харилцан хэлэлцсэн
зүйл үгүй. Иймийн тул хоёр этгээдийн хэлэлцээнд
нөхөр Иоффегээс ийн тийн хэлвээ хэмээх зэргээр
сонин бичгүүдэд гаргасан нь сонин бичгийн
хүмүүсийн санааны зоргоор зохиосон энгийн чимээ
буй заа" хэмээн асуудлаас эвтэйхэн бултах арга
хайсан байна. 58
1923 оны 9 дүгээр сард Бээжинд
ирсэн Зөвлөлтийн ГХАК-ын орлогч комиссар Л.М.
Карахан тэр үеийн Зөвлөлт-Хятадын хэлэлцээний
гол тээг болж байсан Гадаад Монголын /БНМАУ-ыг
хэлж байна/ асуудлаар Хятадын талд томоохон
буулт хийхэд бэлэн иржээ. Тэрээр Бээжинд 1924
оны 2-р сард “Монголын тухай асуудал бол маргаад
байх хэрэггүй амархан /пустяшний/. Монгол нь
Дундад Иргэн улсын нэг хэсэг гэж бид үзэж байна.
Монголын талаарх Хятадын бүрэн эрх
/суверенитет/-ыг бид огтхон ч эргэлзээгүй хүлээн
зөвшөөрч байна” гэж мэдэгдэж байв. Үүнээс үзвэл
Москва Монголын талаарх Иоффегийн үзэл бодлыг
Хятад дахь хувьсгалт хөдөлгөөний эрх ашгаас
үүдсэн "ангийн" зайлшгүй хэрэгцээ гэж үзэх
болсныг харуулж байна. Энэ тухай Бээжинд англи
хэлээр гардаг “Норс Чайна Стандарт” сонин
“Монгол нь Хятадын нэг хэсэг гэдгийг Большевик
намын төлөөлөгч анх удаа зөвшөөрч байгаа нь энэ.
Өөр илүү том эрх ашиг хөндөгдөж байгаа учраас
Монголыг чөлөөлөгсөд өнөөдөр эргээд Монголыгоо
золиосонд гаргахад бэлэн байна. Ноён Карахан
Зөвлөлт засгийг Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх
гэсэн ганцхан зорилготой л иржээ” гэж бичиж
байсан байна. 59
ЗОУ-ын зуучлал ийнхүү Хятадын
бүрэн эрх суверенитетыг хүлээн зөвшөөрөх тал руу
эргэсэнтэй холбогдуулан Монголын Засгийн газар
1923 оны 11 дүгээр сард Зөвлөлт Засгийн газарт
байр сууриа илэрхийлэн зарчмын чанартай мэдэгдэл
явуулжээ. Түүндээ: "Манай Монголын ардын засгийн
газар ба олон түмэн ардууд Дундад улсын
хэмжээтэй эзэрхэх эрхийг дахин хүлээж хэрхэвч
чадахгүй болсныг Орос улсын засгийн газар нэн ч
нэвтэрхийгээр толилсоор буй.... Үүнд манай ардын
засгийн газар бол Дундад улстай эртхэнээс
найрамдаж хоёр этгээдийн олон түмэн иргэдийг энх
амраар аж төрөхийг хүсэх боловч гагцхүү Дундад
Улсын засгийн газраас
•1. Манай Монгол улсын бүрэн
эрхтэй тусгаар тогтносон улс болсныг зөвшөөрөн
хүлээх,
•2. Манай Монголын бүхий л хохирсон зүйлийг
бүрнээ төлөх,
•3. Дотоод чуулганы зэрэг Монгол овогтонд
автономит эрх тус тус олгох,
•4. Орос улсын төлөөлөгчдийг хуралд гэрч болгон
суулгаж хэлэлцэх,
