|
Хожимдсон ухаарал л болох бий дээ |
|
|
|
|
Мэдээ оруулсан Цэрэндорж
|
|
Лхагва, 16-05-2012 19:27 |
 Монголчууд бид ч хуурч, хулхидуулж ханадаггүй хүлцэнгүй гэхэд дэндүү хүлцэнгүй ард түмэн юм даа. Хэт итгэмтгий, туйлшрамтгай, бас их үнэнч. Энэ байдал нь өнөөдөр биднийг доошоогоо унаж, уруудах гүн хар хавцал руу түлхчихэж. Монгол хүний гэнэн итгэмтгий, үнэнч, хүлцэнгүй байдлыг буруу замын нөхдүүд овжин гэгч нь ашигласнаар бид тэдэнд ар нуруугаараа цэвэрхэн гэгч нь тавиулчихсан байна. Байгаа гээд бодоод итгээд явсан бүхэн нь аль эрт байхгүй болчихсоныг мэдсэнгүй, анзаарсангүй. Өөрсдийгөө хамгаалах төртэй гэж бодож, итгэж явсан болохоос аль эрт хөсөр хаягдсанаа ард түмэн ойлгосонгүй.
Хоногийн хоол, өмсөх хувцас, өнөө маргаашийн амьдралаа бодож явсаар эх орноо, элэг нэгт ах дүү нараа доромжлуулж, харамсалтайгаар алдах дээрээ тулснаа ч ухаарсангүй. Бурхан гэж эндүүрч буг чөтгөр толгой дээрээ залчихаад заасан замаар нь залбираад л явсаар үхдэг гэнэн тэнэгийн үлгэрээр л бид өдийг хүртэл явсан. Өнөөдөр бид 13-р зууны эзэнт гүрнээ, их хаанаа 21-р зуунд оршин байгаа мэтээр бахархан ярьж, бид агуу гэж ярихаас цаашгүй арчаагүй л амьтад болсон байна. Агуу үндэстний үр хойч нь гэж хэлэхэд ч ичмээр тийм л сул дорой, үлбэгэр сулбагар амьтад л болсон байна шүү дээ. Яагаад бид ийм байдалд орчихов гэж нэг удаа ч болов эргэцүүлэн бодсон Монгол хүн байна уу. Юу ч хараагүй, сонсоогүй, үзээгүй, мэдээгүй л явах юм. Харсаар л байгаад нүднийхээ өмнө эх орноо сүйтгүүлж, устгуулах дээрээ тулчихсан байна шүү дээ.
Энэ бүхэнд дүгнэлт хийж Монгол хүн толгойгоо өндийлгөх тэр цаг хугацаа болчихсон байна. Энэ Монгол орон унтчихсан бол нэг сэрмээр юм. Уначихсан бол босмоор юм. Монгол хүмүүс ч гэсэн хөлдүү байдлаасаа гарч гэсмээр юм. Одоо л Монгол хүн амь орж Монгол орноо л аврахгүй юм бол хэзээ мөдгүй толгойгоо шааж, хоосон харуусахаас өөр юуг ч хийж чадахгүй тийм нөхцөл байдалд л орж сүйрэх болж байна. Яг Африк шиг.....
|
|
|
Мартагдсан сумод манайхан юу болж байна |
|
|
|
|
Мэдээ оруулсан Цэрэндорж
|
|
Даваа, 14-05-2012 22:31 |
|
Японы мэргэжилийн сумо бөхийн Нацу башё эхлээд ид дундаа оржээ. Монголчууд бид нэг хэсэг сумогийн башёг хөгшин залуу, дарга цэрэггүй шимтэн сонирхож цагтаа УИХ-ын гишүүд хүртэл хуралдааныхаа завсарлагаар барилдаан үзэхээр өрөө өрөө рүүгээ харайлгадаг байсан гэдэг. Их аварга Асашёорү Давгадорж сумогоо гэнэт орхин удалгүй түүний араас найрааны хэргээр монгол сумочид ар араасаа халагдан ирцгээж манайхны хөрч царцаж эхэлсэн сонирхолыг улам хөлдөөсөн гэж хэлж болно. Гэсэн хэдий ч сумод ноёрхсон монголчуудын давамгайлал тасралгүй үргэлжлэн дээд зиндаанд 8 монгол бөх эзэн хааны цомын төлөө эр бяр заан үзэлцсээр байна. Өнөөдрийн байдлаар их аварга Хакухо Даваажаргал, хашир озеки Харүмафүжи нар энэ удаа тааруухан барилдаж тус бүр 5 даваа 4 унаатай яваа бол шинэхэн озеки Какүрю Ананд, Тамаваши Мөнх-Оргил тус бүрдээ 7 даваа 2 унаатай, хуучин цэрэг Кокүтэнхо Цэвэгням, Шётэнро Нямсүрэн нар адилхан 6 даваа 3 унаатай, Токүтэнкү Хүчитбаатар 4 даваа 5 унаатай, Асасэкири Дашням 3 даваа 6 унаатай явна. Жюро зиндаанд барилдаж байгаа "ганц дайчин" Кокүшюхо Эрдэнэбаатар 9 дэх өдрийн байдлаар 7 даваа 2 унаатай түрүүлэх бөхчүүдийн тааварт дээгүүр бичигдэж байна. Японы сумо бөхийг гадаад орноос сонирхон үздэг тоогоор америкчууд лав айргийн тавд орох учиртай. Дан ганц мэргэжилийн сумогийн сэдвээр бичдэг тэдний сайтыг "http://sumotalk.com/" уншдаг хүмүүс үүнийг батлах байхаа. Өдөр өдрийн барилдааны түүвэрийг нэгтгэн өөр бусад гараа дэвээ шаваа зэрэг сумо бөхийн тамтай олон ёслолыг хасаад үзхэд амар хялбар болгон оруулсан Кинтаяамагийн сувагаас эрхэм уншигч та ЭНД ДАРЖ мартагдсан сумогоо эргэн нэг сонирхоорой.