•5. Мөнхүү хэлэлцээг Хүрээнд нээхийг зөвшөөрөх
аваас манай ардын засгийн газраас даруй бүрэн
эрх барих төлөөлөгч нарыг томилон хэлэлцээ
нээхийг зөвшөөрнө" гэсэн байна. 60
Зөвлөлт Орос улсын ГХАК Чичерин
Монголын элчин Давааг мөн оны 11 дүгээр сарын
15-нд Москвад хүлээн авч уулзаад :"...Монголын
засгийн газраас саяхан мэдэгдсэн таван зүйл
санал зүйтэй боловч Орос, Монгол хоёр хоорондоо
энэ мэт саналаа илтгэж болох буй заа. Манай улс
дөрвөн зуун сая Хятадтай найрамдахыг хүсэх нь
маш чухал болохын дээр тэрхүү саналыг баримтлан
эдүгээ хятадтай хэлэлцээ нээх хэмээвэл хятад огт
хүлээхгүй, уг хэрэг улам хойшлохоос гадна эл
таван санал болбаас анх ардын намын төлөөлөгч
нар лугаа Монголын гэрээ хийхээр хэлэлцсэн зүйлд
огт нийлэлцэхгүй болжээ..." гээд Болгар Турк
улсын суверенитет дор, Төвд Хятад улсын
суверенитет дор боловч тэдэнд захирагдахгүй
гадаад улсуудтай харилцаж байгааа жишээг дурдаад
"Монгол улс Хятадын суверенитет эрхийг хүлээн
аваад Төвд, Болгар мэт байдлаа түвшитгэвээс
зохих мэт." гэсэн зөвлөгөөг өгөөд "Гэвч хятадын
цагийн байдлыг үзэж байгаад Монгол улс таван
саналаа Хятадад хэлж болох цаг тохиолдвол тэр
тухайд хэлэлцэж болох буй заа" хэмээн дипломат
аргаар үгээ төгсгөжээ. 61
1924 оны 5-р сарын 31 нд “ЗСБНХУ
ба Хятадын БНУ-ын хооронд асуудлыг зохицуулах
ерөнхий зарчмуудын тухай хэлэлцээр” гэдгийг хоёр
тал Бээжинд байгуулжээ. Хэлэлцээрийг дагалдан
хэлэлцээрийн зарим зүйлүүдийг тодруулах
тунхаглал, Дипломат харилцаа тогтоох тухай
ноотууд, Дорнод Хятадын төмөр замын түр
захиргааны тухай хэлэлцээр зэрэг баримт
бичгүүдийг байгуулжээ.
Энэхүү хэлэлцээрийн 5 дугаар зүйлд:
ЗСБНХУ нь
Гадаад Монголыг Дундад Иргэн улсын бүрэлдэхүүн
хэсэг гэж хүлээн зөвшөөрч Хятадын суверенитетийг
хүндэтгэнэ. Гадаад Монголоос ЗСБНХУ-нь орос
улсын цэргийг татан авах тухай тодруулбал эдгээр
цэргийг татах цаад талын хугацаа болон ЗСБНХУ-ын
хил хязгаарыг аюулгүй байлгах үүднээс авбал
зохих арга хэмжээний тухай асуудлыг энэхүү
хэлэлцээрийн 2 дугаар зүйлд заасан бага хурлаар
шийдвэрлэмэгц ЗСБНХУ-ын засгийн газар өөрийн
цэргийг Гадаад Монголоос гаргах болно
гэсэн байв. 62Энэ тухай Гадаад Хэргийн ардын
комиссар Г. Чичерин 1924 оны 6-р сард БНМАУ-ын
засгийн газарт цахилгаан илгээж мэдэгджээ.
1924 оны Зөвлөлт-Хятадын
хэлэлцээний онцлог нь Монгол дахь Хятадын бүрэн
эрх /Суверенитет/-ийг хүлээн зөвшөөрсөнд оршино.
Хэрвээ хаант Орос 1915 онд Хятадын сюзеренитет
эрхийг хүлээн зөвшөөрч байсан бол Зөвлөлт Орос
1924 онд Хятадын суверенитет эрхийг хүлээн
зөвшөөрчээ. Олон улсын хууль эрхийн дагуу
суверенитет эрх нь "тухай газар нутаг болон тэнд
оршин суугаа хүн амын талаарх хууль зүйн бүрэн
эрх /prima facie/ хэрэгжүүлэхийг" хэлдэг байна.
63
Америкийн судлаач Жерард М.
Фритерс 1949 онд хэвлүүлсэн "Гадаад Монгол,
түүний олон улсын статус" номондоо Зөвлөлт Орос
Гадаад Монголын талаарх Хятадын суверенитетыг
хүлээн зөвшөөрсөн нь хаант Орос 1915 онд хятадын
сюзеренитетыг зөвшөөрснөөс илүү их буулт хийсэн
гэдгийг тэмдэглээд гэвч энэ нь "Хятадын хувьд
бол бараг хоосон зарчмын төдий хэрэг байлаа"
гэжээ. Тэрбээр "Хятадын засгийн газар үнэн
хэрэгтээ Гадаад Монголын талаарх суверенитетээ
тодорхой хэрэгжүүлэх ямар ч бололцоогүй байдалд
орсон юм. Хятадын 1926-28 оны иргэний дайн,
түүнчлэн Гадаад Монголын бодит нөхцөл байдал
тэнд хяналтаа тогтоох ямар ч бололцоо олгоогүй
юм. 1924 оны 5 дугаар сарын гэрээнээс ганцхан
сарын дараа Жибзундамба хутагтыг нас нөгцмөгц
Гадаад Монгол өөрийгөө Бүгд Найрамдах Монгол Ард
Улс гэж тунхагласан. Ингэснээр тэндэх Зөвлөлт
Оросын нөлөө хир их байгааг түүнчлэн Гадаад
монголчууд ч Хятадын суверенитетыг хүлээн авах
ямар ч хүсэл эрмэлзэлгүй байгааг тодорхой илтгэн
харуулсан юм" гэжээ. 64
Зөвлөлт-Хятадын хэлэлцээр
байгуулагдсантай холбогдуулан Москва дахь
Монголын хэргийг хамаарагчаас “...
Монгол-Хятадын харилцаа цаашид ямар замаар
явахыг гагцхүү Монгол-Хятадын тусгай бага хурал
тодорхойлж болох юм. Монгол-Хятадын хэлэлцээ
эхлэх ахул Монголын засгийн газар ба ард түмэн,
харийн булаан эзлэгчидтэй тэмцэн хүнд хохирлын
үнээр байлдан олсон тус орны өнөөгийн байдлыг
хамгийн шаргуугаар өмгөөлөн хамгаалах болно” гэж
өөрийн засгийн газрын бодлогыг илэрхийлэн
мэдэгдэж байжээ.
Монголын Ерөнхий сайд Б.