|
|
Т. Бат-Энх маань нутгийн зүг хүлгийн жолоогоо заллаа |
|
|
|
|
Мэдээ оруулсан Цэрэндорж
|
|
Даваа, 14-05-2012 12:01 |
 Америкийн баруун эргийн Бэй Аэриа хэмээх энэхүү эрэг тохой газар монголчууд маань сууршин суугаад арав гаруй жилийн нүүр үзэж байгаа билээ. Цаг агаарын урин дулаан таатай нөхцөл, эдийн засаг бизнесийн хүчирхэг төвлөрөл, энгийн цагаач иргэдэд тэр бүрий хатуурхаад байдаггүй зэрэг олон таатай нааштай шалтгааны улмаас монголчуудын төвлөрөл жил ирэх тусам нэмэгдэн тэлж үр хүүхэд, өсвөр залуу үе маань өсөж өндийсөөр байна. Анхны баяр наадамаа 1997 онд Голен Гэйт паркт 30 орчим монголчууд цугларч хийж байсан бол түүнээс хойш тасралтгүй тэмдэглэн 2000 гаруй монголчууд цуглардаг томоохон арга хэмжээний нэг болж чаджээ. Наадмын тухай дурдах болсон нэгэн шалтгаан бол энэхүү арга хэмжээг арав гаруй жил гардан зохион байгуулж байгаа Бэй Аэриагийн Монголчуудын Холбооны (БАМХ) бүх талын ажилд сайн дураараа сэтгэл зүтгэл гарган оролцож ирсэн нэгэн анд маань удахгүй эх нутгаа зорих болж өнгөрсөн Ням гарагт найз нөхөд хамт олноороо цугларсантай холбоотой юм.
Барилгын зураг төлөвлөлтийн архитектор мэргэжилтэй Тогтохын Бат-Энх хэмээх энэ эгэл даруу залууг Бэй Аэриагийн монголчууд ихэнх нь таних байхаа. Тэрээр жил жилийн наадмын төв талбайд босдог баярын гол самбарыг урлан бүтээж наадмын өнгө жавхаа оруулж ирсэн авъяаслаг нэгэн. Бат-Энх маань гэр бүл 3 хүүхдийнхээ хамт удахгүй эх нутагаа зорин буцаж байна. Харийн нутагт хамтдаа ажиллаж амьдарч бие биедээ туслаж дэмжиж явсан олон найз нөхөд нь өнгөрсөн Ням гарагт Годен Гэйт парктаа цугларан анд нөхөрөө үдэн гаргаж халуун дотно яриа хууч өрнүүлэн сууцгаав. Тэрээр америкт барилгын засвар үйлчилгээний чиглэлээр арван жил амжилттай ажиллан чамгүй мэдлэг чадвар, дадал туршлага хуримтлуусан байгаа бөгөөд монголдоо очоод мэргэжилийн энэ чиглэлээрээ үргэлжлүүлэн ажиллаж хийж бүтээх өрнүүн их хүсэл тэмүүлэлтэй буцаж байна. Охин Аминаа нь бие хамгаалах урлагын "Дашаа Доожо" дэвжээний шилдэг тамирчин бөгөөд муж улсын олон тэмцээнд түрүүлж монголынхоо нэрийг гаргаж байсан тэргүүний сурагчдын нэг, хүү Тэмүүлэн нь мөн л зураг дизайны авъяастай бүтээлч хүүхэд, Сан-Франциско хотын нийтийн тээвэрийн автобусууд дээр монгол хүү Б.Тэмүүлэнгийн зохиосон экологт ээлтэй цэвэр усны шүүлтүүрийн төслийн талаар сурталчилгаа тавигдан гарч байсан удаатай. Энэ өдөр БАМХ-ны тэргүүн Ц. Хишигбаяр бусад тэргүүлэгчд гишүүдийн хамт ирж нутаг буцаж байгаа Т. Бат-Энх анддаа баярласан талархсанаа илэрхийлэн дурсгалын бичиг бяцхан бэлгийн хамт гардуулан сайн сайхныг хүссэн бөгөөд "Замдаан" сэтгүүлээс Ардчилсан хуьсгалын 20 жилийн ойг медалаар энгэрийг нь мялаан баяр хүргэлээ.
|
|
З.Амартүвшин Соёлын тэргүүн боллоо |
|
|
|
|
Мэдээ оруулсан Цэрэндорж
|
|
Даваа, 14-05-2012 10:21 |
|
Бэй Аэриад ажиллаж амьдрахын зэрэгцээ уран бүтээлээ туурвисаар яваа "Хөх Монгол" хамтлагын ахлагч, гоцлол гитарчин, ая зохиогч Зууннастын Амартүвшинг Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан (МУСТА) цол тэмдэгээр шагнасныг Сан Франциско хотноо суугаа Монгол Улсын Ерөнхий консул Н.Анхбаяр өнгөрсөн Баасан гарагт гардуулж өглөө. Амараа анх урлагын гараагаа "Айзам" хамтлагын гоцлол гитарчнаар эхлэж монголын эстрадын өнөр гэр бүлд элсэн орж байсан бөгөөд 2002 оноос АНУ-ын Сан-Франциско хотноо ажиллаж амьдрахын зэрэгцээ 2005 оноос эхлэн хард рок/поп урсгалаар тоглодог "Хөх Монгол" нэртэй хамтлаг байгуулан уран бүтээлийн ургац арвинтай яваа нэгэн билээ.