Цэрэндорж Зөвлөлт-Хятадын хэлэлцээр болон
Монгол-хятадын яриа хэлэлцээний тухай 1924 оны 9
дүгээр сард : "Энэ жил зуны тэргүүн сард Орос,
Дундад улс хоёр этгээдийн засгийн газрыг
харилцан зөвшөөрөн хүлээж хоёр улсын хоорондын
аливаа хэрэг зүйлийг дараа хурал нээж хэлэлцэн
тогтоохоор зөвшөөрөн их товчоог тогтоон баталсан
ба түүний дотор бидний монголын тухай ч мөн
дурдсан зүйл буй боловч тэрхүү тогтоосон их
товчоог Дундад иргэн улсын зүүн гурван мужийг
эзэрхэн бүхий харгис түшмэл Жан Зо-лин тэргүүлэн
эсэргүүцсэн зэргээс саатагдан мөнхүү хурлыг
эдүгээ хүртэл нээгээгүй ба Дундад улсын засгийн
газраас Дундад, Монголын хоорондын хэргийг
эртхэнээс хэлэлцэн тогтоовоос зохино хtмээн
Монголын бүрэн эрх барих төлөөлөгчийг томилон
Бээжинд ирүүлэх буюу эсхүл Бээжингээс хүн
томилон Хүрээнд илгээж зөвлөн хэлэлцсүгэй хэмээх
зэрэг хүний нэр доор удаа дараа цахилгаан мэдээ
ирсэн, хоёр засгийн нэрээр харилцвал зохих учрыг
хариу цахилгаан мэдээ явуулсан ба одоо мөн
явуулахыг завдан буй" хэмээн Хятадтай хоёр
талаар харилцах гарцыг хайж байгааг илтгэжээ. 65
Хятадад суугаа Японы элчин сайд
Ёшизава Кэнкичи ГЯЯ-ны сайд Сидэхара-гийн нэр
дээр 1925 оны 3-р сарын 14 нд явуулсан мэдээндээ
Гадаад Монголоос Зөвлөлтийн цэрэг гарч дууссан
явдлыг дэлгэрэнгүй мэдээлжээ. Уг мэдээнд Хятадад
суугаа Зөвлөлтийн элчин Карахан Гадаад Монголоос
улаан цэргийг бүрэн гаргаж дууссан тухай ноотыг
Хятадын ГЯЯ-нд 1925.3.07 нд гардуулсныг
өгүүлжээ. Мөн мэдээнд уг асуудлаар хэвлэгдсэн
“Норс Чайна Стандарт” сонины өгүүллийг
хавсаргасан байна. Уг сонины өгүүлэлд улаан
цэргийг анх Монголд оруулсан шалтгаан, улаан
цэрэг яагаад 1925 он хүртэл Монголд үлдсэн
зэргийг зөвлөлтийн тал хэрхэн тайлбарлаж байгааг
бичжээ. Эцэст нь Караханы Хятадын талд хийсэн
мэдэгдлийг бүрэн эхээр нь иш татсан байна. 66
Энэ асуудлаар Бээжинд суугаа
Японы ЭСЯ-ны ажилтан Миякава 1925 оны 3-р сарын
14 нд Зөвлөлтийн элчин Л.М. Карахантай уулзан
зарим зүйлийг тодруулж авснаа Японы ГЯЯ-нд
мэдээлжээ. Миякава Караханаас “Таны мэдэгдлийг
хятадын сонинууд маш их талархан бичиж
байгаагаас үзэхэд Зөвлөлтийн гадаад бодлогын нэг
амжилт гэж үзэж болох уу?” гэж асуухад Карахан
“Гадаад Монголын засгийн газар 1921 оноос хойш 4
жил өнгөрөхөд харьцангуй батжиж бэхжсэн бөгөөд
өнөөгийн Хятадын дотоод байдлыг үзэхэд Жан Золин
Гадаад Монголд цэрэг илгээх бололцоогүй болсон
тул Зөвлөлт-Хятадын гэрээнд авсан үүргийн дагуу
бид цэргээ гаргаж байгаа юм” гэж хариулжээ.