Тус хамтлаг 2008 oнд анхны цомог "California dreaming"-гээ гаргасан бол 2011 оны 11 сард бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж "харийн нутагт суугаа монголчуудын хүсэл тэмүүлэл, хайр сэтгэл, алдаа оноо, амжилт бүтээл амьдралын хэмнэлийг аялгуу дуугаар илэрхийлсэн шинэ бүтээлүүдээ оруулсан "Хар Цагаан" нэртэй цомогоо бэлэн болгосон юм. Тэд байгуулагдсан цагаасаа хойш АНУ-ын 8 хотод нийт 40 гаруй удаа нутаг нэгтнүүддээ зориулан тоглож уран бүтээлээ толилуулжээ.
Хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, ая зохиогч З.Амартүвшинг Монголын рок поп хөгжмийг АНУ-д амжилттай сурталчлан түгээж буй хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэн Монголын Нийгмийн Ардчилал-Залуучуудын Холбооны дээд шагнал "Алтан Од" одонгоор саяхан шагнаж урамшуулсан байна. “Хөх Монгол” хамтлаг 2012 оны зун Монголыг зорин гурван хотод уран бүтээлээ толилуулахаар бэлтгэж байгаа юм.
|
|
Гадаадад суугаа иргэд зөвхөн нам дугуйлах эрхтэй |
|
|
|
|
Мэдээ оруулсан Цэрэндорж
|
|
Ням, 13-05-2012 23:20 |
 УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зургадугаар зүйлд “Сонгууль болохоос 15-аас доошгүй хоногийн өмнө гадаадад суугаа иргэдийн саналыг авна” гэж заасан. Үүний дагуу зургадугаар сарын 10-ны өдөр гадаадад оршин суугаа иргэдийнхээ саналыг авахаар болсон. Өнгөрөгч сарын 20-ны өдөр хуралдсан Сонгуулийн ерөнхий хорооноос журам болгон гаргасан юм. Гадаадад оршин суугаа иргэдийнхээ саналыг анх удаа авч байгаа учир СЕХ болон Гадаад харилцааны сайдын хамтарсан тушаалаар зохион байгуулах комиссыг байгуулжээ. Уг комиссыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг ахалж байгаа юм байна. Тус комисст нийт 39 дипломат төлөөлөгчийн газар хамаарч байгаа бөгөөд тус бүртээ салбар комисстой байх юм байна. Иргэдийн хувьд энэ сарын 11-30-ны өдрүүдэд амьдарч буй улсынхаа Элчин сайдын яаманд хандаж, бүртгэлээ хийлгэн, сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгүүлэх ёстой. Ингэхдээ иргэний үнэмлэх болон гадаад паспортоо авч ирэхээс гадна эдгээрийн хуулбарыг заавал авч очих шаардлагатай гэнэ. Энэ бүртгэлд хамрагдаагүй иргэн сонгох эрхээ эдэлж чадахгүйд хүрэх юм байна. Дээрх бүртгэлийг дууссаны дараа цахим хуудсанд байрлуулах тул иргэд сонгууль болтол өөрийгөө сонгогчдын нэрсийн жагсаалтад байгаа эсэхийг хянах боломжтой байх гэнэ.
Энэ удаагийн сонгууль 48 мажоритар, 28 пропорциональ системээр явагдана. Гэсэн ч гадаадад байгаа иргэдийн хувьд мажоритараар өгөх боломж байхгүй тул зөвхөн 28 пропорциональ буюу намыг л дугуйлах тухай хуульчилсан. Тиймээс сонгууль болохоос өмнө энэ талаарх мэдээллийг хилийн чанадад оршин суугаа иргэдэд өгөх зорилгоор бүсчилсэн байдлаар сургалт явуулахаар болжээ. Ингэхдээ Вашингтон, Бангког, Бээжин гэх мэт арван газарт тус бүр хоёр хүнийг илгээн сонгогчид болон тусгай комиссын ажилтнуудад зааварчилгаа өгөх юм байна.
Санал өгөх үеийн процессын хувьд зургадугаар сарын 10-ны өдрийн өглөөний 07 цагаас оройн 20 цаг хүртэл саналаа өгнө. Ингэхдээ өөрийн биеэр болон эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан сонгох эрхээ эдлэх бөгөөд цахим хэлбэрээр санал өгөх асуудал байхгүй юм байна. Дашрамд хэлэхэд, зөвшөөрөлгүй буюу хараар ажиллаж байгаа иргэд ч сонгуульдаа оролцох эрх нь нээлттэй байх юм.
Иргэд саналаа өгөхдөө зөвхөн нэг намын өмнөх дугуйг будна. Уг хуудсаа лац бүхий тусгайлан бэлтгэсэн дугтуйд давхар хийсний дараа хайрцагт хийх аж. Энэ нь гадаадад суугаа иргэдийн саналаа өгөх нэг онцлог ажээ. Учир нь дээрх иргэдийн саналыг улсын хэмжээнд сонгууль болох өдөр буюу зургадугаар сарын 28-ны өдөр нэгдсэн байдлаар тоолох тул нууцлал алдагдахгүй байх үүднээс ийн давхар дугтуйд хийх юм байна.
|
|
Н.Энхбаярын талаар Г.Уянга ингэж ярьж байв |
|
|
|
|
Мэдээ оруулсан Цэрэндорж
|
|
Ням, 13-05-2012 01:11 |
|
Үндэсний шинэ нам МАХН-тай эвсэж ажиллахаа зарласнаас хойш тус намын дарга М.Энхсайхан Н.Энхбаярт хамгийн хайртай хүн гэдгээ дахин баталсан. Гэхдээ энэ бүхнийг улс төрийн ашиг хонжоо хайсан үйл явц гэж үзэх хүмүүс олон байдаг. Учир нь Н.Энхбаяр буюу МАХН-тай нэгдэгсэд өмнө нь түүнийг үзэн ядагчид байсан билээ. Тухайлбал, Үндэсний шинэ намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Уянга хэдэн жилийн өмнө МАХН-ын дарга Н.Энхбаярын тухай ийм нэвтрүүлэг хийж байжээ.
|
|
Н.Энхбаярын мэдэгдэл (Аудио болон текстээр) |
|
|
|
|
Мэдээ оруулсан Цэрэндорж
|
|
Ням, 13-05-2012 00:31 |
|
Монголын нийт ард түмэндээ, өнөөгийн эрх баригчид, хэвлэл мэдээллийнхэнд Миний зарласан хуурай өлсгөлөн түүний эрүүл мэнд амь насанд үзүүлэх эрсдэл хариуцах эздийн тухай!
Миний бие 2012 оны 04 сарын 13-ний өдөр үндэслэлгүй хууль бус шийдвэрээр хууль зөрчсөн цагдаа хүчний байгууллагын бие бүрэлдэхүүний хүчирхийллийн арга хэмжээний үр дүнд албадуулан саатуулагдаж цагдуулан хоригдсон. Тэр цаг хугацаанаас өмнө явуулж байсан хууль зөрчсөн үйл ажиллагаагаа АТГ хүчлүүлж хуулийг өөрт ноогдуулаагүй эрх мэдлийг эдэлж эрүүгийн хуулийн 150.3 хэмээх зүйлтэй зохиомол хэргийг шалгах хэрэггүй мөртлөө шалгаж, мөрдөн байцаагчид нь алхам тутамдаа хууль зөрчиж прокурорууд тэдэнтэй үгсэн хуйвалдаж тэдний үйл ажиллагааг хянахын оронд харин өөгшүүлж шүүх нь авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид болон тэдэнтэй хуйвалдсан прокуроруудын хэлсэн үг болгоныг ёсчлон баталгаажуулж хараат бус байдлаа алдсанаа удаа дараагийн үйлдлээрээ баталлаа.
Энэ бүхэн намайг улс төрийн зорилгоор хилс хэрэгт холбогдуулах улмаар сонгуульд шудрагаар оролцож өрсөлдөх боломгүй болгож миний болон МАХН ба түүний хамтран ажиллаж байгаа нам эвсэлийн Оюутолгойн гэрээг засаж Монголын талд ашигтай болгох Таван толгойн ордыг бүхэлд нь 100 хувь ард түмний мэдэлд өгөх хээл хахууль авилгатай тэмцэж арилгах, олигархи системийг бүр мөсөн халах төр болон улс төрийн намуудыг ард түмний хяналтад оруулах, шударга ёсыг эргүүлэн тогтоох зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэхэд саад болох зорилготой хэлбэрээрээ ч хууль зөрчсөн агуулгаараа ч ард түмний эрх ашгийн эсрэг гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа юм.
|
|
Б. Батжаргал: МОНГОЛ ТӨГӨЛДӨР ХУУРЧИЙН ДАРУУЛД ЗАХИРАГДАХ “ЖООФРИЙ БАЛЕТ” |
|
|
|
|
Мэдээ оруулсан Цэрэндорж
|
|
Баасан, 11-05-2012 18:15 |
/Ерөнхийлөгчөөс шагнал хүсэх дуулиант мэдээ/ Америкийн Чикаго хотын яг төв цэгт шахуу балетын жүжиг нийтэд үзүүлдэг нэгэн байгууллага байх. Энэхүү байгууллагын нэрийг Жоофрий Балет гэх. Уг бүжгийн жүжгийн газрыг анх байгуулсан хүнийх нь нэрээр нэрлэж.
Тэнд манай нэгэн төгөлдөр хуурч эмэгтэй тасралтгүйгээр арван таван жил хөгжимдөж байгаа юм. Хөгжимдөх ч гэж дээ удирдаж байгаа гэхэд арай нийцтэй болох юм. Учир нь түүнгүйгээр энэ газрын ажил нь зогсчих гээд байдгаас амралт, чөлөөгүй ажиллахад хүрдэг хэрэг. Ийн бичиж эхлэхэд уншигч та хошин шогийн зөгнөлт үзүүлбэр байх гэж хүлээн авах нь магад. Гэлээ ч энэ бол элдэв давс, хужиргүй үнэн ахуй байдал юм.
2012 оны 5 – р сарын 4 - ний үдэш энэ явдал үнэн эсэхийг дахин нягтлахаар энэ бүжгийн жүжгийн газарт явж очлоо. Үзэгчид урьдын жилүүдийг бодвол цөөрсөн янзтай харагдана. Тэгэхдээ л үзэгч – орлогын төлөвлөгөө нь бардаагүй наян хувьтай. Бүх зүйл төлөв янзаараа. Үүдэнд тасалбараа шалгуулна. Үйлчлэгчээр суух суудлаа заалгаад, жүжгийн хөтөч ном авна. Тэгээд гэрэл аажим бөхөн унтарч, хөшиг нээгдмэгц амьдрал дээр огт учирахгүй, байж таарахгүй хүний бие хааны уран хөдөлгөөнөөр жүжгийн яриа өрнөнө.