Мөн Миякава “Хятадын засгийн
газар Гадаад Монголын одоогийн байдлыг
/статус-квог/ хэвээр байлгахыг хүсэх болов уу”
гэж асуусанд Караханаас “Хятадын засгийн газар
нь Гадаад Монголын засгийн газар энэ 4 жилд
хэрхэн бэхжсэнийг мэдэж байгаа, энэ бодит
байдлыг Бээжин хайхрахгүй байж чадахгүй. Хэрвээ
бид Гадаад Монголыг ЗХУ-д нэгтгэх аваас Хятадын
засгийн газраас үүнийг түрэмгий акт хэмээн
эсэргүүцэж, мөн дэлхийн олон нийтийн зүгээс
шүүмжлэлд өртөнө. Иймд Хүрээнд буй Зөвлөлтийн
төлөөлөгчийн газрыг хамгаалах цэргээс бусдыг
бүгдийг татан гаргаж Гадаад Монголын засгийн
газрыг учирлан ухуулж Хятадын засгийн газартай
ямар нэг тохиролцоо хийлгэхээс өөр аргагүй” гэж
хариулсан байна. Карахан мөн саявтар болсон
/1925.3.04/ БХКбН-ын ТХ-ны бүгд хурал дээр
нарком Чичерин Монголыг Хятадын нэг хэсэг гэж
хүлээн зөвшөөрсөн боловч дотоод хэрэгтээ Хятадыг
оролцуулахгүй, гадаадтай ч Монгол бие даан
харилцана гэж мэдэгдсэн, үүнийг Хятадын тал мөн
ойлгож хүндэтгэх ёстой гэж Миякавад ярьжээ. 67
Гэвч Карахан японы дипломаттай
бүрэн илэн далангүй байгаагүй нь ойлгомжтой.
Зөвлөлтийн тал бүр 1921 оноос эхлэн Хятадын
цэргийн эрхтэн Жан Золинээс ихэд болгоомжилж,
түүний зүгээс Гадаад Монголд хийж болзошгүй
“цэргийн экспедицээс” ихэд эмээж байсан нь
эргэлзээгүй. Тиймээс 1924 оны эцэс, 1925 оны
эхээр Коминтерний удирдлага нь ОГПУ-гийн Гадаад
хэлтэстэй хамтран Баргаар дамжуулан Жан Золины
ар тал руу цэргийн цохилт өгөх боломжийг судалж
байсан тухай саявтар нээлттэй болсон Оросын
архив материал гэрчилж байна.
Номын товчоон
49 Bruce A. Elleman. Secret Sino-Soviet
Negotiations on Outer Mongolia, 1918-1925.
"Pacific Affairs", Vol. 66, No 4, Winter
1993-94. P. 548.
50 ЧжунСу Гозягуаньсиши зиляо хуйбянь
/Хятад-Зөвлөлтийн төрийн харилцааны баримт
бичгийн түүвэр/ 1917-1924. Бээжин. 1993.
447-449-р тал.
51 Мөн тэнд
52 Мөн тэнд. 464-р тал.
53 Мөн тэнд. 449-452-р тал.
54 С. Г. Лузянин. Указ. Соч. С. 133.
55 С. Г. Лузянин. Указ. Соч. С. 133-134.
56 Мөн тэнд. 135-р тал.
57 ВКПб, Коминтерн и национально-революционное
движение в Китае. Документы. ч. 1, 1920-1925.
М., 1994. С. 346-347.
58 Б. Лхамсүрэн. Монголын гадаад орчин, төрийн
тусгаар тогтнол. 42-43-р тал.
59 Ц. Батбаяр. Монгол ба Япон ХХ зууны эхэн
хагаст. 54-р тал.
60 "Ардын Эрх". 1924. 08. 27.
61 Б. Лхамсүрэн. Монголын гадаад орчин, төрийн
тусгаар тогтнол. 45-46-р тал.
62 Орос-Хятадын гэрээ, хэлэлцээрүүдийн эмхтгэл.
УБ., 2001. 149-150-р тал.
63 Л. Хашбат. Международный статус Монголии:
Историко-правовые аспекты. Улан-Батор. 2001. С.
38.
64 Gerard M. Friters. Outer Mongolia and its
International Position, pp. 196-197.
65 Б. Лхамсүрэн. Монголын гадаад орчин, төрийн
тусгаар тогтнол. 50-р тал.
66 Японы ГЯЯ-ны архив. А. 11-25. СоМо сого энзё
зёяку /Зөвлөлт-Монголын харилцан туслалцах
гэрээ/
67 Мөн тэнд.
|