Энэ оройн хөтөлбөрөө тус урлагийн байгууллага “Хаврын уясал” гэж нэрлэж. Хавар бүх дэлхий сэргэж, хүн амьтны дурлал хайр ч даган сэрдэг хойно доо. Бүжгийн жүжиг гэхээсээ зохиомжилсон гурван бүлэгт үзэгдэл маягтай зүйлсийг бүжиг дэглэгч нар нь сэдэж. Эхний хэсгээ “Онгон нас” (Ф. Гласс, Т. Ньюмэн нарын хөгжим, бүжиг дэглээч Э. Лиан), удаахаа “Шөнө дөлөөр” (Ф. Шопены шөнийн аязууд, Ж. Роббинс), төгсгөлөө “Шившлэг” (А. Рабинович – Бараковский, В. Канипароли) гэсэн байх. Утга төгөлдөр, хүний сэтгэлийн угт нуугданхан байдаг тэр л сэрэл, мэдрэмжийг өдөөх гэсэн урлагийн зорилго нь үзэж дуусахад үнэхээр л биелсэн мэт сэтгэл хөвөн, хөвөлзсөөр байх. Уг бүжгийн үдэшлэгийн дунд хэсэг болох Ф. Шопены шөнийн дөрвөн аязыг энд өгүүлэх монгол төгөлдөр хуурч хөгжимчин маань амьдаар гагцаар хөгжимдөнө. Бусад хоёр хэсэг нь амьд бус, бичлэгээр явах аж.
Төгөлдөр хуурч Буриадын Мөнгөнчимэгийн хөгжимдөх нь үүлэнд гарч, тэнгэрт нисэх мэт аугаа эмзэг хийгээд сансар огторгуйн гэмээр мэдрэмж төрүүлнэ. Бүжигч хосууд ч (Ж. Мендоза, Т. Сулуашвили, Э. Дэли, М. Бланко, В. Жаяани, Ф. Калмелс) хөгжимдөө уусан, үйл хөдлөлөө урсгал усны долгио мэт сөөлжин өрөөлдөж, ээлжлэн наадаж бүжинэ. Ертөнц тэр чигтээ анир чимээгүйн нууц увидаст хэлэнд автах аж...
Нэгэнт олж авсан мэдрэмжээсээ салчих вий хэмээн болгоомжлон, сэмээрхлэх үзэгчийн сэтгэлийн төлөв яахын аргагүй чангаар алга таших рефлексийг нь өдөөн, удтал зогсон хүндэтгэл үзүүлнэ. Тайзнаа нэгэн ази царайтай бүсгүй гарч ирэн ёслоход, хөтөч номыг нь л шагайхгүй бол Хятад, Япон алин болохыг хэн ч үл мэдэх. Ийм л нэгэн уран сайхны үйл явдлын гэрч боллоо. Саяхан. Үнэн, худлыг гэрчлэх тав зургаан монгол үзэгч бас байсан юм шүү. Тэгэхдээ энэ нь төгөлдөр хуурч эмэгтэйн хувьд жирийн л нэг ажлын төлөвлөгөөт тоглолтынх нь үүрэг юм. Тэр энэхүү үүргээ арван таван жил яс гүйцэтгэж байна. Энэ нутгийн монголчуудын дунд энэ дайтай америк албыг нэр төртэй хашиж яваа улс цөөнгүй бий.
Б. Мөнгөнчимэг америкаас шагнал горьдох юмгүй. Авдагаа авчихсан. Голливудын од Шварцнегрийн хамт америкийн Ардын жүжигчин цолоо ааль эрт хүртчихсэн нэгэн. Тэр нь эднийд Цагаачлалын Алдар нэртэй юм. Түүнийг нь эндэхийн Хуулийн байгууллага нь олгодог юм байна. Гучин сая цагаачдынх нь мөрөөсөл болсон, жилд ганц нэгхэн хүнд олгодог энэхүү шагналыг Монгол туургатнаас хүртсэн эхний бөгөөд сүүлчийн хүн нь болоод байна. Харин монголынхоо ерөнхийлөгчөөсөө ядаж гавьяатын тэмдэгээ хайрлаач л гэж гуймаар байгаа юм даа ! Хэрвээ энэ хавиар биеээрээ айлчлан ирвэл шүү дээ. Тэглээ гээд Болдынх шиг араас нь нэхэл, дагал болоод байх хүн энэ америкийн хавтгайд л лав байхгүй байх. Б. Мөнгөнчимэгийн америкийн их урлагт оруулж буй хувь нэмэр нь Японд буй манай сумо бөхчүүдийн амжилттай харьцуулшгүй өндөр зиндааны үйлс гэдгийг ардчилсан ерөнхийлөгч маань төдийгүй уншигч олон маань ухамсарлах ёстой.
Микробиологийн лабораторид хүний биеийн амьд эсийн хромосомын түвшинд туршилт шинжилгээ хийж, удамшлын өвчний учиг сэртэнг хайн буй Нямка гэх монгол тандагчийн ажлыг, өрөөнийх нь хаалгаар санамсаргүй шагайж байгаа хэн нэгэн, албан контор андуурч, төөрч будилсан хүн дүгнэхгүй шүү дээ. Тэгэхлээр хөгжим, урлагийн уран бүтээлийн урланд хромосомын түвшинд ажиглалт хийх дон шүглэчихсэн шахуу, мань мэттэй төсөөтэй микорбиологч мэргэжилтэний үг л үнэ цэнэтэй байх нь ойлгомжтой.
Одон тэмдэгээ өвөртөлж гарахаа мартуузай ! Ерөнхийлөгч өө ! Хэрвээ наашаа мордвол.
Жич: Төгөлдөр хуурч Б. Мөнгөнчимэгийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг доорхи эх үүсвэрүүдээс харж болно. - Нэрт нийтлэлч Г. Галбадрахын төгөлдөр хуурч Б. Мөнгөнчимэгтэй хийсэн ярилцлага: Энд дарж унших - АНУ дахь UMON TV студийн нэвтрүүлэгч, сурвалжлагч Б. Уранчимэгийн бэлтгэсэн "Аяны дугараа" нэвтрүүлэг, 2011 оны 04 - р сарын 08 - ны 21 дүгээр эфир: Энд дарж үзэх Хөгжмийн театрын шүүмжич, доктор Б. Батжаргал
|
|
АНУ-Д ОРШИН СУУГАА НИЙТ МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД |
|
|
|
|
Мэдээ оруулсан Цэрэндорж
|
|
Пүрэв, 10-05-2012 09:47 |
 “Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох, тэдний саналыг авах журам”, “Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 31 дүгээр тогтоол”-ын дагуу АНУ-д оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдийг бүртгэх, санал авах Салбар комисс, сонгуулийн хэсгийг Вашингтон хот дахь ЭСЯ, Нью-Йорк дахь БТГ, Сан-Франциско хот дахь ЕКГ-т тус тус байгуулагдав.
Дээрх журмын 3.2, 3.2.1, 3.2.2-т заасны дагуу АНУ-д оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдийг бүртгэх ажиллагаа 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 5 дугаар сарын 30-ны өдрийг дуустал (Бямба, Ням гарагийг оролцуулан) 9:00-13:00, 14:00-18:00 цагийн хооронд Салбар комисст явагдана. Иргэд бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх эсвэл үндэсний гадаад паспортын хуулбартайгаар Вашингтон хот дахь ЭСЯ, Нью-Йорк дахь БТГ, Сан-Франциско хот дахь ЕКГ-ын аль нэгэнд биечлэн ирж, Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу доорх мэдээллийг өгч бүртгүүлнэ. Үүнд: 1. Сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр
2. Төрсөн он, сар, өдөр, нас, хүйс 3. Иргэний үнэмлэх эсвэл үндэсний гадаад паспортын дугаар, регистрийн дугаар 4. Монголд оршин сууж байсан хаяг /Үүнд: Харъяалагдах хот, аймаг, сум, дүүрэг, хороо, гудамж, байр, хаалганы дугаар/ 5. АНУ-д одоо оршин суугаа хаяг зэрэг болно. Бүртгэлд орсон иргэд 2012 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 7:00-20:00 цагийн хооронд бүртгүүлсэн сонгуулийн хэсгүүдэд ирж, саналаа өгнө.
Вашингтон хот дахь ЭСЯ
Хаяг: 2833 M Street, NW Washington, DC 20007 Утас: 202-333-7117
Нью-Йорк дахь БТГ Хаяг: 6 East 77 Street, NY 10075 Утас: 1-212-861-9460
Сан-Франциско хот дахь ЕКГ Хаяг: Suite 200, Merchants Exchange Building, 465 California Street, San Francisco, CA 94104 Утас: 1-415-622-4000
|
|
Консулын газараас ирүүлсэн мэдээлэл |
|
|
|
|
Мэдээ оруулсан Цэрэндорж
|
|
Лхагва, 09-05-2012 21:15 |
 СОНГУУЛИЙН САЛБАР КОМИССЫН ТУХАЙ
АНУ-д байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2012 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Ням гаригт 07.00 цагаас 20.00 цагийн хооронд авах болсонтой холбогдуулан Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газрын дэргэд иргэдийг сонгуульд оролцуулах, санал авах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий гадаад улс дахь сонгуулийн 33 дугаар Салбар комиссыг байгуулагдсаныг үүгээр Та бүхэнд мэдээлж байна.
Салбар комиссын зүгээс эхний ээлжинд Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуульд оролцох иргэдийн бүртгэлийг хийж, сонгогчдын нэрийн жагсаалт гаргах бөгөөд явцын болон шаардлагатай бусад мэдээллийг Ерөнхий консулын газрын вэб хуудсаар дамжуулан цаашид тогтмол хүргэж байх болно. Энэ удаад Салбар комиссын хаяг, ажиллах цагийн хуваарь болон бусад мэдээллийг өгч байна:
|
|
Баатар цолыг бага үндэстнүүдээс хэдэн хүн хүртэв |
|
|
|
|
Мэдээ оруулсан Цэрэндорж
|
|
Лхагва, 09-05-2012 20:24 |
 Дэлхийн II дайны халуун шугаманд эрэлхэг зоригтой тулалдан гарамгай гавъяа байгуулж ЗХУ-ын Баатарын алтан таван хошуу хүртсэн 11506 хүн байдаг ажээ. Эдний дотор монгол гаралтай хэдэн баатар байгааг харвал 8 Халимаг, 4 Буриад баатар төрөн гарчээ. Харин "бага"-уудаас хамгийн олон баатартай нь татарчууд юм байна, тэднээс 161 баатар төрж орос, украйн, белорусын дараа дөрөвт жагсчээ, би хувьдаа зөвлөлтийн бага үндэстнүүдээс хамгийн олон баатартай нь хасагуудыг байх гэж боддог байсан үгүй юм байна, гэхдээ тэднээс 96 баатар төрж татар еврей хоёр үндэстний ард 6 дугаарт бичигджээ. За тэгээд сонин тоон үзүүлэлт харагдана, жишээ нь уулын дагестан, тагнын тувачуудаас ганц ч баатар төрөөгүй юм байна, тэд тааруухан байлдаж явав уу аль эсвэл зориуд төрүүлсэнгүй юу!!!, Чеченчүүд угаасаа л Оросуудын эсрэг урваж явсан болохоор уртаашаа ганц баатартай байхад хажуу зэргэлдээ Чувашаас 44, Осетиноос 32, Башкираас 39, Кабардынаас 7, Абхазаас 5 баатар тодорч уулынхны нэрээ өндөрт өргөсөн байна. Гайхалтай нь молдовчууд 2 баатартай бол Якутаас 3 баатар төрсөн байна. За тэгээд баатарын ёсоор амь үрэгдсэн хичнээн олон эгэл цэрэг эрс энэ цолыг хүртэж чадалгүй өнгөрсөн бол доо. Дайны жилд төрсөн эдгээр баатрууд дунд эх оронч эрэлхэг Зоя Космодемьянская тэргүүтэй 87 охид бүсгүйчүүд орж байна.
Хүн төрөлхтний хүйтэн тахал фашизмын аюулыг сөнөөн дархад халуун амь бүлээн цусаа хайрлаагүй тэмцсэн эрэлхэг зоригт БААТАРУУД та бүхний гэгээн дурсгалыг мэхийн хүндэтгэе!
|
|
Москва: Улаан талбай 2012 он |
|
|
|
|
Өнөөдөр хүн төрөлхтөн фашизмыг ялсан өдөр |
|
|
|
|
Мэдээ оруулсан Цэрэндорж
|
|
Лхагва, 09-05-2012 10:16 |
 Өнөөдөр хүн төрөлхтний түүхэнд хамгийн их гамшиг сүйрэл тарьж үхэл хагацалд хүргэсэн дэлхийн II дайн дуусч энх амгалан цагийг авчирсан агуу их ялалтын баярын өдөр. Герман Итали Японы фашист милитарист бүлэглэлийг Орос Зөвлөлтийн арми АНУ, Англи, Франц зэрэг холбоотнуудынхаа хамтаар бутцохисноос хойш даян дэлхийг хамарсан дайн дажингүй 67 жил өнгөрчээ. Энэхүү баярын өдрийг монголын ард түмэн бид мартах учиргүй билээ. Монгол улс, монголчууд фашизмыг дархад хувь нэмэрээ оруулж фронтод туслах хөдөлгөөн орон даяар өрнөн хөлс хүч эд материалын хувьд тэр үедээ өөрсдийн бүх бололцоог дайчлан шавхаж байлаа. Ази тивд ноёрхолоо тогтоохыг санаархсан милитарист Японыг даран сөнөөхөд монголын ардын арми оролцож монгол хөвгүүд цусаа урсган амь хайргүй тулалдаж явсан түүхтэй. Тиймээ, бид бас фашизмыг ялсан ард түмэн. Өнөөдөр фашизмын үзэл сурталыг ухвар мөчидөөр ойлгон фашист билэг тэмдэгээр алд биеэ хучсан ахархан бодолтой хэсэг бүлэг залуучууд монголд мэр сэр үзэгдэн өнгөцхөн хийрхэл өрөөсгөл үзэл бодолоо ил тод тунхаглах боллоо.
Тэд фашизмын аюул гэгч юу болохыг, энэ ялалт хүн төрөлхтөнд ямар их үнээр олдсоныг, дайн дажин, дарийн утаа, үхэл хагацал, өнчрөл зовлон гэж ямар байдагыг төсөөлөх ч үгүй байж үндэсний үзлээр халхавчлан хийрхэж шинэ фашизмын уг үндэсийг эх оронд маань тарихыг санаархаж байна. Гэвч Монголд фашизмын тахал тархах хөрс суурь хэзээ ч үүсэхгүй залүү үе маань ямагт эрүүл саруул байж эх орон маань энх амгалан оршиж хөгжин дэвшинэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Эрх чөлөөт монголын иргэн танаа агуу их ялалтын баярын мэнд хүргэе!
2012.5.09
|
|
ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙХ ТУХАЙ |
|
|
|
|
Мэдээ оруулсан Цэрэндорж
|
|
Лхагва, 09-05-2012 08:39 |
 Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар 2012 оны 5 дугаар сарын 19-ний Бямба гаригт 13.00-15.00 цагт Оакланд хотын Вашингтон Инн зочид буудалд иргэдтэй уулзалт, яриа хийхээр болсныг үүгээр Та бүхэндээ мэдээлж байна. Энэхүү уулзалтаар ЕКГ-ын чиг үүрэг, үйл ажиллагаа, түүний дотор иргэдэд үзүүлэх консулын болон нотариатын үйлчилгээ, өнөөг хүртэлх хугацаанд хийсэн ажил, цаашид хийхээр төлөвлөж буй ажил, зорилтынхоо талаар танилцуулж, АНУ-д суралцаж, ажиллаж, амьдарч буй иргэдийн өмнө тулгамдаад буй асуудлаар иргэдийн санал хүсэлтийг сонсож, цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцох болно. Мөн УИХ-ын 2012 оны сонгуульд АНУ-д буй иргэд санал өгөх болсонтой холбогдуулан сонгуулийн бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар мэдээлэл хийнэ.
Иймд энэхүү арга хэмжээнд Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Уулзалт хийх хаяг: The Washington Inn Hotel 495 Tenth Street, Oakland, CA 94607 Ерөнхий консулын газар 2012 оны 5 дугаар сарын 9
|
|
Британий Монголчуудын Холбооны тэргүүн Д. Цэрэнбат |
|
|
|
|
Мэдээ оруулсан Цэрэндорж
|
|
Даваа, 07-05-2012 11:58 |
 1999 онд Цахим Өртөө Сүлжээ, 2005 онд Цахим Өртөө Холбоо, 2011 онд Цахим Өртөө Дээд сургуулийг үүсгэн байгуулсан, Цахим Өртөө Холбооны тэргүүн, Британий Монголчуудын Холбоо, Европын Монголчуудын Холбооны үүсгэн байгуулагч, тэргүүн Д. Цэрэнбатад гадаадад суугаа Монголчуудын төлөө хийж бүтээж ирсэн олон жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийг үнэлж Төр, ард түмнээс Алтан гадас одонгоор шагнажээ.
Д. Цэрэнбат нь дэлхий дахинд тархан суугаа монголчуудынхаа дуу хоолойг нэгтгэж, хэрэгцээт мэдээллээ шуурхай солилцох боломжийг бүрдүүлж, хилийн чанадад үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй олон арван Монгол иргэдийн холбоо, нийгэмлэг болон мэдээллийн вэб хуудсуудын эхлэл болсон Цахим Өртөө сүлжээг үүсгэн байгуулж, өнөөг хүртэл удирдан чиглүүлж байгаа бөгөөд Их Британи Улсад Монгол үндэстнийхээ түүх соёл, өв уламжлалыг сурталчлан таниулах талаар үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Монголын нийгэм, соёл, боловсролын салбарт нийгэмд тустай олон төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, улс орны хөгжилд хувь нэмэрээ оруулж ирснийг манай төр засаг ийнхүү үнэлжээ. Манай сэтгүүлийг үүсэн гарсан цагаас нь эхлэн бүх талаар дэмжин хамтран ажилласан Д. Цэрэнбат анддаа халуун баяр хүргэж америкийн баруун эргээс мэндчилгээ дэвшүүлж байна.
|
|
Бурхан Багшийн Төгс Гэгээрсэн өдрийг тэмдэглэх баяр ёслол |
|
|
|
|
Мэдээ оруулсан Цэрэндорж
|
|
Даваа, 07-05-2012 11:08 |
 Зуны эхэн сарын шинийн 15 нь Бурхан Багшийн Эхийн хэвлийд оршсон, Төгс гэгээрлийг олсон, Нирваан дүрийг үзүүлсэн гурван зохионгуй давхацдаг Бурхан Шашинтны хамгийн том тэмдэглэлт баяр юм. Энэхүү баяраа Монголын Бурханы Шашны “ЗАНАБАЗАР” төв уламжлалт ёсоор хүүхдийн баяртай хамтатган тэмдэглэх гэж байна. Баярын үйл ажиллагаа 2012 оны VI сарын 3-ний Ням гаригт Berkeley хотын Shorebird Park -д болно. Энэ удаагийн бидний баярт Монгол Гэгээн Ажаа Ринбүүчи морилж сургаал номоо айлдахаас гадна хүрэлцэн ирсэн сүсэгтэн олонд Бурхан Багшийн ариун лагшингийн эрдэнийн үрлээр (чандар) адис хүртээнэ. Хөтөлбөрт:
1. Ажаа Ринбүүчий багш болон лам хуврагууд Бурхан Багшийн сургаалаас айлдаж ном уншина. 2. Гэр төвийн “Би Монгол” сургуулийн авьяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолт болно. 3. Хүчит 32 бөхийн барилдаан болж Шагайн мэргэн харваачид цэц мэргэнээ сорино.
4. 3 насны хүүхдийн хүчит бөхийн барилдаан болно. 5. Гэр төвөөс 3 насны хүүхдүүдийн дунд спортын уралдаан тэмцээн зохионо. 6. Бурхан багшийн ариун лагшингийн эрдэнийн үрлээр адис хүртээж, Дээрхийн Гэгээн XIV Далай Багшийн үрэл утлага тараана. 7. Хүрэлцэнэ ирсэн хүүхэд багачуудад бэлэг өгнө. Байр шагнал: - Тэргүүн бөхөд Өргөмжлөл, Жагар Бурханы орноос залсан 8 inch шармал бурхан өргөнө. - Үзүүрлэсэн бөхөд Өргөмжлөл, Жагар Бурханы орноос залсан 6 inch шармал бурхан өргөнө. - Шагайн ганцаарчилсан харваанд түрүүлсэн мэргэнд бэлэг дурсгалын зүйлс гардуулна. - 3 насны хүүхдийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд бэлэг дурсгалын зүйлс гардуулна. - Хүүхдийн Гэр төвөөс спорт уралдаан тэмцээнд тэргүүлэн 1,2,3-р байр эзэлсэн хүүхдүүдэд өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйлс гардуулна. Бурхан Багшийн 3 зохионгуй давхацсан “Их Дүйцсэн” өдрийн баярт элэг нэгт монголчууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Эхлэх цаг: 2012 оны VI сарын 3-ний Ням гаригийн 10 цагт эхэлнэ. Мэргэжлийн тогооч Оюун-Гэрэл хоол ундаар үйлчилнэ. Болох газрын хаяг: 160 University Avenue, Berkeley CA 94720
Зохион байгуулагчид МБШ-ны Занабазар төв, БАМХолбоо, Хүүхдийн Гэр Төв, Оюутны Холбоо. Жич- Бидний үйл ажиллагаанд даган баясаж өглөг, хандив өргөх болон хамтран ажиллах, дэмжих сонирхолтой хүмүүс дараах утсаар холбоо барина уу.
Баасандорж лам утас: 916-752-5771. email:
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү
БАМХ-ны тэргүүн Хишигбаяр утас- 415-596-9541. Гэр Төв Батзориг утас: 415-632-2502.
|
|
|
|
|
|
|